Мэдээллийн технологийн салбартаа Анхдагч үнэт цаас гаргагч Айтүүлс ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Баярсайханы Тамир сонгогдож, томилогдон ажиллахаар болжээ.
Тэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх төсөл /одоогийн Ebarimt/, Эмпасофт ХХК зэрэг мэдээллийн технологийн мега төсөл хөтөлбөрүүд болон компаниудад тус тус амжилттай ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Монголдоо МТ-ийн салбараас анхдагч болж үнэт цаас гаргасан амжилтаа бататган эх орондоо анхны TIER III стандартын сертификат бүхий Модуляр Дата төвийг энэ оны II улиралд багтаан ашиглалтад оруулах, Монгол хүний онцлог, оюуны чадамжийг дэлхийд үнэлүүлэхийн зэрэгцээ салбарын жишиг компани болно гэдэгт тэрээр бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Мэдээллийн технологийн хөгжлийг дэмждэг, бидэнд итгэн хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид, эрхэм харилцагчид, баг хамт олныхоо өмнө өндөр хариуцлагатайгаар, ёс суртахууныг зарчимлан баримталж ажиллах болно хэмээжээ.
Айтүүлс ХК нь өнөөдрийн байдлаар мэдээллийн технологийн дэд, суурь бүтэц болох дата төв, блокчэйн технологид суурилсан клауд фарм, домэйн нэрийн бүртгэл, веб сайт байршуулах, сервер байршуулах, физик болон виртуал серверийн түрээсийн үйлчилгээ зэрэг 10 орчим нэр төрлийн үйлчилгээг харилцагч, хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байгаа салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм.