Замын голд автобусны 60 буудал байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Замын голд автобусны 60 буудал байгуулна

Замын голд автобусны 60 буудал байгуулна

Нийслэлийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2018.4.9/ болж байна. Хуралдаанаар Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Хурлын үеэр нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төслийн талаар төслийн удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Өлзийбаяраас тодрууллаа.  

-BRT төслийн санхүүжилт 2015 онд шийдэгдсэн. Төсөл хэрэгжээгүй ч хүү төлөгдөж байгаа. Одоогоор төслийн ажил ямар шатандаа явж байна. Бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ?

-Төслийн ТЭЗҮ 2008 онд гарч, 2015 онд УИХ-аар батлагдсан. Түүнээс хойш хотын удирдлагууд метро бариулах шийдвэр гаргаснаас хойш энэ ажил бага зэрэг хойшилсон. Шинэ Засаг дарга BRT төсөл нь метро барихаас илүү үр дүнтэй гэж үзсэнээр энэ төсөл үргэлжлэхээр болсон. Ингэснээр 2017 оны тавдугаар сард төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулсан. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ. Ерөнхий хар зураг гарсан ч холбогдох судалгааг нарийвчлан хийж байна.

-BRT-төслийг энгийнээр I, II эгнээгээр нийтийн тээвэр зорчих боломж олгох төсөл гэж ойлгож байгаа. Төслийн хүрээнд ямар ажил хийх вэ?

-Төслийн үндсэн агуулга нь нийтийн тээврээр зорчих хэсэг замын голд байх юм. I, II эгнээгээр нийтийн тээвэр зорчиж, автобусны буудал замын голд байрлана. Төслийн хүрээнд нийт 60 орчим буудал барихаас эхний ээлжид 15-ыг барина.

ТЭЗҮ-гээр хар зургийг гаргасан. Нарийвчилсан зураг төсөл гаргах олон улсын нээлттэй тендер зарласан. Үүнд 20 гаруй байгууллага оролцсон. Хоёр дахь шатанд дөрвөн компани шалгарсан. Үүнээс шалгарсан нэг нь нарийвчилсан зургийг гаргаж, автобусны буудлыг хаана байрлуулах, түгжрэлийг хэрхэн бууруулах зэрэг зураг төслийг боловсруулах юм.

-Энэ жил хийх замын бүтээн байгуулалтын ажилтай хэрхэн уялдах вэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд замаа дахин шинэчлэх үү?

Бүтээн байгуулалттай уялдуулан коридор байгуулж байгаа. Өмнө нь коридорыг Энхтайваны өргөн чөлөөний ойролцоо байхаар тохирсон байсан ч гүүрний бүтээн байгуулалттай холбоотойгоор хотоос зайдуу, Нисэхээс Долоонбуудлын чиглэлд эхний коридорыг байгуулахаар болсон.

-Төсөл хэрэгжсэнээр замын түгжрэл хэдэн хувь буурах вэ?

Бидний тооцоолсноор замын түгжрэл 20-30 хувь буурч, хурд 10 км/цаг байгааг 30-35 км/цаг болгоно. Хурдыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа.

-Одоо байгаа зам дээр бүтээн байгуулалт хийх юм уу. Мөн төслийн хүрээнд хэдэн автобус нэмж авах вэ. Шалгуур нь юу байх бол?

-Олон төрлийн автобусыг бидэнд санал болгосон. Судалгаа хийсний дүнд үүнээс CNJ буюу байгалийн хийгээр ажилдаг автобус, дизель хийгээр ажилдаг автобус авна. Эдгээрээс судалгаа хийж байгаад Улаанбаатар хотод илүү тохиромжтойг нь сонгоно. Нийт 145 автобус авах юм. Автобус маань замын голоор зорчих тул хоёр талаараа онгойдог байна. Нэг автобусыг 70-80 мянган ам.доллароор худалдаж авна.

-Төсөлд 274 сая ам.доллар зарцуулж байгаа гэсэн. Хүү нь хэд вэ. BRT төслийг аль болох богино хугацаанд хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хэрэглээнд нэвтрэх эцсийн хугацаа хэзээ  вэ?

-Төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банкнаас 215 сая ам.доллар авсан. Зээл дөрвөн хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай. Мөн Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.доллар гээд нийт 274.4 сая ам.доллароор төсөл хэрэгжиж байгаа юм. 2020 онд төсөл бүрэн хэрэгжинэ гэж тооцоолж байгаа.

НИТХ-ын Төлөөлөгчид BRT төслийн ажлыг яаралтай хэрэгжүүлэхийг сануулав.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж