Дуулианы эргэн тойронд: Ш.Батхүү эмчийн хяналтад байна

Хуучирсан мэдээ: 2018.04.10-нд нийтлэгдсэн

Дуулианы эргэн тойронд: Ш.Батхүү эмчийн хяналтад байна

Дуулианы эргэн тойронд: Ш.Батхүү эмчийн хяналтад байна

АТГ-аас дөрөвдүгээр сарын 1-нд  буюу амралтын өдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын баривчилсан. Мөн гуравдугаар сарын 13-ны өдөр “Жаст” группын эзэн Ш.Батхүүг баривчлав. АТГ-т шалгагдаж байгаа болон цагдан хоригдсон хэргүүд юу болов.

С.Баярцогт нарын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзэж, 30 хоногийн хугацаатай баривчлаад буй. Тэднийг баривчилсны дараа үргэлжлүүлэх хорих эсвэл суллан шалгах эсэхийг Чингэлтэй дүүргийн шүүхээр авч хэлэлцсэн. Харин Чингэлтэй дүүргийн шүүхээс тэднийг “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлээр 30 хоног саатуулах шийдвэр гаргасан юм. Хамгийн сүүлийн мэдээллээр тэднийг хорих хугацаа хэвээр байгаа бөгөөд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэлээ.

Сануулахад, “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.

Ш.Батхүүгийн чихрийн шижин өвчин хүндэрчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг баривчлаад сар орчмын хугацаа өнгөрч байна. АТГ-аас тодорхой хугацаанд шалгасны дүнд түүнийг цагдан хорьж, шалгах ёстой гэж үзэн, хорих 461-р ангид саатуулаад байгаа. Гэвч Ш.Батхүү чихрийн шижин өвчтэй учраас хорих 461-р ангийн эмчийн хяналтад байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн хоёр хоног түүний өвчин хүндэрч, хорихынхныг багагүй сандаргасан гэнэ. Тиймээс Ш.Батхүүг байнгын эмчийн хяналтад байлгаж байгаа гэлээ. Мөн АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа гэсэн юм. 

Түүнийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурж, баталгаа гарган, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар залилан авсан хэрэгт буруутгаж буй бөгөөд Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдсэнээ хүлээгээд байгаа юм. Мөн түүний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргалыг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр  саатуулан шалгаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж