Гурван тулгуурт бодлогоос нэг тулгуурыг нь “оллоо”

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Гурван тулгуурт бодлогоос нэг тулгуурыг нь “оллоо”

Гурван тулгуурт бодлогоос нэг тулгуурыг нь “оллоо”

Эдийн засгийг төрөлжүүлж олон тулгууртай болгох зорилт, Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 6-нд баталсан “Гурван тулгуурт бодлогын талаар, энэ бодлогын талаар яг юу хийгээд байгаа талаар олон нийт тодорхой мэдээлэл аваагүй байна. Тэгсэн хэрнээ  өнгөрсөн сарын сүүлчээр болсон эдийн засгийн форумын үеэр “мэргэжлийн хэлээр” ярилцах албаны хүмүүсийн гоё үгсээс ч энэ бодлогыг таньж ойлгоход амаргүй байв. Угтаа иргэд байтугай УИХ ч энэ талаар бүрэн дүүрэн мэдээллээр хангагдаагүй бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар ‘Тогтвортой хөгжлийн зорилт-2030’ урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан байдаг. Тэд асуулгадаа дээрх хөгжлийн бодлого аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарсан төрийн бодлогын залгамж чанарыг заавал хадгалах хуульчилсан баримт бичиг болохыг дурдаад хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгааг “асуужээ”. Саяхан энэ асуулгын хариуг Засгийн газраас дээрх гишүүдэд хүргүүлсэн байна. Үүнд,

Эдийн засгийг төрөлжүүлж олон тулгууртай болгох зорилтын хүрээнд Дорноговь аймагт жилдээ 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэт хотод 100 мянган тонн ган арматур үйлдвэрлэх хүчин чадалтай ган төмөрлөгийн үйлдвэр, Дарханд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн, арматур, төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы металлургийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа хэмээн танилцуулжээ.

Мөн ‘Үйлдвэржилт 21:100’ үндэсний хөтөлбөрийн хүрээнд импортыг орлох, экспортын чиг баримжаатай 100 үйлдвэрийг 21 аймагт байгуулах зорилт тавьж байгааг тодотгосон байна. Монгол улсын ‘Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030’-ийн хүрээнд 2020 он хүртэлх эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх ‘Гурван тулгуурт хөгжлийн бодлого’ баталсан болохыг ч Засгийн газраас ирүүлсэн хариунд дурдсан байна. Асуулгын хариуг ойрын хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэдгээ ч мэдэгджээ. Үүний өмнө мөн л нэр бүхий гишүүдийн хамт “баруун бүсэд яагаад шатахууны үнэ илүү өндөр байна вэ, татварыг нь тэглэчихлээ шүү дээ” гэсэн асуулгыг тавьж байсан. Баруун бүсэд ажиллаж амьдарч байгаагийн “торгууль” аятай бүсчлэлээс шалтгаалж үнийн дарамтад өртөөд байгаа асуудлыг хөндсөн зөв асуулга байсан. Харамсалтай нь энэ талын зохицуулалт бизнес эрхлэгчдийн эрх ашигтай зөрчилддөг тул олигтой шийдтэй хариулт олж аваагүй нь харагдсан.

Дашрамд дурдахад, өмнөх парламентын үед МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Бямбацогтын санаачилгаар УИХ-д суудалтай бүх намууд зөвшилцөж Монгол Улс урт хугацаандаа тогтвортой хөгжих, төрийн бодлогын залгамж чанарыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ‘Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030’-ыг боловсруулан баталж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эл бодлогод заавал нийцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Харин энэ үзэл баримтлалын хэрэгжилт нь хангалтгүй, хариуцлагын тогтолцоог нэхсээр байна.

“Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэг том баримт бичиг байсаар байтал сонгууль бүрээр амладаг бараг л “дөрөвхөн жилийн бодлого” гэхэд хилсдэхгүй төсөл хөтөлбөрүүд хоорондоо уялдаж өгөхгүй байгаа нь манайд нүүрлээд байгаа нэг “гамшиг” юм. Хөгжлийг чөдөрлөсөн энэ ахархан бодлогын арга хэмжээ одоо ч хэвээрээ. Тухайлбал Засгийн газрын гишүүд гадны төсөл хөтөлбөрийнхөн болон дотоодын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж төсөлтэй нь танилцахдаа “Энэ ажил чинь 2020 оны өмнө хэрэгжиж амжих уу” гэж “эрээ цээргүй” асуугаад энэ “шалгуурыг нь хангахгүй” бол чихнийхээ гадуур өнгөрөөдөг. Энэ байдлаас нь олон ч Монгол хүн ичиж байсан болов уу. Харин одоо “олон тулгууртай”, “гурван тулгууртай” бодлогоо зөв ялгаж салгаж, олон нийтэд ч хөрөнгө оруулагчдад ч ойлгомжтой тайлбарлах, бодлого мөн юм бол хэрэгждэг байх, үүнд нь улс төрийн сонгууль хамааралгүй байх зайлшгүй шаардлага үүсээд байна.

Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын дэвшүүлж буй “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээг 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байгаа. Үүнтэй уялдуулан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталсан. Энэхүү “гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг бөгөөд Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, Монгол хүн, Монголын баялаг гэж Засгийн газар үзэж байна. Яг сонгуулийн амлалт шиг, хугацааны хувьд ч салшгүй хамааралтай нь тодорхой байгаа биз. Уг нь муу зүйл биш. “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван стратеги дэвшүүлж 27 зорилт хэрэгжүүлэхээр боллоо. Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, хүнс экспортлогч орон болох, аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх, томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж тээвэр, дэд бүтэц байгуулах гэхчлэн гоё зорилгуудтай.

Харин тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шат нь 2020 он юм бол, бусад үе шат нь УИХ-ын 2020 оноос хойших сонгуулийн үр дүнгүүдтэй хэр хамааралтай юм бол. Ийм маягаар дөрвөн жилийн мөчлөгтэй бодлогоор холын замыг туулахгүй учраас “олон тулгуур”, “гурван тулгуур”-аас эхлээд нэг тулгуурыг нь олъё. Тэр тусмаа Засгийн газраас онцлон танилцуулж буй ‘Үйлдвэржилт 21:100′ үндэсний хөтөлбөр, энэ нь Ардчилсан намын Засгийн газрын үед давалгаалуулж чадсан үйлдвэржилтийн бодлогоос  юугаараа давуу юм бэ. Үнэхээр үйлдвэржилт бол эдийн засгийн хувьсгал гэгчийн үргэлжлэл мөн байгаад импортыг орлох, экспортын чиг баримжаатай 100 үйлдвэрийг 21 аймагт байгуулах зорилт тавьж байгаагаа биелүүлж чадах  үндэслэлтэй бол “Чингис” бондын дайтай хөрөнгө зарцуулах эрх мэдэл нь эдүгээ МАН-ынханд байна. Тийм ч учраас намынхнаасаа хариуцлага нэхэж чаддаг байх, бодлогыг ажил хэрэг болгохын тулд асуудал ажил бүхэн тодорхой байх үүднээс гишүүд ийнхүү асуулга тавьсан нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030’-ийн хүрээнд 2020 он хүртэлх эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх ‘Гурван тулгуурт хөгжлийн бодлого’ баталсан нь “дөрвөн жилийн” настай бодлогоос юугаараа өөр, хэр өргөн цар хүрээтэй вэ. Одоо хоёрхон жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Гурван тулгууртыг хэрхэн ойлгох вэ. Олон тулгууртыг яаж ялгаж салгах вэ. Эхний ээлжинд Засгийн газраас эрхэм гишүүдийн асуулгад хариу болж ирсэн нефть боловсруулах үйлдвэр, ган төмөрлөгийн үйлдвэр, Дарханы металлургийн төслийн хэрэгжилтийг эхлээд нэхье. Энэ бол “олдсон эхний тулгуур” юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж