Д.Отгонжаргал: Театрын соёл малгай авахаас эхэлдэг

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Д.Отгонжаргал: Театрын соёл малгай авахаас эхэлдэг

Д.Отгонжаргал: Театрын соёл малгай авахаас эхэлдэг

УДБЭТ–ын маркетингийн менежер Д.Отгонжаргалтай театрын маркетинг болон, үзэгчдийн соёлын тухай ярилцлаа.

–Энэ жил театрын 55 жилийн ой тохиож байна. Ойгоо угтаад ямар ажил хийхээр?

–Сонгодог урлагт хайр­тай ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ойн хүрээндээ олон ажлыг амжилттай зохион байгууллаа. Манай театр уран бүтээлийн тө­лөв­лөгөөгөө жилээр гаргадаг. Энэ дөрөвдүгээр сард дэлхийн болон Монголынхоо сонгодог бүтээлээр бэлэг барихаар төлөвлөж байна.

-“Дэггүй Лиз” балетыг тоглохоор төлөвлөсөн байсан. Энэ бүтээл манай урын санд ороод багагүй хугацааг үдлээ. Онцлог нь юу вэ?

–Энэ бүтээлийг уран бүтээлийн бодлогоор анх тайзнаа тавьсан. Бидэнд сонгодог урлагийн үзэгчийг бэлтгэх гэсэн хариуцлагатай ажил бий. Зөвхөн сонгодог урлаг гэлтгүй үзэгчгүй бол ямар ч урлаг хөгжихгүй шүү дээ. “Дэггүй Лиз” бол таныг балетад, сонгодог бүтээлд  дурлах суурийг тавих анхан шатны бүтээл. Их хөнгөн, хөгжилтэй бичигдсэн. Харин үүний дараа “Хунт нуур”, “Жизель” гээд арай хүнд бүтээлийг үзэхэд дөхөм болох юм.

–Сонгодог урлагийн маркетингийг хэрхэн хийдэг юм бэ. Бусдаас ялгарах онцлог нь юу вэ?

–Сонгодгийг бүх ур­ла­гийн оргил гэж үздэг. Балет, дуурь бол дээшээ тэмүүлсэн бадрангуй ур­лаг. Тиймээс маркетинг нь хүр­тэл “сонгодог” байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

–Тэгвэл танай театрын маркетинг чинь “сонгодог” байж чадах уу?

–Одоогоос 10 гаруй жи­лийн өмнө манай театрын захирал бай­сан Б.Сэргэлэн энэ маркетин­гийн үндсийг тавьсан. Тэрээр бүжигчнээс маркетингийн менежер болж, сүүлд нь захирал болсон туршлагатай. Тэр хүний суурийг нь тавьсан бодлого одоо үр өгөөжөө өгч, цэцэглэж байна. Бид бүтээл бүхний онцлогийг харуулсан маркетингийн төлөвлөгөө гаргадаг. Жи­шээл­бэл, “Дэггүй Лиз” балетыг тоглоход ур­ла­­гийн боловсрол тал руу нь хандсан маркетинг хийдэг. Харин “Чингис хаан” дуурийг тавихад Монголынхоо сон­год­гийг хэрхэн сурталчилах вэ гэж төлөвлөгөө гаргадаг.

–Танай театрын хувьд сурталчилгаа хийж байгаа нь төдийлөн харагддаггүй?

–Зөвхөн манай театр ч биш дэлхий ний­тэд сон­годог урлагт сурталчилгаа хийдэггүй. Учир нь энэ урлаг “сонгодог” гэсэн үнэ цэнэтэй нэрэн дор явдаг учир сурталчилгаа тохирохгүй гэж дэлхийн жишигт үздэг. Тиймээс тоглолт бүрт тусгайлан сурталчилгаа бэлдэж, хэвлэлээр цацаад байдаг­гүй. Зөвхөн тусгайлсан, шинэ бүтээл гаргахдаа л тодорхой хэмжээний сурталчилгаа бэлддэг. Гэх­дээ энэ нь манай дуурь, балетыг үзээрэй гэх биш. Бүтээл хэрхэн төрсөн тухай нэвтрүүлэг хийхийг эрмэлздэг.

–Сонгодог урлагийн үзэгчид ч ялгаагүй “сонгодог” байх ёстой юу?

–Сонгодог урлагийн үзэгчийг багаас нь бэлд­дэг. Үүний тулд олон жилийн хөдөлмөр шаард­даг. Өнөөдөр бидний хийж буй ажлын үр дүн 10 жилийн дараа гарна. Тэгэхээр одоогоос 10 жилийн өмнөх үзэгчдийн боловсрол 2-3 шатаар ахисан байна. Учир нь хэн нэгэн шууд театрт ирээд дуурь үзээд ойл­го­ход хэцүү. Тиймээс бид хүү­хэд байхаас нь энэ урлагт дурлуулах, ач холбогдлыг нь ойлгуулах ажлыг зохион байгуулдаг. Сургууль дээр нь очоод мэдээлэл өгнө. Сонгодог урлаг гэж юуг хэлдэг, театрт хэрхэн биеэ авч явах ёстой вэ гэсэн алх­муу­дыг заахад хүүхдүүд их амархан ойлгодог. Бид сүүлийн 10 гаруй жил  “Сон­годог урлаг хүүхдийн боловсролд”, “Сонгодог ур­лаг ба хүүхдийн хөг­жил”, “Сонгодог урлаг бүх нийтийн боловсролд” гэсэн уриан дор олон төс­лийг хэрэгжүүлж бай­на. Нийслэлийн ерөн­хий боловсролын зарим сургуулиудад очиж ажил­ладаг.

–Мэдээлэл авч, сургал­тад хамрагдсан хүүхдүүд театрт ирэхдээ илүү болов­сон үйлчлүүлдэг үү?

–Тоглолт үзэхээр ирэх­дээ театрын соёлд тохирсон хувцас өмсөхөөс гад­на биеэ их зөв авч явдаг. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжилд ч тустай. Уран бүтээлчдэд ч тайзан дээр тоглоход их амар байдаг.

–Ер нь театрын соёл юунаас эхэлдэг юм бэ?

–Миний лекц “Театр бол урлагийн ариун сүм юм” гэж эхэлдэг. Театрт хамгийн түрүүнд орж ирсэн хүн малгайгаа авах хэрэгтэй. Энэ нь театртай мэндэлж байна гэсэн үг. Тоглолт эхэлэхээс 20-30 минутын өмнө ирчихсэн байх ёстой. Заавал хувцсаа өлгүүлнэ. Үүнээс гадна алга ташилтын соёл гэж том ойлголт бий. Тоглолт дундуур алга ташихыг хориглодог. Энэ нь уран бүтээлчдийн анхаарлыг саринуулах аюултай. Тиймээс үзэгдэл дуусаад жүжигчид төв хөшигний өмнө гарч ёслоход алга таших ёстой. Энэ бүгдийг бид хүүхдүүдэд хэлж, заадаг.

–Эцэг, эх нь энэ урла­гийн тухай ойлголттой байж хүүхдээ театр руу явуулна шүү дээ?

–Бидний дараагийн шат бол эцэг эхэд нь бо­ловс­­рол олгох. Энэ ажил маань ч үр дүн­тэй явж байна. Манай менежерүүд албан бай­гуул­лагуудад очиж лекц уншдаг. Зөвхөн хүүхдээ театр руу явуулахаас гадна байгууллага, хамт олноороо ирж, тоглолт үздэг болсон.

–Үзэгчдийн хувьд сүү­лийн жилүүдээс хэр нэмэгдэж байна?

–Шууд 100 хувь нэмэг­дэнэ гэж байхгүй. Жил өнгөрөх тусам 20-30 хувь нэ­мэгд­сэн үзүүлэлт гардаг. Харин жилээс жилд байнгын үзэгчийн тоо өсч байна. Энэ нь сонгодог урлагийн хувьд хөгжил тогтвортой байна гэсэн үг.

–УДБЭТ–ын хувьд га­даад харилцаандаа түл­хүү анхаардаг. БНСУ–ын Тежон дуурийн бай­гуул­лагатай хамтарсан тоглолт хийж байгаа шүү дээ?

–Бид сүүлийн гурван жил БНСУ–ын Тежон дуурийн байгууллагатай хол­боотой ажиллаж бай­на. Манай уран бүтээлчид Солонгост очиж илүү эрэлт­тэй байгаа бүтээлийг тоглодог. “Кармен”, “Травиата” гээд алдартай олон дуурийг тоглосон.

–Яагаад монгол бүтээ­лээ тоглож болдоггүй юм бэ?

–Эхлээд бид захиа­лагч талынхаа хүсэлтийг хардаг. Тэд монгол дуу­чид дэлхийн шилдэг бүтээ­лийг хэрхэн амилуулж байна гэдгийг харсныхаа дараа энэ бүтээлийг тог­лооч гэсэн хүсэлтээ тавьдаг. Тиймээс удах­гүй гадны зах зээлд үндэс­ний бүтээлээ тоглохыг үгүйсгэхгүй. Ингэхийн тулд манай бүтээлүүд өөрийн гэсэн хэлбэр, онцлогтой байх ёстой. Мөн бүрэн бүрэл­дэхүү­нээ­рээ очиж тог­лоход то­дор­хой хэмжээ­ний сан­хүү­гийн асуудал тулгардаг. Үүний тулд нарийв­чилсан марке­тингийн төлөвлө­гөөг бид хийж байна. Удахгүй үр дүн харагдах болов уу.

–Гадны дуурийн теат­рынхан маркетингаа хэр­хэн хийдэг юм бэ?

–Гадны зарим теат­руу­дыг харахад манайх шиг байнгын уран бү­тээлч гэж байдаггүй. Театрт зөв­хөн маркетинг бо­лон захир­гааны алба­тай. Тоглолт хийхдээ гаднаас буюу дэлхийд эрэлттэй байгаа уран бүтээлчийг урьж тоглуулдаг. Тухайлбал, манай Э.Амартүвшин, Ч.Бадрал зэрэг өсч яваа залуу дуучдыг. Ингэснээр хангалттай ашиг олдог. Дуучин нь өөрөө алдартай болохоор сурталчилгаа хийх шаардлагагүй байдаг юм билээ.

–Та энэ салбарт хэр удаан ажиллаж байна?

-Би энэ салбарт тас­ралт­гүй 15 жил ажиллаж байна. СУИС-ийг менеж­мент маркетингийн чиг­лэ­лээр, Соёл урлагийн ме­не­жер, удирдах ажилт­ны мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: Зууны  мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж