Улаан асрын зүүд (106-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (106-р бүлэг)

Улаан асрын зүүд (106-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э

 


Зуун зургадугаар бүлэг

ХӨНГӨН БЭР УРШИГ ТАТАН ИЧГҮҮР СОНЖУУРЫГ ХҮЛЭЭЖ, ХӨГШИН ХАТАН ТЭНГЭРТ НАМАНЧИЛЖ ГАЙ ЗОВЛОНГ АРИЛГАВ

Өгүүлэх нь: эхийгээ тун аюултай боллоо гэж сонсоод Жя Жөн яаран орж үзвэл, Жя Мү цочиж айснаас амьсгал нь зангираад ирэхээр Ван Фүрэнь, Юань Янг дуудан, хийг тарааж, сэтгэлийг амаржуулах үрэл уулгасанд аажмаар засарсан боловч сэтгэл нь шаналсаар нулимс унагасаар байлаа. Жя Жөн дэргэд нь ирээд:

Үр ач нар болсон бидний уршгаар гай дуудаж, Лао тайтайг цочоожээ. Лао тайтай сэтгэл тайван байвал хөвгүүд бид гаднахаа аргацаана. Лао тайтай хэрэв ийм тийм болбол хөвгүүд бидний нүгэл улам зузаарна гэж ятгасанд Жя Мү:

-Би ная гартлаа охин байснаас аваад эцгийн чинь гар дээр ирээд өвөг дээдсийн ивээлээр ийм явдлыг ер үзсэнгүй. Одоо өтлөөд та нарынхаа мууг үзсэн тул яаж зовохгүй байхав. Харин нүдээ аньвал дээр болно гэсээр бас уйлав.

Жя Жөн ихэд сандарч байтал гаднаас “Лаоег залж байна. Дотоод ордоноос мэдээ иржээ” гэв. Тэрбээр яаран гарч ирвэл, харин умарт Жюань вангийн жагсаалын түшмэл зогсож байв. Тэрбээр “Их баяр болжээ” гэсэнд Жя Жөн талархан ёсолж жагсаалын түшмэлийг залж суулгаад “Вантанаас ямар захиа зарлал байна вэ” гэж асуулаа. Мөнөөх түшмэл:

-Манай ван бол барууны төвшитгэгч вантай дотор орж эрхэм таны айн эмээж байх сэтгэл ба тэнгэрийн хишигт сүсэглэн мөргөж байх зэргийг цөмийг таны өмнөөс айлтгажээ. Эзэн хаан ихэд өршөөл үзүүлэн бас хатны таалал төгсөөд удаагүйг бодож ял тулгасангүй. Хишиг хүртээж мөн угийн үйлдэх яамны туслагчийн ажлыг хийтүгэй. Хураасан хөрөнгө хогшлын тухай, ганцхан Жя Шөгийн хувийг албанд хураахаас бусдыг цөмийг буцаан өгсүгэй. Бүх сэтгэлээр тушаалдаа хичээтүгэй хэмээн зарлиг буулгажээ. Хураан авсан зээллэгийн дансны тухай манай вантаныг буцаан тодорхойлтугай хэмээн зарлиг болжээ. Хуулийг зөрчсөн их хүүтэй зээллэгийг цөм тоо ёсоор албанд хурааж, тогтсон тоо ёсны хүүтэй зээллэг ба гэр тарианы гэрч бичгийг цөм буцааж өгнө. Жя Ляний тушаалыг огцруулаад яллахгүй тавина гэсэнд Жя Жөн сонсоод босож тэнгэрийн хишигт мөргөн талархаад бас ван ноёны ач хишигт ёслон талархав. Тэгээд:

-Урьдаар жагсаалын түшмэл та миний өмнөөс талархал айлтгах болов уу. Маргааш өглөө хааны ордонд хүрч хишигт мөргөхийн хамт вангийн ордонд хүрч мөргөнө гэв. Тэгээд жагсаалын түшмэлийг явсны дараа удалгүй хааны зарлигийг уламжлан хэрэг шийтгэгч түшмэл нь зарлигыг журамлан нэгд нэгэнгүй байцаан тодорхойлж албанд хураахыг нь хурааж, буцаахыг нь буцааж өгөв. Жя Лянийг тавьж гаргаад Жя Шөгийн доорх эр эм зарцыг цөм дансалж албанд хураав.

Хөөрхий Жя Ляний гэрийн юм нь, тогтсон ёсоор тавьсан зээллэгийн бичиг баримтыг буцааснаас гадна бусдыг нь хэдийгээр цөмийг албанд хураагаагүй боловч нэгжин байцаагч хүмүүс цөмийг булаагаад гэр зуурх зардал хэрэгслийн төдий үлдээжээ. Жя Лянь эхэндээ яланд орохоос айж, сүүлдээ тавигдаад маш их завшаан болжээ. Өөрийн олж хуримтлуулсан эд ба Фөн Жегийн нөөцтэй нийт зургаа, долоон түмэн лан мөнгө байсан нь одоо хоромхон зуур үнс болсныг бодоод яаж зовохгүй байж чадах вэ. Ялангуяа эцэг нь одоо торонд хоригдож, эхнэрийн өвчин бас хүнд байх тул тэсгэлгүй эмгэнэн зовно. Жя Жөн бас нүдэндээ нулимстай түүнийг дуудаж: “Би албаны тушаалыг хүлээсэн тул гэрийн явдлыг төдий л хамаарч чадсангүй. Танай эр эм хоёроор гэрийн явдлыг хариуцуулсан. Эцгийн чинь явдлыг ятган хориглоход хэцүү. Тэр их хүүтэй мөнгийг хэн тавьсан юм бол? Энэ чухам манай мэтийн хүмүүсийн хийх ажил биш юм. Одоо улсад хураагдсан зоос мөнгө ч яая гэхэв. Энэ их муу нэрийг яах вэ? гэв. Жя Лянь сөгдөн:

-Ач хөвгүүн би, гэрийн явдлыг хамаарахдаа, гоёч сэтгэл ер өвөрлөсөнгүй. Орлого зарлагын данс харыг цөм Лай Да, Ү Шиньдөн, Дай Лян нар барьж байсан тул Лаое тэднийг дуудаж асуух болов уу? Энэ хэдэн жил сангийн мөнгө гарах нь их, орох нь бага байлаа. Хэдий төлбөр гараагүй боловч хэдэн газраас нилээд мөнгө зээлсэнийг Лаое тайтайгаас асуувал тодорхой мэднэ. Тэр зээллэгийн мөнгийг ач хөвгүүн би хүртэл хаанаас гаргасныг мэдэхгүй. Жөү Рүй, Ван эрээс асуувал мэдэж болно гэж хэлэв. Жя Жөн:

-Чиний ярихаар бол өөрийн гэрийн доторх учрыг хүртэл мэдэхгүй тул бүх гэрийн их бага явдлыг нэн мэдэхгүй болой. Би одоо чамаас асуухгүй. Чи одоо ажил явдалгүй хүн болсон тул эцгийнхээ явдал, Жэнь ахынхаа явдлыг хурдан явж сураглаж үзэхгүй юү гэсэнд Жя Лянь цээж дүүрэн гомдолтой, нүдэндээ нулимастай хүлээж аваад явав.

Түүнийг гарсаны дараа Жя Жөн дахин дахин санаа алдсаар дотроо: “Өвөг эцэг минь, түмэн наст эзэнд төв чигчээр хичээн зүтгэсээр гавъяа байгуулаад үе залгамжилсан тушаал хоёрыг олсныг одоо хоёр гэрээрээ ялд унаж цөм огцорчээ. Эдгээр үр ач нарын дотор олигтой юм нэг ч үгүй. Тэнгэр минь, бурхан минь! Манай Жя овогтон яагаад ингэж доройтож гүйцнэ вэ! Богд эзэн надад онц өршөөлийг хүртээж гэр хөрөнгийг буцаан өгсөн боловч хоёр айлын зардал хэрэгслийг нэгтгэн нийлүүлбэл би ганцаар яаж аргацааж чадах вэ! Саяын Лянь Эрийн хэлсэн үг нэн гайхалтай. Сан хөмрөгт мөнгөгүйгээр барахгүй, өр төлбөрт унажээ. Энэ хэдэн жил нэгэнт хоосон нэр төдий болсон ажээ. Би өөрөө яагаад энэ мэт мунхарсан хэрэг вэ? Миний Жя Жу хөвгүүн амьд байсан бол бас нэг мөрний тус болох байсан юм. Бао Юй хэдий том болсон боловч огт хэрэггүй юм боллоо” гэсээр унагасан нулимсаараа энгэрээ дэвтээв. Цааш нь бас л Лао тайтайгаа ийм их насалтал хүүхэд бид нар нь нэг өдөр ч олигтой асарч чадсангүй. Харин эхийгээ үхтэл нь зовоосон түмэн нүглийг би хэн рүү түлхэх вэ гэж бодоод гашуудав. Түүнийг ийнхүү ганцаараа эмгэнэн гэнээрхэж байтал гэрийн хүмүүс ирж: “Ах дүү садан уулзахаар иржээ” гэв. Жя Жөн тэдэнтэй уулзаж ёслон талархав. Тэгээд:

-Би үр ач нараа хүмүүжүүлж чадсангүйгээс үүд өрх бууран доройтоход хүрлээ гэвэл зарим нь:

-Эрхмийн ах Жя Шө Лаоегийн явах хийх нь зохисгүй ээ. Тэртээ хүрээний Жэнь абугай нэн дураар гэгчийг би хэдийнээ мэднэ. Албаны явдалд алдаа гаргасан бол бас гомдох явдалгүй. Одоо өөрөө хэрэг тариад бас Эр Лаоед уршиг болж байна гэхэд бас зарим нь:

-Хэрэг гаргадаг хүн олон болжээ. Гэтэл байцаагч айлтгасан ч үгүй. Жэнь абугай нөхөдтэйгээ муудалцсангүй бол юуны энэ хэмжээнд хүрэх вэ гэнэ. Бас нэг нь:

-Байцаагч түшмэлд гомдох юм байхгүй. Танай ордны зарц нар хэдэн золбин этгээдтэй нийлж гадагш яриа гаргав гэж сонслоо. Байцаагч түшмэл, эзэнд айлтгахдаа үнэн байдлыг олж мэдэхийн төлөө эндэхийн хүнийг аваачиж аргадаад сая олж сонсчээ гэсэн яриа ч байна. Танай ордны хүн, албат доорддоо асар сайн байж байтал бас яагаад ийм явдал гаргадаг юм бэ гэнэ. Зарим нь бүр ширүүсэх янзтай.

-Боолуудыг нэгийг ч итгэж болохгүй. Өнөөдөр энд садан төрөл, сайн ах дүүс байгаа болохоор би шууд хэлье. Эрхэм таны гадаа хөдөө албанд байх үеийн нэр цуу ч төдий сайнгүй байна. Та бол ашигт дургүй. Гэлээ ч Та боолууд хэрэг гаргахаас сэргийлбэл зохих байсан. Одоо хэдийгээр таны гэр орныг хөндөөгүй боловч дээд эзэн хэрэв гэнэт сэжиг төрвөл бас их төвөг болно гэв.

Жя Жөн тэдний яриаг сонсоод сандарч:

-За та нар минь, миний тухай юу сонсов гэсэнд, цаадуул нь:

-Бид хэдий үнэн баримт үзээгүй боловч гадуур хүмүүс таныг хүнсний доолийн тушаалд байхдаа дорх үүдний зарцаараа зоос авахуулдаг гэж сонссон гэсэнд Жя Жөн:

-Үүнийг би тэнгэрт ам алдан хэлж болно. Ийм бодол ерөөсөө орсонгүй. Боолууд гадна эс бусаар аашилж хэрэг гаргасан бол би яана гэв. Цаадуул нь:

-Нэгэнт ийм болсон үед одоо айгаад ч тусгүй. Харин мэдээчин нараа нэг удаа чанга шалгаад, эзнээ эсэргүүцэгч боол байвал чанга шийтгэж болох юм гэцгээв. Жя Жөн толгой дохив. Энэ үед үүдний хүн ирж:

-Сүнь овогт хүргэнээс хүн илгээж, тэр ажилтай учир хүн илгээсэн гэнэ. Да Лаоегийн зээлсэн мөнгийг Эр Лаоегаас авна гэнээ гэсэнд Жя Жөн дотроо бухимдавч “Мэдлээ” гэв. Наадуул нь хүйтнээр инээж:

-Хүмүүс, эрхмийн хүргэн Сүнь Шао Зүг адгуус гэдэг нь үнэн юмаа. Хадам эцэг нь хөрөнгөө хураалгаад байхад ирж, харж харгалзан туслахын оронд авцаагаа авах гэж яарч байдаг үнэхээр ёсгүй амьтан юм гэсэнд Жя Жөн:

-Одоо түүнийг яриад яахав. Манай ах буруу хүнд охиноо өгсөн юм. Ач охиныг минь тамалж байгаад одоо найнайг эрж ирж байгаа юм байжээ гэв.

Ийн ярилцаж байтал Шюэ Кэ орж ирээд “Би торгон Цэргийн яамны Жао түшмэлээс асуувал байцаагч түшмэлийн айлтгасан ёсоор шийтгэнэ гэнэ. Да Лаое, Жэнь даяа хоёр тэсэхгүй байж мэднэ” гэсэнд хүмүүс Эр Лаое та өөрийн биеэр Ван ноёнтой уулзан гуйж, ямар нэг арга сүвэгчилбэл дээр. Үгүй бол энэ хоёр дуусахад хүрнэ шүү” гэв. Жя Жөн тэдэнд талархаад “Мэдлээ” гэж хүлээн зөвшөөрөв. Дэн асахын үеэр Жя Жөн эхийнхээ мэндийг асууж орвол овоо дээрдсэн байв. Гэртээ хариад Жя Лянь эр эм хоёрын муухай зан гаргаж, мөнгө тавьсан хэрэг гараад олны нэр нүүрийг бузарласан явдалд гомдож ихэд бухимдав. Гэвч Фөн Же өвчтэй, хөрөнгөө сүйтгүүлээд зовж байгаа тул түүнийг зэмлэж чадсангүй тэсээд хоносныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Маргааш нь Жя Жөн дотоод ордонд орж хишигт мөргөөд Умарт болон барууныг төвшитгэгч вангийн ордонд очиж мөргөн талархаад, ах болон ач хөвгүүнийг харгалзан хайрлах болов уу гэж гуйсанд хоёр ван хүлээн тогтоов. Дараа нь үеийн сайн нөхөдтэйгээ уулзаж гуйв.

 

***

Эцэг, ах хоёрынхоо явдлыг төдий л урагшгүй байгааг мэдээд Жя Лянь гэртээ ирвэл, Пин Эр, эзнээ сахин уйлж, Чю Тун хажуугийн өрөөнд Фөн Жед гомдож байв. Жя Лянь, Фөн Жегийн дэргэд очвол арай амьсгаатай төдий байхад нь юм ярьж болсонгүй. Пин Эр уйлж: “Одоо нэгэнт ийм болж, алдсан юмаа буцааж олохоос өнгөрчээ. Найнай ийм болсон тул эмч залж үзүүлье” гэсэнд Жя Лянь түй гээд “Аминдаа зөвгүй болсон би түүнд яаж тусална” гэв.Фөн Же энэ үгийг сонсоод нүдээ нээсэн боловч дуугаралгүй уйлав. Жя Лянийг гарахаар Пин Эрд “Чи цагийг мэдэх хэрэгтэй. Энэ хэмжээнд хүрсэн байтал намайг анхаарч юү хийнэ. Чадвал энэ өдөртөө би үхье. Чи намайг мартахгүй байж, намайг үхэхээр Чяо Жег өсгөж өгвөл эрлэгийн ордонд очоод чамд сүсэглэнэ гэсэнд Пин Эр бүгшин уйлав. Фөн Же:

-Чи тэнэг хүн биш. Тэд хэдий ирж зэмлээгүй боловч над эрхэтгүй гомдож байгаа. Явдал нь хэдий гаднаас үүссэн боловч би мөнгө тавиагүй бол надад хамаагүй болой. Сэтгэл санаагаа талаар зовоож нэг насаараа хүний түрүүнд гарахаар чармайсаар эцэс сүүлдээ хүний адаг боллоо. Би бас Жэнь даяагийн явдлыг мөлт мөчид сонсвол, эгэл ардын эхнэрийг булааж татвар болгоно гэж шахаж байгаад үхүүлсэн гэнэ. Дотор нь нэг Жан овогт хүн бий гэнэ. Бодвол өөр хэн байна? Энэ хэргийг шүүж гаргавал манай Эр Еэ ч холбогдоно. Тэр үед би яаж хүний нүүр харнаа. Би энээхэн агшинд үхье гэвэл хор идэж, алт залгисан нэр зүүнэ. Чи бас эмч зална гэх нь намайг санасан биш хорлосон явдал болох бишүү гэв. Пин Эр сонсох тусмаа уярч, бодвол үнэхээр хэцүү тул Фөн Жег болчимгүйтэхээс болгоомжилж чандлан сахиж байлаа.

Энэ бүхнийг Жя Мү мэдээгүй л байв. Ойрноос бие нь бузгай болжээ. Жя Жөн ч хэрэгт орсонгүй. Бао Юй, Бао Чай хоёр өдөр бүр дэргэд нь байсан тул сэтгэл нь баахан амарчээ. Ерөөсөө Фөн Жед их хайртай учраас Юань Янд: “Миний хувийн нөөцөөс Фөн Жед бааханыг аваачиж өг. Пин Эрд бас мөнгө өг. Фөн охиныг сайн асраг. Би дахиад ч өгнө” гэж захиад бас Ван Фүрэнь, Шин Фүрэнь хоёрыг сайн харж бай гэж хэлэв. Энэ хэр Нин Гуофү ордныг албанд хурааж, бүх гэр хүрээ, газар тариа, гэрийн боол зарц нарыг цөм данслан хураажээ. Тийнхүү Жя Мү тэрэг явуулж, Ёу хатан эх, бэр хоёрыг авчруулав. Хөөрхий хөгжин бадарсан Нин Гуофү ордонд ганц энэ эх бэр хоёр хийгээд Пэй Фөн Ше Луань хоёр зарц үлдсэнгүй. Жя Мү Ши Чүний суудаг гэрийн хажуугийн байрыг өгч хоёр шивэгчин, дөрвөн эмгэнээр асруулав. Идэж уух зүйлийг цөмийг хоолны гэрээс өгүүлэх болгов. Наад захын аар саар зүйлийг дансны гэрээс цөмийг Рүн Гуофүгийн хүмүүсийн сарын мөнгөний ёсоор гаргуулав. Жя Шө, Жя Жөнь, Жя Руний торгон цэргийн яаманд хэрэглэх мөнгийг дансны гэрээс гаргах арга олсонгүй. Одоо Фөн Же юмгүй болжээ. Жя Ляний хийсэн өр үснээс арвин болжээ. Жя Жөн гэрийн явдлыг мэдэхгүй зөвхөн: “Нэгэнт хүмүүсээс гуйлаа. Арга нь олдох байгаа” гэжээ. Жя Лянь арга ядахдаа, төрөл саднаасаа зээлье гэвэл Шюэ Има хэдийн доройтоод, Ван Зытөн нэгэнт үхжээ. Өөр садан төрлийнхөн байвч цөм туслах чадалгүй тул сэм хөдөө хүн илгээж газар тариалангаа хэдэн мянган лан мөнгөөр худалдаж шоронгийн зардалд хэрэглэв. Жя Ляний ийнхүү үйлдсэнийг үзээд гэрийн боолууд нь бас доройтсоныг далимдуулан заль гаргаж зүүн тосгоны түрээсийг эзний нэрээр зээлэн хэрэглэжээ. Энэ тухай хожим өгүүлнэ.

Жя Мү өвөг дээдсийн үе залгамжилсан тушаалаа алдаж үр хүүхэд нь шоронд хэвтэн, Шин Фүрэнь, Ёу хатан хоёр өдөр шөнөгүй уйлалдаж, Фөн Же цагаа хүлээн хэвтээд Бао Юй, Бао Чай хоёр хэдий дэргэд нь ятган хоригловч сэтгэлийн зовлонг нь хуваалцаж чадахгүй болсныг үзээд өдөр шөнөгүй зовж энэ тэрийг бодсоор нүд хуурайгүй болжээ.

Нэг үдэш Бао Юйг гэрт нь хариулаад өөрөө босож Юань Янгаар бурхан сахиусанд хүж асаалгаж, бас өөрийн хүрээндээ багц хүж шатаалгаад, таягаа тулсаар хүрээндээ гарч ирэв. Лао тайтайгийн бурханд мөргөх гэснийг мэдээд Хуба мөргөлд хэрэглэх том улаан эсгий гарган дэвсжээ. Жя Мү хүч асаан сөгдөж удтал мөргөөд маани уншиж нулимс мэлтэлзүүлсээр тэнгэр газарт залбиран даатгаж:

-Дээд хаан хурмаст тэнгэр минь, Жя өрхийн Шы овогт би, үнэн зүрхний угаас залбиран даатгахыг энэрэн өршөөж айлдан соёрхму. Манай Жя овогтон хэдэн үеэр аймшиггүй харгис хэрцгий явсангүй. Би хөвгүүнээ хавсарч хэдий сайн үйлдэж чадсангүй боловч аймшиггүй нүгэл хураагаагүй билээ. Хойчийн үр хүүхэд лавтай самуун садар харгис хэрцгий явж бүрэлгэн сүйтгэсээр гэр хөрөнгөө хураалгахад хүрсэн байхаа. Одоо үр хүүхэд шоронд ороод сайнаа үзэж чадахгүй болсон нь цөм миний үр хүүхдээ сургасангүйн ял нүгэл болой. Одоо шоронд байгсдыг аюулаас аварч, өвчтэнийг эртхэн эрүүл болгож хайрламуу хэмээн залбиран мөргөнө. Бүх гэрийн ял нүгэлийг би дуртайяа ганцаар хүлээе. Үр хүүхдийг минь аврах болтугай. Дээд тэнгэр минь үнэнч сэтгэлийг айлдан соёрхвол эртхэн намайг эрлэгийн оронд аваачиж үр хүүхэд ач нарын ялыг хэлтийлгэх ажааму хэмээн сэмхэн наманчлаад тэсгэлгүй уярч бүгшин шагшин уйлав. Юань Ян ятган хориглосоор гэрт түшин оруулав.

Энэ үед Ван Фүрэнь, Бао Юй, Бао Чай хоёр ирж үдшийн мэнд мэдэв. Жя Мугийн эмгэнэн гашуудаж байхыг үзээд гурвуул уйлцгаав. Бао Чайд бас нэг давхар зовлон байх нь, ах нь хөдөө газрын шоронд хэвтэж байх бөгөөд хожим хөнгөн шийтгүүлэх эсэхийг мэдэхгүй. Хадам эцэг эх нь хэдий иймээ тиймээгүй боловч айл гэрийн амьдрал өдөр ирэх бүр доройтох тийшээ ханджээ. Бао Юй ч мөн тэнэг солиотой хэвээр байсаар тул хожмын нэг насны явдлаа санаад Жя Мү, Ван Фүрэнь хоёроос ч илүү эмгэнэлтэйгээр уйлав. Бао Юй, Бао Чайгийн ийнхүү эмгэнэн гаслахыг үзээд бас уярав. Бодвол, Лао тайтай насжаад сэтгэл амаргүй болсныг Лаое, тайтай хоёр үзээд эмгэнэн зовохгүй байж чадахгүй. Олон эгч дүү нар нь үүл манан мэт бутран арилаад өдрөөс өдөрт цөөрчээ. Хүрээлэнд цуглаан байгуулж шүлэг уянгалуулж байснаа бодвол юутай хөгжөөнтэй бай вээ. Линь дүүг үхсэнээс хойш би зовсоор одоо хүрээд Бао эгч үргэлж дэргэд байх учир дандаа уйлж болохгүй. Тэр бас ах, эхийнхээ төлөө зовж өдөр шөнөгүй царай дарж явна. Одоо энд үхэтлээ зовж байхыг үзвэл, сэтгэл төвдөх аргагүй гээд дуу тавин уйлав. Түүнийг хараад шивэгчид ч бас нулимс унагав. Тэр байтугай зарц охид ч уйлалдав. Ятган хориглох хүнгүй болохоор гэрээр нэг уйлалдаж тэнгэр газрыг донсолгосонд манааны эмгэд айгаад сандарч Жя Жөнд мэдүүлэв.

Тэрбээр бичгийн гэртээ арга алдран зовж байтал Жя Мүгийн гэрийн хүний хэлэхийг сонсоод нисэх мэт гүйн очив. Олон хүн уйлалдахыг сонсоод, Лао тайтай болохгүй болж гэж бодоод сүр сүлд нь нэгмөсөн буурав. Тэгэвч яаран орвол эх нь уйлаад сууж байлаа. Санаа амраад: “Лао тайтайгийн сэтгэл зовбол та нар тайтгаруулах байтал юунд нийлэн уйлалдав” гэсэнд бүгд уйлахаа болиод дэмий л бие биеэ харж гөлөрнө. Жя Жөн ээжийгээ тайтгаруулаад хэдэн үг хэлж тэднийг зэмлэв. Тэд дотроо: “Бид Лао тайтайг зовуузай гэж аргадахаар ирээд юунд тэрнээ мартаад уйлалдсан юм бол” гэж бодов. Ийнхүү гайхалдаж байтал зарц эмгэд Шы овогтны гэрийн хоёр эхнэрийг дагуулан ирж, Жя Мүгийн мэнд мэдсэний дараа тэд:

-Манай Лаое, тайтай, авхай нар биднийг илгээж, үг хэлүүллээ. Танай ордны хэрэг гайгүй. Энэ бол цочоосон төдий л юм. Лаое, тайтайг зовуузай гэж хэлүүллээ. Эндхийн Эр Лаое хамаагүй гэнэ. Манай авхай өөрөө ирэх санаатай байсан боловч хэдэн өдрийн дараа харьд очихоор явах тул ирж чадсангүй гэснийг сонсоод Жя Мү:

-Чи хариад миний өмнөөс мэнд хүргэгтүн. Энэ бол манай гэрийн улирал буурсаны учир болой. Танай Лаое, тайтай нар ийнхүү бодож ирсэнд хожим уулзаад таларханаа. Танай авхай харьд очих болсонд, бодвол хүргэн нь яриад байх зүйлгүй байхаа. Тэдний гэрийн ашиг орлого нь хэр зэрэг байна даа… гэж асуусанд хоёр эхнэр:

-Ашиг олз нь төдий сайн биш боловч хүргэн нь сайхан төрсөн бөгөөд зан ааш сайтай. Бид хэдэн удаа уулзсан. Эндэх Бао Эр Еэтэй төсөөтэй. Бас бичиг эрдэмээр сайн гэв. Жя Мү сонсоод баярлаж:

-Тийм бол тун сайн. Энэ чинь танай авхайн буян даа. Манайх бол өмнө газрын ёсыг дагасаар тул шинэ хүргэнийг бид цөмийг олж үзээгүй. Тэр өдөр би, төрхэмийн хүмүүсээ санагалзвал, танай авхайг би хамгаас илүү санадаг бөгөөд жилийн гурван зуун жаран өдрийн хоёр зуу гаруй өдөр нь миний дэргэд байсаар өдий том болсон тул би нэг сайн хүргэн хэлэлцэж өгөх санаатай байсан боловч авга нь эзгүй тул би толгой мэдэж болоогүй билээ. Одоо тэр азаар сайн хүнтэй болсон бол би санаа амар байна. Энэ сарын дотор хурим хийвэл би очиж хоёр хундага хуримын архи уух санаатай байсан юм. Гэтэл манай гэрт санамааргүй ийм хэрэг гараад, миний зүрхийг халуун тогоонд хайрах мэт болсон тул яаж танайд очиж чадах вэ. Чи хариад миний өмнөөс мэнд мэдэж, манайхныг бүгдээрээ амрыг айлтгаж байна гэж хэлээрэй. Чи охиндоо, битгий намайг санаад байгаарай гэж байна гэж аминчилж хэлээрэй. Энэ ертөнц дээр ная гартлаа амьдарсан би одоо үхсэн ч гомдолгүй. Охин минь, нөхөртөө очоод, буурал цагаан эмгэн өвгөн болтлоо найртай сайхан явбал миний санаа сая гүйцнэ гээд нулимс унагав. Мөнөөх эхнэр:

-Луо тайтай зовох хэрэггүй. Охин харьд очоод дараа нь гэртээ үүдээ өргөхөөр ирэхдээ, нөхрийнхөө хамт ирж Лао тайтайгийнхаа амгаланг айлтгах байхаа. Тэр цагт та ч баярлах биз гэсэнд Жя Му толгой дохив.

Тэр эхнэрийг явсны дараа Бао Юй баахан мэлрээд дотроо: “Хүний охин юуны учирт том болоод айлд очно вэ. Тэнд очоод ангид өөр хүн болно. Шы дүү мэтийн ийм нэг хүнийг бас авга нь албаар хүнд барьж өгчээ. Хожим тэр надтай учирвал намайг тоохгүй биз. Хүн, хэрэв хүнд үл ойшоогдох хэмжээнд хүрвэл амьд явсны хэрэг юү байна вэ” гэж бодсоор сэтгэл уярсан ч, Жя Мү сая овоо тайвширсан тул уйлж ч чадахгүй, зүгээр л мэлрэн суув.

 

Жя Жөнгийн сэтгэл сайнгүй тул буцаад ээжийндээ ирэв. Овоо байгаад нь баясаад Лай Даг дуудан ордны бүх мэдээчин, зарц нарын нарийн дансыг авчируулан үзвэл, албанд хураасан Жя Шөгийн хүмүүсээс гадна бас гуч гаруй өрхийн эр эм нийт хоёр зуун арван хоёр хүн байлаа. Дараа нь Жя Жөн ордонд байгаа эрэгтэй зарц дөчин нэгэн хүнийг дуудан ирүүлж, гэрийн зардалд хичнээн орлого орж хичнээн зарлага гаргаж байгааг асуувал ерөнхий мэдээчин нь сүүлийн жилүүдийн орлого зарлагын дансыг барив. Жя Жөн үзвэл, орлого нь зарлагаасаа бага бөгөөд бас жил дараалан хааны ордны зардал нэмэгдсэнээр дансанд гаднаас зээлсэн тоо нилээд байв. Дахин зүүн мужийн тарианы түрээсийг үзвэл, ойрын жилийн тушаасан түрээс нь дээдсийн үеийн хагаст ч хүрэхгүй бөгөөд зардал нь дээдсийн үеэс арав дахин нэмэгджээ. Жя Жөн үзээгүй бол яамай. Одоо үзээд хөлөө дэвсэн сандарч: “Энэ яаж болох вэ. Жя Лянь ач хариуцдаг тул гэрийн амьдрал гайгүй байх гэж бодсон юм. Гэтэл энэ хэдэн жил, цөм түрүү жил нь дараа жилийнхээ олсныг урьтаж зарсаар ирсэн байтал бас энэ мэт нэрэлхжээ. Дээдсээс залгамжилсан пүнлүүг юман төдий бодохгүй явж ирсэн тул одоо доройтохгүй яана. Би одоо арвилж гамная гэвч нэгэнт оройтжээ… гэж бодоод нуруугаа үүрэн нааш цааш алхсан боловч яах аргаа олсонгүй.

Жя Жөнгийн айл гэрийн явдлыг мэдэхгүй тул зовж бачимдаад хэрэггүй гэдгийг хүмүүс мэдэх тул “Лаое зовох хэрэггүй. Айл, айл цөм иймээ. Ингээд бодож үзвэл, ван ноёны гэрч мөн хүрэлцээгүй болой. Өнгөн дээрээ их сүр, ямбатай боловч үнэндээ ингэн тэнгэн эвлүүлж л байгаа. Одоо Лаое хаан эзний хишгийг хүртээд өдийхөн хөрөнгөтэй үлджээ. Хэрэв цөмийг албанд хураачихсан бол Лаое унтрахгүй юү!” гэдгийг санаад гэнэт уурлан “Унгас алдацгааж байх юм. Муусайн хүний үнэргүй боолууд! Эзнээ сайн байх цагт дур дураараа сүйтгэж байгаад, хоосрохоор нь эзнийхээ үхэж сэхэхийг хайхрахгүй, зугтаах нь зугтаад, зүгээр явах нь яваад арилцгаасан. Одоо бас манайхыг хураагдсангүй гэж харамсах янзтай. Та нар яаж мэднэ! Гадны хэлэлцээгээр уг хөрөнгөө хүртэл хамгаалж чадахгүй болсон байтал та нар бас гаднаа ян ямба гаргаж, их үг хэлж, мэх гох хэрэглэсээр, хэрэг гарвал эзнийхээ толгой дээр овоолж хаяна. Одоо их Лаое, Жэнь даяагийн хэргийг манай гэрийн зарц Бао Эр тараасан гэнэ. Намайг энэ дансанд үзэхэд, тийм нэртэй хүн алга. Энэ ямар учиртай байх нь вэ гэж намайг асуухаар: “Энэ Бао Эр эндэхийн дансанд байхгүй. Угтаа Нин Гуофүгийн дансанд байжээ. Эр Еэ түүнийг номхон томоотой гэж эхнэртэй нь авчирчээ. Сүүлд эхнэрээ үхэхээр, эргээд Нин Гуофүдээ буцсан байна. Лаое яаманд ажилтай болоод, Лао тайтай, тайтай болон гэрийн эзэд цөмөөр онгонд очсоны дараа Жэнь Даяа бүх гэрийн явдлыг орлон хамаарахдаа дагуулж ирээд сүүлд нь буцаажээ. Лаое хэдэн жил гэрийн явдлыг хамаараагүй тул тэдгээр явдлыг яаж мэдэх вэ. Дансанд энэ нэг нэр байвал мөн ийм нэг хүн байна гэж Лаое бодож байна. Гэтэл нэг хүн гар дороо хэдэн садантай, боолын дор боол байхыг Лаое та яаж мэднэ вэ” гэцгээнэ. Жя Жөнг “Энэ яаж болох вэ” гэхээр тоохгүй. Тэгэхээр Жя Шө нарын хэрэг нэг тийш болсоны дараа үзэж байгаад мэдье гэж шийдэв.

Жя Жөн бүхэл өдөр бичгийн гэртээ арга төлөвлөгөө бодож суутал нэг хүн гүйн ирж “Лаое таныг дотоод ордонд үг асуухаар дууджээ” гэсэнд дотроо сандарсан боловч арга буюу явав. Ёр, бэлгэдлийн алин болохыг дараах бүлэгт үзтүгэй!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж