Нийгмийн халамжийг 1,6 сая хүн авдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийг 1,6 сая хүн авдаг

Нийгмийн бодлого, Соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Нийгмийн халамжын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Ахмад  настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хурааж, хэлэлцүүлэгт оруулахаар шийдвэрлэв. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсэгт нь буцаахаар боллоо. Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд зарим нэг эргэлзээтэй тоо баримтыг нягталлаа. Хуулийн төслийн танилцуулгад дурьдаснаар Монгол Улсын хэмжээнд нийт долоон зуун мянган ядуу буюу эмзэг бүлгийн хүн байгаа гэсэн тооцоо гаргажээ. Тэдгээр өрхөд нийгмийн халамжийг хэрхэн тэнцвэртэй хүртээх асуудал байнгын хорооны гишүүдийн анхаарлыг нэлээд татсан. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,6 сая хүн нийгмийн халамжид ямар нэг байдлаар хамрагдаж байгаагийн 700 мянга нь нэн яруу гэсэн бүртгэлтэй аж. Нийгмийн халамж түгээх нэрээр түлээ нүүрс тараах нь оновчгүй байна гэдгийг НХХ-ийн сайд Т.Ганди хэлж байсан. Тиймээс улсын хэмжээнд нийт 66 төрлийн нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлж байсныг 17 хүртэл бууруулсан байна. Гэсэн хэдий ч нийгмийн халамжид зарцуулдаг зардал 100 тэрбум төгрөг болж өссөн байна. Тиймээс хуулийн төслийн шинэчилсэн найруулгад ядуу хүн гэж чухам хэнийг хэлэх талаар тодорхойлох хэрэгтэй, энэ нь бүрхэг байна гэх шүүмжлэлийг гишүүд дагуулж байсан. Мөн эрүүл, хөдөлмөрийн чадвартай, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн, оюутан, хувьдаа байшинтай хүмүүс нийгмийн халамжид хамрагдах, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орох зэргээр халамжийн тогтолцоо ил тод бус байгаагаас шалтгаалан зорилтот хэсэгтээ хүрэхгүй байна. Тиймээс нийгмийн халамжийн тогтолцоог иргэдэд  нээлттэй, ил тод болгох хэрэгтэй гэсэн саналыг зарим гишүүд гаргаж, буцаах саналтай байгаагаа илэрхийлж байсан ч санал хураалтад 11 гишүүн оролцож, есөн гишүүн дэмжсэнээр байнгын хорооны дэмжлэг авлаа.

Б.Алтансүх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж