Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж нэгэн иргэн эрүүл мэндээрээ хохироод байна. Түүнийг Б.Ихбаяр гэдэг бөгөөд 2016 онд Дорнод аймгийн цэргийн 327–р ангид алба хаахаар болжээ. Ингээд цэрэгт татагдаад сар ч хүрээгүй байхад шүд нь өвдсөн аж. Энэ тухайгаа цэргийн ангийн дарга, эмч нарт хэлэхэд тоохгүй хугацаа алджээ. Түүний шүд олон хоног өвдөж улмаар идээлэн, хавдсан тул Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан гэнэ. Гэвч тухайн үед Б.Ихбаярын шүдийг авахдаа ёзоорыг нь бүрэн гүйцэт авалгүй дутуу үлдээсэн байна. Улмаар ёзоор нь идээлж, бугласан учраас цэргийн ангиас цэргийн төв эмнэлэг буюу Госпитальд хүргэжээ. Түүнийг ирэхэд нь хагалгаанд оруулсан бөгөөд хагалгаа хийсэн эмч нь түүний хамрын хөндийд резинен бээлийнийхээ тасархайг үлдээжээ. Үүний улмаас хоёр ч удаа хагалгаанд орсон гэв.
Энэ тухай Б.Ихбаяртай ярилцах гэсэн боловч биеийн байдал тааруу учраас цөөн асуултад хариулт авлаа. Харин Б.Ихбаярын ээж Д.Одонтуяа гэх эмэгтэй хүүд нь тохиолдсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
‘Эмч нарын хэлснээр шүдний ёзоор нь идээлж буглан хамрын хөндийн идээт үрэвсэл болсон’
-Болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж болох уу? Таны хүүд тухайн үед юу тохиолдсон юм бэ? Байлдагч болоод удаагүй байхад нь энэ үйл явдал болсон гэсэн үү?
-Миний хүүд 2016 оны аравдугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдах зарлан дуудах хуудас ирсэн. Дараа нь Баянзүрх дүүргийн 53-р сургуульд цэргийн үзлэгт орж “эрүүл, саруул” гэж оношлогдон цэргийн албанд татагдсан. Ингээд Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 327-р ангид томилсон. Тэгээд байлдагч болоод сар ч болоогүй байхад шүд нь өвдөж, хавдсан гэсэн. Тухайн үед нь цэргийн ангид нь шүдний эмч байгаагүй учраас Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвд хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тэр үе нь 2016 оны арваннэгдүгээр сард байсан санагдаж байна. Шүдийг нь үзсэн эмч Б.Оюун-Эрдэнэ “шүдийг нь авахаас өөр арга байхгүй” гэж тайлбарлаад шүдийг нь авсан байгаа юм. Тэгтэл шүдийг нь авахдаа ёзоорыг нь дутуу үлдээчхээд эмчилгээ бичиж өгөөд буцаагаад цэргийн анги руу нь явуулсан гэсэн.
-Тэгээд юу болсон бэ?
-Хүүгийн шүд зүгээр болохгүй өвдсөөр яваад дахиад долоо хоногийн дараа Дорнодын нэгдсэн эмнэлэгт очсон. Тэгтэл хүүд минь эмчилгээ бичиж өгөөд буцаасан. Энэ хугацаанд хүү минь сар гаран шүд нь өвдсөн байдалтай бүүр хүндэрсэн юм билээ. Хугацаа алдсан учраас цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хэвтсэн. Эмч нарын хэлснээр шүдний ёзоор нь идээлж буглан хамрын хөндийн идээт үрэвсэл болон хувирсан гэсэн л дээ. Дараа нь цэргийн төв эмнэлгийн “Эрүү нүүрний тасаг”-т хэвтүүлж, эхний ээлжинд шинжилгээнд хамруулсан байсан. Томографаар харахад “Хамрын идээт үрэвсэл” болох нь тогтоогдож, 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр мэс засалд оруулсан юм. Хагалгаанаас гарч ирэхэд би сахиураар ордог байсан. Гарч ирснийхээ дараа хамартаа гуурстай гарч ирсэн. Төдөлгүй 10 хоног хэвтэн эмчлүүлээд цэргийн анги руу нь буцаасан.
‘Цэргийн ангидаа ирсний дараа нь хамраас нь идээ цувж эхэлсэн’
-Хамрын хөндий цэвэрлэх хагалгаа хийхдээ эмч нь бээлийнийхээ тасархайг үлдээчихсэн байсан гэсэн?
-Тийм, цэргийн ангидаа ирсний дараа нь хамраас нь идээ цувж эхэлсэн. Гурав хоног дараалан хамраа цэвэрлүүлсэн гэсэн. Тэгээд дөрөв дэх хоног дээрээ хамраа цэвэрлүүлж байхад нь хамраас нь шүүс гарч, эвгүй үнэр үнэртээд байсан болохоор угаалгахаар ангийнхаа эмч дээр очсон байгаа юм. Угаалгах явцад нь хамраас нь цагаан резинен бээлийний тасархай гарч ирсэн. Өвчний карт дээр нь 1×5 сантиметр гэж тодорхой биччихсэн байгаа. Хамрын хөндийг угааж цэвэрлэх эмчилгээг хийсэн ч хамрын хөндийгөөс өмхий үнэртэй идээ гарсаар байсан тул хоёрдугаар сарын 18-ны өдөр дахин Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр ирсэн. Энэ үеэр яагаад хүүгийн минь хамрын хөндийд бээлий хийж байгаа юм бэ гэхэд эмчлэгч эмч н.Ганхуяг “Тийм юм байх ёсгүй, резинэн бээлий байх ёсгүй” гэж хэлж байсан. Түүний дараа хоёр ч хагалгаанд орсон доо хүү минь. Тухайн үед хугацаа алдалгүй ёзоорыг нь аваад өгчихсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй шүү дээ.
-Энэ явдлын дараа хүүгийн тань зүүн нүд хараагүй болсон гэсэн юунаас болсон бэ?
-Хамрын хөндийн идээт үрэвсэл нь хүндрээд ургацаг ургачихсан байна гээд 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Госпиталь дээр дахиад хагалгаанд орсон. Эмч нарын хэлснээр хамрын хөндийн ургацгийг заавал авах ёстой гэж л тайлбарласан. Хагалгаанаас гарч ирэхэд хүүгийн минь зүүн нүд нь боолттой гарч ирсэн л дээ. Миний бодлоор нүд, хамар хоёрын ойролцоо ургацаг байсан гэж бодсон. Гэтэл хэд хоногийн дараа хүүгийн минь нүд хавдаж, улайгаад нэг л биш байсан. Тэр үед улсын, хувийн олон эмнэлгүүдээр явсан боловч эргээд хараа орох магадлал таван хувьтай байна гэсэн мэдээг сонссон. Тийм үг сонсохоор хэлэх үг олдохгүй дотор бачимдаад үнэхээр хүнд цохилтод ордог юм билээ. Тэгээд болоогүй л дээ хамгийн сүүлийн хагалгаа 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд нүдний тор тавих хагалгаанд орсон. Тэгээд л эмнэлгээс гарсан даа.
-Хариуцлага алдсан эмч нарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Тухайн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт буруутай эмч нарыг шалгуулахаар өргөдөл өгсөн. Батлан хамгаалах яам, Жанжин Штаб, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудад ч бас өргөдөл өгсөн. Одоо бол хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж байна даа.
-Хариуцлага алдсан эмч нар нь одоог хүртэл ажлаа хийж байгаа юу?
-Тэрийг бид нар мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан хуулийн байгууллагын хариу нь үнэн зөв гараасай л гэж хүсэж байна.
-Энэ асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?
-Хуулийн байгууллагаас хариу нь гараад цаашдаа эцэслэн шийдвэр нь гарахаар хөдөлмөрийн чадвар алдалтыг нь тогтоогддог гэж байна лээ. Энэ асуудлыг шийдчихээд ажилд оруулах санаатай байна. Хүү минь айлын том учраас ар гэрээ тэжээх үүрэгтэй хүн шүү дээ.
-Хүүгээ хараагүй болохыг сонсоход танд хүндхэн байв уу?
-Тэр үед би гэлтгүй миний хүү тухайн үед хоол ундаа идэхгүй сэтгэл санаагаар их унасан. Одоо ерөнхийдөө дасч эхэлж байна. Олон аавын хөвгүүд цэрэгт яваад тэсвэр, хатуужилтай болчхоод ирдэг. Тэдний адилаар үүргээ биелүүлээд ирэх байх гэж бодтол эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирчхоод ирлээ. Бид нар ийм нөхцөлтэй болсон байхад хуулийн байгууллагад хандахаас ч өөр арга алга. Үүнийг нууж далдлаад чимээгүй байгаад байж болохгүй шүү дээ. Цаашдынх нь хүүхдийнхээ амьдралыг бодож байна. Энэ асуудлыг эх хүн битгий хэл цэргийн албанд явж байгаа хүмүүс сонсоход ч хэцүү. Бид нарт үнэхээр харамсалтай байдаг. Миний том хүү шүү дээ. Цаана нь байгаа дүү нарыг нь цэрэгт мордуулна гэж бодохоор л эвгүй санагдаж байна.
Хараа орохгүй гэдгээ сонсоход хэцүү байдаг юм билээ
-Зүүн нүд чинь хараа орохгүй гэсэн мэдээг сонсоход хүндхэн байсан байх?
-Мэдээж. Анх сонсоход хэцүү л байдаг юм билээ. Шатны уруу алхахад маш түвэгтэй санагддаг байсан. Одоо хажуу талаас хүн явж байхад заримдаа сүүдрээс нь гэнэт цочдог болчихсон. Энэ талаар ярихад ч хэцүү санагддаг юм.
-Одоогоор бие чинь ямархуу байна вэ? Ямар зовуурьтай байна вэ?
-Машины гэрэл, хурц гэрэл харахаар нүд маш их өвддөг. Одоогоор байнга л толгой өвддөг. Зурагт үзэхэд ч хэцүү байдаг. Тиймээс гэрийн асаргаанд л байгаа.
-Тухайн үед Батлан хамгаалах яамны удирдлагатай уулзахаар хүсэлт тавьж байсан гэсэн. Уулзаж чадсан уу?
-Батлан хамгаалах яамны сайдтай уулзах гээд жилийн өмнө л хөөцөлдөөд одоог хүртэл уулзаж чадаагүй. Хуучин Б.Бат-Эрдэнэ сайдыг байхад өргөдөл гомдлоо өгсөн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл хариу хэлээгүй, уулзаж чадаагүй байна. Одоогийн байгаа Н.Энхболд сайдын туслахтай холбогдож үзсэн. Ажил ихтэй завгүй гэсэн хариуг өгсөн.
-Хамраас чинь эвгүй үнэр гарч, идээлчихсэн байсан гэсэн?
-Цэргийн ангийнхаа эмнэлэгт хэвтэж байсан. Ангийнхаа эмнэлэгт хэвтэх явцдаа хамраас нь шүүс, гараад эвгүй үнэр гараад эхэлсэн. Тийм болохоор цэргийн ангийн эмчдээ хэлээд өдөр бүр хамраа угаалгадаг байсан. Нэг удаа угаалгах явцад нь хамраас нь резинен бээлийний тасархай гарч ирсэн. Ойролцоогоор хоёр см орчим байсан юм болов уу.
Э.Ариун