Тусгаар тогтнол зөвхөн шүлгэн дээр тогтдоггүй юм, Ерөнхийлөгч өө

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнол зөвхөн шүлгэн дээр тогтдоггүй юм, Ерөнхийлөгч өө

Тусгаар тогтнол зөвхөн шүлгэн дээр тогтдоггүй юм, Ерөнхийлөгч өө

Бямба гаригийн өдөр Чингисийн талбайд 3333 хүүхэд жагсаж, Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Ерөнхийлөгчийн хамт уншив. Ерөнхийлөгч цаас харж уншсаныг эс тооцвол сошиалд олон хүн огшжээ, энэ үйл явдалд.

“Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр

Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр

Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр

Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр

Тусгаар тогтнол чамайг. Тунхаглан бичнэ би”…… төв талбай дээр гэлтгүй гэртээ компьютерээс татаж аваад уншихад сэтгэл хөдөлгөдөг  сайхан шүлэг. Ямар ч монгол хүн энэ шүлэгт дуртай.  Олон хүний цус, нулимс, амиар сольсон эрх чөлөө, Тусгаар тогтнол.

Ерөнхийлөгчийг хүлээж, хүүхдүүд талбай дээр удаан зогссоноос хоолой нь өвдөж, ханиад хүрсэн тухай твиттерт хоёр ээж жиргэснийг эс тооцвол эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, төв талбай дээрээ монгол хүүхдүүд “Тусгаар тогтнолоо тунхаглан” зарлаж байгаа нь бахадмаар, бас бахархмаар. Тэд  тусгаар тогтносон Монгол Улсын иргэд. Цаашид тусгаар тогтнолоо хамгаалж явах ирээдүй маань.

Ингэхэд НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр тунхаглан зарласан тусгаар тогтнолоо бид яаж хамгаалж явах ёстой юм бэ? Яг эндээс л өнөөдрийн улс төрд өрнөж байгаа үй олон асуултын хариулт хөндөгдөнө. Яагаад Оюутолгойн гэрээг цуцалчихаж  болохгүй вэ, яагаад Тавантолгой төслийг яаралтай хөдөлгөх шаардлагатай вэ, яагаад Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ, яагаад төмөр зам барих ёстой вэ, яагаад Үндсэн хуулийг шинэчлэх учиртай вэ, яагаад, яагаад, яагаад?

Яагаад гэвэл Монголын тусгаар тогтнолын баталгаа нь эр цэргээс илүү эдийн засгийн хөгжил. Эдийн засгийн хөгжил нь эргээд улс орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болдог учраас эх оронч гэж хий цээжээ дэлдсэн иргэдээс илүү дэлхийн хэмжээний мэдлэгтэй, мэдээлэлтэй, хийдэг, бүтээдэг, сэтгэдэг, боловсролтой, соёлтой ирээдүй бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд Үндсэн хуулиа ядаж л ‘Мал төрийн хамгаалалтад байна’ биш ‘Хүн төрийн хамгаалалтад байна’ гэж өөрчлөх ёстой байх.

Амьдрал зөвхөн хайр дээр тогтдоггүй шиг тусгаар тогтнол зөвхөн эх орончийн дуулал дээр тогтдоггүй нь абсолют үнэн. Төмөр замаар түмэн цэрэг орж ирнэ гэдэгт итгүүлж, айлгадаг, тэднийг зөвхөн цагаан цаас гэж боддог төртэй байгаа цагт 3333 хүүхэд төв талбай дээр жил болгон тусгаар тогтнолоо бахдан зарлаад яалтай. Автобусанд орж ирсэн архичин монгол “Монголыг хужаа эзэллээ, ард түмээн” гэж агсам тавьж, цээжээ балбаж байгаа цагт Монголын тусгаар тогтнолыг хүүхдүүд мянган удаа магтан дуулаад яалтай.

Хятадуудыг хараан зүхэж, хүрз барьж, уул уурхайгаа ухахаас өөрөөр иргэд нь боловсролтой, эдийн засаг нь хүчирхэг байж гэмээнэ тусгаар тогтнолоо хамгаалж чадна гэх энгийн идейг л хүүхдүүддээ ойлгуулахаас тусгаар тогтнол эхэлнэ.

Хүүхдүүдийг жагсааж, хамтдаа шүлэг уншин огших сайхан, гэвчиг монгол хүүхдүүд ямар орчинд өсч торниж, сурч, хүмүүжиж, боловсрол мэдлэг авч байгаагаар Тусгаар тогтнолын баталгаа яригдана.

Монгол хүүхдүүдтэй холбоотой хэдхэн статистик тоог энд сонирхуулъя. ‘Сүүлийн таван жилийн байдлаар /2011-2017/ тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин хөдөө орон нутагт 20.5, Улаанбаатар хотод 16.8 байна. Үүнд, перинатал үед үүссэн эмгэг 44.7 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 15.8, осол гэмтэл 13.3 хувь, нярайн эндэгдлийн шалтгааны 9.6 хувийг төрөлхийн хөгжлийн гажиг эзэлж байна’ гэж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрт бичжээ.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар, жилд дунджаар 4000-4500 хүнд яаралтай тусламж үзүүлдгийн 2500-3500 нь 0-5 насныхан аж. Хүүхдийн түлэгдэл, тэр дундаа халуун тогоотой хоол, цайнд бага насны хүүхэд түлэгдэх явдал хүүхдийн эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг болжээ.

Тусгаар тогтносон Монгол Улсын ирээдүй ийм л орчинд өсч, өндийж байна. Тэдний сурах, эрүүл амьдрах, боловсрох эрхийг хулгайлдаг, худалддаг томчууд. Уг нь эрүүл, боловсролтой, эдийн засгийн хүчирхэг иргэн бол Монголын маргаашийн тусгаар тогтнол билээ.  Тусгаар тогтнол зөвхөн шүлгэн дээр тогтдоггүй юм, Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж