Махны хомсдол үнэ нэмэгдэх шалтгаан болов уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Махны хомсдол үнэ нэмэгдэх шалтгаан болов уу?

Махны хомсдол үнэ нэмэгдэх шалтгаан болов уу?

Мах ачсан тэргэндээ дийлдэх шахам арай ядан явах залуу “Зам тавь” хэмээн өндөр дуугаар хашгирах… Лангууных нь дэргэдүүр өнгөрөх хүн бүрт “Амттай шинэ мах байна шүү, аваарай” хэмээн уриалгахан дуудах худалдагчид ч олон. Энэ бол түм түжигнэж, бум бужигнадаг “Хүчит шонхор” захын дүр төрх.

Биднийг захын үүдээр ороход 40 гаруй насны эмэгтэй “Зөвшөөрөл авч байж сурвалжлага хий. Хэвлэл мэдээллийнхэн махны үнэ нэмэгдлээ гэж хөөрөгддөг тал бий. Уг нь махны үнэ бага багаар бууж байгаа. Одоо ч урин цаг ирсэн болохоор үнэ нэмэгдэхгүй” хэмээн ундууцсан байдалтай угтлаа. Захын захиргаанаас зөвшөөрөл авсны дагуу махны үнийн талаарх дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Тус захад өчигдөр 13.00 цагийн үед очиход үйлчлүүлэгч сийрэг байв. Ажлын өдөр болоод ч тэр үү худалдан авагч цөөтэй байгааг махны худалдагчид хэлж байлаа.

Худалдааны төвийн урд хэсэгт байрлах хонь, ямааны мах зардаг заал руу орлоо. Хувь хувьдаа багахан мах цагаан торонд хийж барьсан хэдэн хүн харагдана. Энд хонины гулууз мах худалдаалах бөгөөд нэг кг нь 5600 төгрөгийн үнэтэй аж.

махны олдоц ховор болсон 

Худалдагч Э.Мөнхзул “Өнөөдөр өглөө ирсэн шинэ нойтон мах нэг кг-ыг нь 6800 төгрөгөөр зарж байна. Шинэ мах худалдан авалт сайн байдаг. Аймгуудад шүлхий гарч байгаа учир мах ховордсон. Ер нь бол махны олдоц ховор болсон гэж болно. Зургаан хоногийн өмнөөс махны үнэ нэмэгдэж эхэлсэн. Өнөөдрөөс харин гайгүй үнээр зарагдаж байна”

Сарын эхээр худалдан авалт сайн байдаг

Худалдагч Д.Чимгээ “Хонины шулсан мах нэг кг нь 5800-6000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Сарын эхээр тэтгэвэр буудаг болохоор худалдан авалт сайн байдаг. Ихэнхдээ зоорины мах зарагдаж байгаа. Шинэ мах гэж бараг байхгүй дээ. Захын халаалт зогссон учир мах гэсэхгүй хэцүү юм”

Махны үнэ өссөн нь үнэн 

Үхрийн  махны худалдагч  М.Нарантуяа  “Үхрийн цул мах 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр зарж байна.Махны үнэ өссөн нь үнэн. Урьд нь үхрийн цул махыг 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр зарж байсан бол одоо 8000 төгрөг болсон. Үнэ өссөн шалтгаан нь махны  олдоц бага байна. Дээр нь нөөцийн мах худалдаанд гарч эхлээгүй. Нөөцийн мах зараад эхэлбэл махны үнэд өөрчлөлт ордоггүй. Гэхдээ нөөцийн мах худалдаанд гарч эхлэхээр шинэ махны үнэ нэмэгддэг”

Бүтэн хонь авдаг байсан айл өрөөл  мах  авч байна

Харин гадаа зогсох худалдагч ийн ярилаа. Түүний хувьд нэрээ хэлэхийг хүссэнгүй. Харин яриа өгч болно гэсний үндсэн дээр бяцхан тохироо хийв. Тэрбээр “Одоо бол мах үнэтэй зарагддаг үе. Шинэ махны үнэ тийм ч амархан буухгүй. Хонины махны бөөний үнэ нэг кг нь 3600-4000 төгрөгийн хооронд байна. Шинээр орж ирж байгаа нойтон мах л 5500 төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол махны үнэ хямд байгаа. Гэсэн хэдий ч жил ирэх тусам худалдан авалт муудаад байна. Ард түмний амьдрал доройтож  байгаагийн шинж  л дээ. Бүтэн хонь авдаг байсан айл өрөөл  мах  авч, 5 кг мах авдаг айл 3 кг-ыг авдаг болж. Бид намар өөрсдийнхөө зооринд хадгалсан махыг одоо гаргаж зарж байгаа. Яг үнэндээ нөөцийн мах бэлтгэж байгаа компаниуд нөөц бэлтгэл гэж ярьдаг ч зах дээрээс ирээд л бэлдчихдэг шүү дээ. Хөдөө орон нутаг руу яваад бэлтгэж ирсэн компаниуд хямд өртгөөр  зарж магадгүй л юм. Хямд өртгөөр гаргаж ирээд зарвал  ард иргэдэд хэрэгтэй” 

‘Хүчит шонхор’-ынхон Шүлхийтэй аймгаас мах авдаггүй

Өнгөрсөн өвөл олон аймагт шүлхий өвчин гарсан тул тус захын шинжээч, эмч Б.Өлзийсүрэнгээс  махны эрүүл ахуйн чиглэлээр ямар шаардлага тавьж байгаа талаар сонирхлоо. Тэрбээр “Манай зах өглөө 04.00 цагт нээгддэг. Ингэхдээ хөдөө орон нутгаас орж ирж байгаа махнуудын гарал үүслийг нь баталгаажуулах тэмдэгтэй эсэхийг нь шалгаад зах руу оруулдаг. Харин мах худалдаанд гарахаас өмнө урьтаж бүх махнаас дээж авдаг. Дээж аваад лабораторийн шинжилгээний хүрээнд өвчтэй, үхсэн, вакцин, антибиотик үлдэгдэлтэй эсэхийг нь шинжилнэ. Шинжлээд эрүүл махаа хүнсэнд тэнцэнэ гээд худалдаанд зарах зөвшөөрлийг нь олгодог. Тэнцэхгүйг нь буцаан таталтад хурааж аваад устагдаг юм. Бидэнд шүлхийтэй аймгаас мэдээлэл ирж байгаа учир шүлхийтэй аймгаас мах авдаггүй” гэв.

Харин махны үнийн талаар иргэд ийн ярьж байна.

Иргэн Б.Батхуяг “Хонины мах нэг килограмм нь 5500 төгрөгийн үнэтэй байна. Ах нь арван килограмм мах авсан. Өмнөх долоо хоногтой харьцуулахад махны үнэ илт өссөн байна”

Иргэн Б.Сэр-Бат “Махны үнэ өссөн юм шиг л санагдлаа. Ихэвчлэн зоорины мах зарагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт 1 кг мах 4000 төгрөгөөр зарагдаж байсан бол өнөөдөр  5000 төгрөгөөр зарагдаж байна”

Иргэн О.Уранчимэг  “Махны үнэ нэмэгдсэн байна. Хонины шинэ мах 6800-7000 зарагдаж байна. Зарим нь дотроо аягүй их өөхтэй амт муутай л байдаг юм. Өмнө хонины мах  шинэ гэлтгүй 1 кг нь 5300-5600 зарагдаж байсан  чинь 6000 төгрөг болсон байна. Дулаарахаар махны үнэ буурах байлгүй дээ”

Агаарын температур нэмэх хэм рүүгээ орж, хавар болохтой зэрэгцэн махны үнэ өсчээ. Зэргэлдээ хоёр лангуун дээр байрлах хонины шинэ мах 1 кг нь 6500,  хажуугийн лангууны шинэ  мах 1 кг нь  6800 гэхчлэн үнийн зөрүүтэй байв.

Өчигдөр тогтоосон үнэ цаашид өсөх, эсвэл буурахыг хэн ч мэдэхгүй. Тухайн өдрийн өглөө ченжүүд махаа хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалж  худалдаалах  үнэд өөрчлөлт ордог аж. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Далай ээж” зэрэг томоохон худалдааны төвүүдэд ‘Хүчит шонхор’ захын үнээс даруй 1000 төгрөгөөр ахиу худалдаалдаг гэж худалдагчид хэлж байв.

Хамгийн сүүлд гаргасан махны үнийн статистик мэдээллийг сонирхвол, “Дөрөвдүгээр  сарын 4-ний өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 38 төгрөгөөр, хонины цул махны үнэ 40 төгрөгөөр өссөн байна. Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр, үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 9,600 төгрөг байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 133 төгрөгөөр өссөн’ байна.

Жил бүрийн хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах худалдаанд гаргадаг болоод нэлээд хэдэн жилийн хугацааг үдсэн ч өнөө жилийн хувьд оройтох шинжтэй байна. Албаныхны хэлж буйгаар ‘Нөөцийн мах өнөөдрөөс эхэлж зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд хүрнэ” гэсэн тайлбар өгсөн. Гэвч оройтож худалдаанд гарч буй нөөцийн мах үнийг бууруулахад нөлөөлж чадах уу гэдэг эргэлзээтэй байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж