Д.Гантулга шалгуулъя л гэсэн

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Д.Гантулга шалгуулъя л гэсэн

Д.Гантулга шалгуулъя л гэсэн

УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэж дуулиан тарьсан нэгэн мэдээлэл бол Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх тухай юм. Энэ парламентын хамгийн залуу гишүүн, Ардын намын түүхэнд ч анхны залуухан гишүүн хүчингийн хэрэгт холбогдож жил орчим чихнээсээ хонх зүүж явна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний хэргийг сөрөг хүчнийхэн илчилж, улс төрийн золиос болгосон гэж хардах нэгэн ч бий.

Жил орчим чичлүүлсэн залуу гишүүн өөрийн бүрэн эрхээсээ түдгэлзэж, үнэн мөнийг шалгуулах хүсэлтээ хаврын чуулган нээхтэй зэрэгцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн билээ. Ингээд дээрх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцсэн ч хууль эрх зүйн ойлгомжгүй байдал үүссэн тул мухарлаж чадаагүй юм. Учир нь Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд хуралдаж Улсын их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээрт заалтыг хүчингүй болгосон билээ. Энэ нь “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заажээ.

Дээрх заалтыг хүчингүй болгосон учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй болжээ. Хууль эрх зүйн ойлгомжгүй байдал үүсээд байгаа тул УИХ-ын гишүүнийн халдашгүй байдлын дэд хороо хуралдаж гаргалгаа хайсан ч Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй л бол эцэслэх боломжгүй гэж үзээд байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ямар нэгэн байдлаар Д.Гантулгыг авч үлдэх, хамгаалах асуудал яригдаагүй. Удирдлагуудын зүгээс хуулийн дагуу яаж шийдэх ёстой, тэр хүрээнд шийдэх чиглэл барина. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ялын тогтоол ирүүлж, гишүүний өөрийнх нь өгсөн өргөдөлтэй холбогдуулаад Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах ёстойгоос Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Ингэхэд прокурор Улсын их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хурлаар хүчингүй болгосон учраас энэ асуудлыг дахиж шинээр шийдэх шаардлага гарч байна. Тиймээс Улсын их хурлын тухай хуулийн төсөлд нэн яаралтай нэмэлт өөрчлөлт оруулаад, энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг зарчим барьж байна” гэсэн юм. Мөн тэрбээр Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХ-аар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг тодотгосон билээ.

Ямартай ч Д.Гантулга гишүүн өргөдлөө өгч, МАН-ын удирдлагууд үүнийг хуулийн дагуу шийдэх чиглэл өгсөн байна. Мөн Ардын намынхан Д.Гантулга гишүүнийг өмөөрөөгүй, хуулийн дагуу шийдэх чиглэл барьж байгаагаа ч илэрхийлсэн. Чичлүүлж, чимхүүлсэн ч Д.Гантулга гишүүн Ардын намыг 65 суудалтай болоход өөрийн хувь нэмрээ оруулсан учраас суудлаасаа татгалзах, чөлөөлөгдөх асуудлыг дангаараа шийдэх эрхгүй юм. Өөрөөр хэлбэл Ардын намын 200 мянган гишүүнээс УИХ-д нэр дэвших эрх авч, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 5841 сонгогчийн итгэл хүлээсэн учраас түүний асуудал хувь гишүүний биш МАН-ын асуудал болоод байгаа юм. Тиймээс л залуу гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах шийдвэр гаргасан нь ийнхүү хуулийн мухардалд оруулжээ. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж