Энэтхэгийн төрийн эсрэг ард түмэн босч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн төрийн эсрэг ард түмэн босч байна

Авилга, хээл хахууль Энэтхэгийн нийгмийн бүхий л давхаргад нэвчиж, авилгад автсан 178 орныг индексээр нь жагсаасан 2010 оны Олон улсын ил тод байдлын тайланд Энэтхэг улс 87-д оржээ. Жишээ дурьдахад, 2010 оны Хамтын нийгэмлэгийн орнуудын наадмыг зохион байгуулсан Энэтхэгийн өндөр албан тушаалтан Суреш Калмади тэмцээний цаг, оноо, дүнгийн системийг Швецарийн компаниас өндөр үнээр худалдан авсан гэсэн үндэслэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд дуудагдсан. Мөн Энэтхэгийн харилцаа холбооны яамны сайд асан А.Ража болон бусад хэд хэдэн холбогдох өндөр албан тушаалтнууд нийлж хэдэн тэрбум ам.долларын гар утсыг зах зээлийн ханшнаас доогуур худалдаж, мөнгийг нь хувьдаа завшсан хэргээр 2008 онд шүүхэд дуудагдаж байсан.

Харин дээр, дооргүй, эх захгүй үүсч дартагшсан хахууль, лобби, авилгыг эсэргүүцсэн дуу хоолой Энэтхэгт сүүлийн үед чангарч эхэлжээ. Энэ хүрээнд өдгөө 72 настай Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Анна Хазарагаар удирдуулсан бүлэг тэмцэгчид жагсч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Авилгалыг эсэргүүцэн жагсагчид улс төр, цагдаа хүчний зүгээс тавьсан 22 шаардлагыг хүлээж аваагүй тул жагсаалыг удирдаж байсан ноён Хазара болон бусад долоон жагсагчдыг мягмар гаригт баривчлан саатуулжээ. Шүүхээс Хазараг батлан даалтаар суллахаас татгалзсан хариу өгсний дараа тэднийг шоронруу ачсан байна. Хазараг мягмар гаригт баривчлах үеэр тэрээр авилгалын эсрэг тэмцэх хүчээ нэмэгдүүлэх зорилгоор өлсгөлөн зарлахаар төлөвлөсөн тухайгаа мэдэгдсэн юм. Анна Хазарагийн сууж буй шоронгийн гадна түүнийг дэмжсэн хэдэн зуун иргэд лхагва гаригт цугларч, “Бид үхсэн ч тэмцэлдээ үнэнч байх болно. Бид эндээс хаашаа ч хөдлөхгүй” гэж мэдэгдэцгээж байна. Тэд Хазараг суллахыг шаардаж байгаа ч удирдлагууд түүнийг суллахаас татгалзсаар байна. Харин түүнийг Нью Дели хотод хоёр долоо хоногийн турш өлсгөлөн зарлахыг зөвшөөрсөн бөгөөд тэрээр пүрэв гаригийн үдээс хойшоос эхлэн өлсч эхлэх аж.

Нийгмийг өөрчлөн байгуулагч Анна Хазара саяхныг хүртэл үндэстэн даяар танигдаж амжаагүй байсан ч Энэтхэгийн засгийн газарт нэвт нэвчсэн авилгалын эсрэг тэмцэж эхэлснээр тэрээр авилгатай тэмцэх үндэсний бэлгэ тэмдэг болсон юм. Хазара өнгөрсөн дөрөвдүгээр сард Нью Дели хотноо таван өдрийн турш өлсгөлөн зарласан бөгөөд улмаар Энэтхэгийн ерөнхий сайд хээл хахууль авагчдын эсрэг удаан хугацаанд хүлээгдсэн хууль тогтоомжийг батлан гаргахаа амласнаар тэрээр өлсгөлөнгөө зогсоожээ. Харин холбооны засгийн газраас боловсруулсан хуулийн төслийг авилгатай тэмцэх бүлгэм хээл хахуульд архагшсан нийгмийг цэвэрлэхэд хангалтгүй гэж үзээд эсэргүүцсэн юм.

Цаашид Хазараг дэмжигчдийн тоо улам өсөх хандлагатай байгаа ба иргэд өдөр тутмын амьдралдаа авилгатай тэмцэхээр “ipaidabribe.com” нэртэй вебсайтыг байгуулаад байна.

Харин Энэтхэгийн ерөнхий сайд авилгатай тэмцэх гарцыг хайж олохоос илүүтэй Хазарагийн байр суур, тэмцэгчдийн цаашдын үйлдэлд илүүтэй анхаарч байна.

Энэ удаа Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх Хазара болон түүний нөхдийг баривчилсныг зөв үйлдэл болсон хэмээн лхагва гаригт парламентын өмнө мэдэгдэж, хууль тогтоогчид, төрийг шүүмжилсэн түүнд төр төмөр нүүртэй гэдгээ харууллаа. Гэхдээ ноён Сингх авилгатай тэмцэх тал дээр зөвхөн нэг бус цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж