Шинзо Абэгийн карьер хулгайлагдсан иргэдээс шалтгаална

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Шинзо Абэгийн карьер хулгайлагдсан иргэдээс шалтгаална

Шинзо Абэгийн карьер хулгайлагдсан иргэдээс шалтгаална

Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ буцаан авах асуудалд АНУ-ын ерөнхийлөгчөөс тусламж авах зорилготой. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын сүүл эсвэл зургадугаар сарын эхээр Пхеньяны удирдагч Ким Жон Унтай уулзана. Үүнээс өмнө Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг Дональд Трамптай тохиролцохыг зорьжээ. Шинзо Абэ өнгөрсөн гуравдугаар сард Дональд Трамптай утсаар 30 минут ярилцахдаа энэ айлчлалыг товлож, хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэхээр тохиролцсон байна. Харин Дональд Трамп Хойд Солонгосыг зөрчсөн амлалтуудаа биелүүлэхэд хүчтэй шахалт үзүүлэхээ амласан гэнэ.

Ким Жон Ил ба Японы ерөнхий сайд асан Жуничиро Койзуми

Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нь 2002 онд Японы ерөнхий сайд асан Жуничиро Койзумитэй уулзахдаа 1970-1980-аад оны хооронд тус улсын иргэдийг хулгайлан авснаа хүлээжээ. Үүнээс хойш Япон улсаас хэлэлцээ явуулсны үр дүнд хэдэн иргэнийг нутаг буцаасан боловч Токио илүү олон иргэний мэдээллийг шаарддаг. Харин хоёр орны харилцааг хэвийн болгох шаардлагын хүрээнд Япон улс нь 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колончилж байхдаа учруулсан хохирлоо төлөхийг Пхеньян шаарджээ. Япон улс шаардлагыг хүлээн авбал зугаацуулагч эмэгтэйчүүдийн хэрэгт Өмнөд Солонгост төлснөөсөө илүүг Пхеньянд өгөх хэрэгтэй аж. Хэрэв Япон улс нь Хойд Солонгостой ганцаарчлан хэлэлцээ хийх нөхцөлд Пхеньян хулгайлагдсан иргэдээр барьцаалан өөрт ашигтай талд эргүүлэх гэнэ. Иймд Япон улсад зайлшгүй АНУ зэрэг хүчирхэг орны дэмжлэг хэрэгтэй.

Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн хэргийг хэрхэн шийдвэрлэхээс түүний Засгийн эрхэнд улиран сонгогдох эсэх шийдэгдэнэ. Шинзо Абэ танил дотны хүмүүстээ илүү боломж олгодох гэх дуулианаас үүдэн дотооддоо рейтинг нь унаад буй. Цаашлаад сөрөг хүчний зүгээс хэргийг өндөр авхуулж, Шинзо Абэг огцруулах асуудлыг хөнджээ.

Өдгөө 63 настай Шинзо Абэ 2012 онд Японы эдийн засгийн өсөлтийг сэргээж, батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх амлалт өгч, ерөнхий сайдаар сонгогдож байв. Гэвч өнгөрсөн амралтын өдрөөр Yomiuri сонины явуулсан рейтинг судалгаагаар Шинзо Абэгийн нэр хүнд 48 хувьд хүрч өмнөх сарынхаас зургаан хувиар буурчээ.

Хэрэв Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчтай амжилттай хэлэлцэж, Пхеньяныг цөмийн зэвсгээс татгалзуулж чадвал Япон улсад заналхийлсэн том аюул намжина. Хойд Солонгос нь цөмийн туршилт хийж хүчтэй чичирхийлэл үүсгэх нь цунами болох аюултайн дээр тогтмол баллистик пуужин харвах нь Японы газар нутагт унах эрсдэл өндөр. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгосын харвасан пуужин Хоккайдо арлын хойд хэсгийн дээгүүр 550 км орчим өндөрт нисч 2700 км зайг туулан тэнгист унажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж