Оросын ард түмний сэтгэл зүрхний хэлэх үгийг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Оросын ард түмний сэтгэл зүрхний хэлэх үгийг авчирлаа

Оросын ард түмний сэтгэл зүрхний хэлэх үгийг авчирлаа

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ОХУ-ын Чита хотын драмын театрын уран бүтээлчид хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгийг толилуулах гэж байна.

Оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” (Солгой) хэмээх туужаас сэдэвлэсэн “Русский секрет” (Оросын гайхамшиг) жүжгийг орчин үеийн мюзикл хэлбэрээр өнөөдөр, маргааш 19.00 цагаас хоёр удаа тоглох юм. Мөн бяцхан үзэгчиддээ зориулсан “Волшебная лампа Аладдина” (Аладины шидэт дэнлүү) үлгэрийн жүжгийг маргааш 11:00, 15:00 цагаас тоглохоор болжээ. Тоглолтыг орчуулаггүй үзэгчдэд хүрэх учраас орос хэлийг сонирхон судалж байгаа оюутан, залуучуудад хэлний мэдлэгээ тэлэх ховорхон боломж байгааг уран бүтээлчид дуулгалаа.

ЧИТА ХОТЫН ТЕАТРЫН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭГДЛЭЭ

Чита хотын уран бүтээлчид өнөө өглөө Улаанбаатарт хийсэн эдгээр тоглолтуудыг хийхээр болсон талаараа мэдээлэл хийлээ.

Чита хотын театрын захирал, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ю.И.Пояркин нээлтийн үеэр баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр “Манай театрын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ том боломж бидэнд олдсонд туйлын их баяртай байна. Орос орон бол аугаа орон. Бид Оросын олон хотуудад аялан тоглолтыг хийж байсан. Энэ удаа Монголд саатаж, уран бүтээлээ толиуулах болсондоо туйлын их баяртай байна. Чита хотын театр 1939 онд байгуулагдаж, энэ жил 79 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн сонгодог, хүүхдийн, инээдмийн төрлийн 30 гаруй уран бүтээлүүдтэй. Бид энэ удаа хоёр уран бүтээлээ сонирхуулах гэж байна. Уран бүтээлчид маань Улаанбаатарт өнөө өглөө ирсэн ч бид орой тоглолтод бэлэн байгаа.” гэсэн юм.

ТОГЛОЛТ ОРОС ХЭЛЭЭР ТОГЛОГДОХ УЧРААС СЭТГЭЛ ДОГДЛОЛТОЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

Гавьяат жүжигчин Алексей Зайнчковский “Манай театрын хувьд онцгой үйл явдал болж байна. Бид алс хол гадаадад анх удаа уран бүтээлийн тоглолтоо толилуулах болсонд баяртай байна. Тоглолт орос хэлээр тоглогдох учраас үзэгчид яаж хүлээж авах бол гэж сэтгэл догдлолтой сууна. Өнөөдөр, маргааш орос дууг та бүхэнд дуулж өгөхөд бэлэн байна. Бүгдээрээ тоглолтон дээр уулзацгаая” гэлээ.

“Чита хотын театрын уран бүтээлчид олон цаг явж ирсэн ч Улаанбаатарт бороотой өдөр угтлаа. Хаврын зөөлөн бороо бидний ядаргааг гаргаж, тоглолтоо толилуулахад бэлэн боллоо. Монголын ард түмний инээмсэглэсэн царайг хараад тэр холоос ирсэн зорилго маань үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй болсон. Үнэхээр найрсаг ард түмэн юм гэж. Оросын ард түмний сэтгэл зүрхний хэлэх үгийг авчирлаа” гэж уран бүтээлчид сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Чита хотод 1939 онд Эвлэлийн илгээлтээр ирсэн залуу жүжигчид тоглолтоо сонирхуулж, тус хотод суурьшин театрыг үүсгэн байгуулсан түүхтэй аж. Ирэх онд түүхэн 80 жилийн ойгоо тэмдэглэх театрын урын санд Оросын болон гадаадын сонгодог хийгээд орчин үеийн жүжгүүд эн тэнцүүхэн байр суурийг эзэлдэг байна. Тус театр 1987 оноос эхлэн Е.Золотарев найруулагчийн удирдлага дор хүүхдэд зориулсан олон бүтээлийг тоглож, эдгээр бүтээлүүд нь уламжлагдан баяжсаар өнөөдөр гадаадын орнуудад тоглох хэмжээнд хүрснийг уран бүтээлчид хэлж байв.

Чита хотын театрын уран бүтээлчдийн тоглолтыг өнөөдөр, маргааш Драмын театрт зочилж, сонирхоорой.

ХУВААРЬ:

  • 4 сарын 9, 10-нд 19:00 цагт ‘Русский секрет’ (Оросын гайхамшиг) мюзикл инээдмийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 20.000₮
  • 4-р сарын 10-нд 11:00, 15:00 цагт ‘Волшебная лампа Аладдина’ /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжгийг тус тус тоглох гэж байна. 

Драмын театрын тайзнаа өнөөдө, маргааш хоёрхон өдөр тоглогдох дээрх тоглолтын тасалбарын үнэ 10 000, 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг УДЭТ-ын касс, www.ticket.mn сайт болон 1900-1800 үнэгүй хүргэлтээр өгч байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж