Орчин үеийн худалдааны дайны "зэвсгүүд"

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Орчин үеийн худалдааны дайны "зэвсгүүд"

Орчин үеийн худалдааны дайны "зэвсгүүд"

АНУ-Хятадын хооронд худалдааны дайн жинхэнээсээ үүсч, хурцдав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад болон бусад орны нийлүүлдэг ган, хөнгөн цагаан зэрэг бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулах шийдвэр гаргаснаас хойш хоёр долоо хоногийн дараа АНУ Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, олон тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулсан. Бээжин ч мөн Вашингтоны энэ үйлдэлд дор нь хариу арга хэмжээ авч, АНУ-аас тус улсад нийлүүлдэг самар, гахайн мах зэрэг экспортын гол бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулж, цаашдаа бүр хатуу арга хэмжээ авахаа анхааруулсан билээ. Вашингтонд суугаа Хятадын Элчин сайд “Хятад энэ дайнд эцсээ хүртэл үзнэ” гэж мэдэгдэл хүртэл гаргав.

Энэ үеэр Уолл Стрийтийн эдийн засагч, банкирууд худалдааны дайн эдийн засагт хэдий хэмжээний хохирол учруулж, хөдөлмөрийн зах зээл, корпорацийн орлогод хэрхэн нөлөөлөхийг тооцоолж байв. Гэвч хоёр орны хоорондох худалдааны дайны урт хугацааны дараа авчрах сөрөг үр дагаврыг тооцоолох амаргүй ажээ. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россын хэлснээр худалдааны дайн яриа хэлэлцээрийн замаар шийдэгдэж магадгүй. Хоёр тал яриа хэлэлцээ эхлүүлсэн боловч хөшигний ард ямар ч өөрчлөлт одоохондоо гараагүй байна.

Худалдааны дайнаас хэн ч хожихгүй гэдгийг шинжээчид анхааруулж байгаа билээ. Үүнээс ямар муу үр дагавар гарахыг тааварлах аргагүй. Үзэл суртал, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаар тэс өөр дэлхийн хоёр том гүрний хоорондох худалдааны дайн магадгүй дэлхийн түүхийг өөрчлөх эргэлтийн үе ч байж мэдэх юм. Харин зарим шинжээчид АНУ-Хятадын хоорондох худалдааны дайныг дэлхийд ноёрхох гэсэн их гүрнүүдийн далд тэмцлийн нэг хэлбэр гэж үзэж байна. Өнөөдрийн худалдааны дайн АНУ, Хятадад гарсан томоохон улс төрийн бодлогын өөрчлөлтийн үр дагавар билээ.

Трамп, Ши Жиньпин хоёулаа улсаа дахин агуу болгох улс төрийн амлалт өгч, улс төрийн замаа зассан. Тиймээс хоёр орны хоорондох худалдааны дайн намжлаа ч гол учир шалтгаан нь байсаар байх ажээ. Худалдааны дайн гарахаас сэргийлж ирсэн АНУ-ын төрийн уламжлалт бодлогоос Трамп гажсан билээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Ричард Никсон Хятадын удирдагч асан Мао Зэдунтай уулзсан 1972 оноос хойш Вашингтон Бээжинд цаасан малгай өмсгөх стратеги баримталж ирсэн билээ. Мөн дэлхийн II дайнаас хойш холбоотнуудтайгаа ч мөн ийм зарчмаар харилцаж ирсэн.

Хятадын худалдаа, хөрөнгө оруулалт тус улсыг баруунтай холбодог. АНУ Хятадын экспортод маш том зах зээл нээж, Бээжинг олон улсын эдийн засгийн гол байгууллагууд болон ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлж, улаан коммунист Хятадыг чөлөөт эдийн засгийн системд байр сууриа олох замыг нээж өгсөн. Энэ санаа нь эдийн засгийн хөгжлийг бий болгоход хамтран ажиллах, нэг намын системээс ардчилсан системд шилжихэд нь туслах зорилготой байв. Харин Трамп АНУ-ын энэ санааг барууны ертөнцтэй эн зэрэгцэх баян хүчирхэг өрсөлдөгчийг бий болгосон түүхийн том алдаа гэж харсан.

Хятад одоо дэлхийн хамгийн том экспортлогч болж, дэлхийн эдийн засагт том орон зай эзлэх болсон. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Хятад зах зээлд чиглэсэн,  нээлттэй нийгмийн маш зөв замаар явж ирсэн. АНУ-ын олон улстөрч Хятад улам хөгжиж буйд таагүй ханддаг.  Хятад хөгжинө гэдэг нь АНУ-ын хувьд ажлын байраа хямд ажиллах хүчинд алдаж, хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрлэлд өрсөлдөх чадваргүй болж, АНУ-ын компаниудын бизнесийн боломж хумигдана гэсэн үг.

Худалдааны дайны цаад шалтгаан нь мэдээж улс төр. Хятад хэзээ ч барууны замаар замнахгүй. Гэхдээ Хятад капитализмаас хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаях зарчмаар явж ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ-ыг дахин агуу болгоно” хэмээн амласан бол Ши Жиньпин өөрийн үзэл онолыг “Хятад мөрөөдөл” хэмээн тунхагласан. Харин өнөөдөр зогсолтгүй хөгжиж дэвшиж буй Хятад болон даяарчлалд эргэлзэж эхэлсэн АНУ энэхүү худалдааны дайныг бий болгосон.  Энэ бол цаашид АНУ дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзлэхээ больж, Хятад өөрийн ашиг сонирхлын төлөө өрсөлдөх эхлэлийг тавина гэсэн үг. АНУ-ын хувьд Хятад одоо түнш биш харин өрсөлдөгч болсон билээ.

Худалдааны дайн юунд хүргэх вэ гэдэг асуулт хамгийн их сонирхол татаж буй. Хэрэв талууд бууж өгөхгүй нэг нэгнээ сөрөн зогссоор байвал асуудал даамжирч, талууд өөрсдөд ашигтай замыг сонгох нь гарцаагүй. Энэ нь дэлхийн дэг журамд өөрчлөлт оруулж ч магадгүй. Хятадын хувьд гадаад худалдаа бол амин чухал салбар. Тиймээс Трамп Ши Жиньпинийг “Хятад мөрөөдөл”-өө орхихыг ятгаж чадахгүй л болов уу. АНУ-ын дараагийн ерөнхийлөгчид ч ингэж чадахгүй. Трампын бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн сонгогдсон ерөнхийлөгч худалдааны бодлогод арай аядуу зөөлөн хандаж магадгүй. Гэвч Хятад дэлхийд ноёрхох гэсэн санаагаа хэзээ ч орхихгүй. Ардчилсан систем, чөлөөт зах зээлд энэ аюул заналхийлсэн хэвээр байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж