УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Б.Саранчимэг нар оролцов.
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ХАЯНХЯРВАА:
-Бүлгийн хурлаар хэд хэдэн асуудал яригдлаа. Тодруулбал, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнийг судлах ажлын хэсэг гаргахаар болсон. Мөн төвлөрлийг сааруулах асуудал нэлээд яригдаж байна. Ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар төвлөрлийг сааруулах тодорхой төлөвлөгөөтэй орж ирэхийг Засгийн газраас хүссэн. Ингээд Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, аймаг орон нутгаас санал авах талаар ярилцлаа.
Хамгийн сүүлд Д.Гантулга гишүүний өргөдлийг хэлэлцлээ. Өмнө нь ямар нэгэн байдлаар Д.Гантулгыг авч үлдэх, хамгаалах асуудал яригдаагүй. Удирдлагуудын зүгээс хуулийн дагуу яаж шийдэх ёстой, тэр хүрээнд шийдэх чиглэл барина. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ялын тогтоол ирүүлж, гишүүний өөрийнх нь өгсөн өргөдөлтэй холбогдуулаад Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах ёстойгоос Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Ингэхэд прокурор Улсын их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түтгэлзэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хурлаар хэлэлцээд, хүчингүй болгосон учраас энэ асуудлыг дахиж шинээр шийдэх шаардлага гарч байна. Тиймээс Улсын их хурлын тухай хуулийн төсөлд нэн яаралтай нэмэлт өөрчлөлт оруулаад, энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг зарчим барьж байна. Түүнээс биш Д.Гантулга гишүүнийг хамгаалах тухай асуудал байхгүй. Хэрэв Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХ-аар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Улсын их хурлын тухай хуулиа бариад Д.Гантулга гишүүний өргөдлийг хэлэлцэх боломжгүй байгаа ч Үндсэн хуулиа барих юм бол гишүүний өргөдлийг хэлэлцэх боломж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуудалд би хуульч биш болохоор мэргэжлийн хуульчдаас асуухад прокуророос ирсэн тогтоолыг УИХ хэлэлцэж болохгүй. Хэрэв хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно гэдэг тайлбар өгч байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт Үндсэн хууль болон бусад хуулийг судалж байгаад тодорхой шийдэл гаргана.
-МАН эрх бариад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд зээл авч, өр төлөхөөс өөр ямар ямар ажил хийсэн бэ?
-Монголчууд өөрсдөө нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Өнгөрсөн 2016, 2017 оны хувьд эдийн засгийн хувьд урагш харж ажил хийх боломж үндсэндээ байгаагүй. Манай намын хувьд Засаг төрөө сольсон гээд олон түмний өмнө уучлалт гуйх асуудал үүсгэсэн нь үнэн. Гэхдээ бидэнд эдийн засгийн хувьд ажил хийх бололцоо нөхцөл хомс байсан. Цалинтай ээж, Насны хишиг, хүүхдийн мөнгө гэх мэт асуудлыг шат дараатай шийдээд явж байна. Бүтээн байгуулалтын хувьд зам харгуй үйлдвэрлэлтэй холбоотой асуудал ярьж байна. Шууд түс тас шийдэх боломж хомс байна. Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцаж байгаа.