Визний асуудал хийгээд, дипломат албаны халдашгүй дархан байдал гэгчийг холбож яривал Р.Алиевын “Загалмайлсан хадам эцэг” баримтат туужид гардаг үйл явдал өөрийн эрхгүй дүрслэгдэх аж. Энэ туужид хүргэнээ баривчлуулах далд зорилго агуулан, дипломат паспорт өвөрлүүлэн харьд “илгээж” буй тухай өгүүлдэг. Гэвч хүргэнийг нь угтсан орон өөрийн хуулийн дүрмийн дагуу иргэнээ хамгаалж, хадам эцгийнх нь занганаас мултална. Тэгвэл Б.Хурцын тухайд “Загалмайлсан хадам эцэг” нь хэн байсан нь ойлгомжтой байгаа биз. Мэдээж тухайн үед “чухал даалгавар” өгч Англи руу илгээгээд тавьчихсан хүн нь Монголын Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж асан Н.Энхбаяр. Эдүгээ амьд сэрүүн, гайхалтай сайн сайхан яваа экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга шүү дээ. Тэгэхээр яагаад энэ талаар түүнээс асууж тодруулж болохгүй гэж. Дашрамд дурьдахад Улаанбаатар дахь Их Британий Элчин сайдын яам гэгч нь виз олгох эрхгүй. Тэгэхээр ямар ангиллын виз олгох вэ гэдгийг Бээжин дэх Их Британий Элчин сайдын яам, Их Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам ярилцаад шийдсэн хэрэг.
Тухайн үед энэ талаар хамгийн их мэдээлэлтэй хүн бол Диксон байсан ч, шүүх хурал эхлэх яагаа ч үгүй байхад түүнийг эх орон нь татан авсан. Хэдийгээр “хариуцлага тооцноо” гэж аваачсан ч очингуут нь шагнасан ч юм билүү, хэн мэдлээ.
Б.Хурц Н.Энхбаярын даалгавраар тэр хар өдөр Английг зорих хүртлээ Унгар дахь Монголын Элчин сайдын Яаманд ажиллаж байсан аж. Харин энэ талаар Унгар дахь Элчин сайдын Яамныхнаас ам ангайх зоригтой, эрх мэдэлтэй хүн одоохондоо олдохгүй байна. Б.Хурц “контрабандчин” байна уу, дипломат албаны ажилтан байна уу, бизнес ангиллын визээр зорчсон учраас л хүний нутагт ял эдэлж байгаа гэсэн тайлбарыг Английн шүүхийнхэн өгч байгаа. Засгийн газрын тэргүүний зараалаар, дипломат паспорт өвөртлөн С.Зориг агсны “алуурчныг” баривчлахаар Английг зорьсон Б.Хурц визнийхээ ангилалд огтхон ч ач холбогдол өгөөгүй нь харамсалтай. Тэр ч байтугай өөрөө баривчлагдахаа гадарлаа ч үгүй болохоор хэчнээн додигор явсан бол оо гэхээс төсөөлөхөд эмзэглэнэм.
Энэ хэргээс хойш Элчин сайд гэгч нь зөвхөн хоёр улсын хоорондын хэргийг хамаарагч бус тагнуулын үүрэг гүйцэтгэж, өөрийн улсын Засгийн газрын таашаалд нийцүүлэн ажиллахын тулд юу ч хийхээс буцдаггүй, тийм л эрх бүхий хүмүүс байдгийг мэдэж авсан. Гадны дипломатчдын халдашгүй байдлын бат бэх чанарыг манай дипломатчдын үнэ цэнэгүй, хэврэг байдлыг харьцуулах нь дэндүү гэнэн хэрэг бололтой.
Нэгэнт Б.Хурцын талаар дээрх цуврал нийтлэлд хангалттай бичиж байгаа болохоор одоо Н.Энхбаярыг “эргүүлж мөлжих” нь дээр болов уу. Ямар ч байсан тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын хувьд Б.Хурцыг дуудан ирүүлж, Английн хилээр давуулах л үүрэгтэй байсан бололтой. Хил давуулах ч гэж дээ, газардаж амжаагүй байхад нь баривчилснаар Н.Энхбаяр үүргээ амжилттай биелүүлсэн хэрэг.
“Загалмайлсан хадам эцэг” туужийн гол дүр Казахстаны Ерөнхийлөгч Норсултан Назарбаев, Монголын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр нарт ижил төстэй тал дэндүү олон бий. Хамгийн гол нь хэмжээгүй эрхэт Ерөнхийлөгчийн засаглалтай болгох талаар тэдний “утопи” мөрөөдөл нь эрх мэдлийг гартаа атгасан алтан боломжийг ашиглан юунд ч хүргэж мэдэхээр байдаг нь хамгийн аюултай. Нөгөөтэйгүүр, Казахстан, Монгол хоёр улс юугаараа ижил гээч. Хятаджиж байгаагаараа, газар нутгаа сөөм сөөмөөр хятадуудад эзлүүлж, түрээслүүлэх нэрийдлээр худалдаж байгаагаараа ижил. Магадгүй өнөөдөр Н.Энхбаяр Н.Назарбаевт атаархан байж яддаг байх л даа. “Надад ч гэсэн ийм боломж байсан юм шүү дээ” гэхээс тэчьяадаж суудаг нь эрүүл улстөрчид байх л ёстой эмзэглэл.
Б.Хурцыг Английн талд баривчлагдсаны маргаашаас л “Түүнийг Н.Энхбаяр даалгавар өгч явуулсан шүү дээ”, “Н.Энхбаярыг Германы төр, засгийн өндөр албан тушаалтан дуудаж ирүүлж, нууцаар уулзан даалгавар өгч байсан” гэхчлэн хэвлэлүүдэд бичиж эхэлсэн ч тэгсгээд чимээ алдарсан. Тэгэхээр Английн тал уг хэргийг Германы талд шилжүүлэх нь ч тодорхой байж. Харин эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж яваа Н.Энхбаяр тухайн үед яагаад Б.Хурцыг “илгээсэн” тухайгаа ганц ч үг унагаагүй байгаа. Б.Хурц сайн, муу хүн байсан нь хамаагүй. Монгол Улсын иргэн, хамгийн гол нь Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад явсных нь хувьд хуулийнхны хамгийн түрүүнд хийх ажил нь тухайн үед даалгавар өгч явуулсан Гүйцэтгэх засаглалын тэргүүн, одоогийн МАХН-ын дарга, иргэн Намбарын Энхбаярыг дуудаж тайлбар авах ёстой. Хэрэв ирэх сонгуулиар олон нийтэд тод харагдах арга хэрэгслээ болгох гэж байгаа л биш бол тэрбээр долоодугаар сарын нэгний үймээний талаар, С.Баярын эсрэг тайлбар өгөх болохоороо гүйж очоод л өгдөг шигээ энэ хэргийн хамгийн том гэрч, цаашилбал “хэргийн эзэн” ч байхаар хардагдаж байгаагийн хувьд тэр үнэнийг өчих нь дамжиггүй.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин