БНСУ-д ажиллах 9957 иргэн шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллах 9957 иргэн шалгалт өгнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар өнгөрөгч долдугаар сарын 26-28-ны өдөр аймаг, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 9957 иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн  ба солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ирэх есдүгээр сарын 3, 4-нд Улаанбаатар хот, Завхан, Ховд аймгуудад тус тус авахаар болсон талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас өнөөдөр мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга Баярсайхан, Хөдөлмөрийн биржийн Зангад, БНСУ-ын Хүний нөөцийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Юү Мён Сү нар оролцсон юм.

Шалгалтыг  нийслэлд  тав, орон нутаг  хоёр газар зохион байгуулна

Улаанбаатар хотоос шалгалт өгөхөөр бүртгүүлэгсэд олон байгаа учир есдүгээр сарын 3, 4-ний өдрийн үдээс өмнө, үдээс хойш шалгалт авахаар болжээ. Нийслэлд таван сургууль дээр шалгалтыг зохион байгуулах юм байна.

  • Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн А байранд нийслэл болон Булган аймгийн 114 иргэн, нийт 1845 хүн шалгалт өгөх аж.
  • Харин Баянгол дүүргийн 113 дугаар дунд сургуулийн байранд Орхон, Өвөрхангай,Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Багануур, Баянгол дүүргээс бүртгүүлсэн нийт 1905 иргэн солонгос хэлний шалгалтад хамрагдах юм байна. 
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр дунд сургууль дээр Архангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Дорноговь аймаг, Налайх, Багахангай, Сүхбаатар дүүргээс бүртгүүлсэн 1946 иргэн, 
  • Чингэлтэй дүүргийн V дунд сургуулийн байранд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 1874 иргэн, 
  • Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургууль дээр Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан дүүргийн 1951 иргэн тус тус шалгалтаа өгнө.

Дээрх таван сургууль дээр иргэд хоёр өдрийн турш  шалгалтаа өгөх юм байна. Сануулахад, иргэд өөрсдийн кодоороо хэдэнд, хэдэн цагаас, ямар ангид  шалгалт өгөхөө мэдэх боломжтой юм.  Түүнчлэн,

  • Хөдөө орон нутагт Завхан аймгийн Улиастай хотын Нэгдүгээр  дунд сургуулийн  байранд  Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн 327 иргэн,
  • Ховд аймгийн МСҮТ-ийн байранд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 108 иргэн есдүгээр сарын 3-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх албан ёсны хуваарь гарчээ. 
Шалгалт 70 минут үргэлжилнэ

Иргэд шалгалтад ирэхдээ бүртгүүлсэн өдөр,бүртгэсэн газраас олгосон шар хуудас, гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, хар өнгийн тосон болон үзгэн бал  авч ирэх хэрэгтэй. Шалгалт унших , сонсох хэсгээс бүрдэх бөгөөд 70 минут үргэлжлэх юм байна. Шалгалтын хуудсыг нэг хүнд нэгийг л тарааж,  санамсаргүй байдлаар алдаа гаргасан тохиолдолд дахин хуудас олгохгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулсан юм. Мөн цагаас хоцрох, хуулах арга хэрэглэх бол шалгалт өгөх боломжгүй гэдгийг ч сануулж байлаа. Шалгалтын дүнг есдүгээр сарын 19-нд зарлаж, онооны дарааллаар эхний 3000 хүний нэрийг  БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршуулах ажээ.

Шалгалтын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлахаас гадна Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын зарлалын самбар, www.hh.gov.mn вэб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны www.eps.go.kr  зэрэг  вэб сайтуудад мэдээлэх юм байна. Шалгалтад тэнцсэн иргэдэд ирэх  есдүгээр сарын 30-ны өдрөөс хойш батламж олгохоор болжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж