АН: Д.Гантулга гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

АН: Д.Гантулга гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой

АН: Д.Гантулга гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсан. Хурлаар гишүүдийн ёс зүйн асуудал болон Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тэд энэ талаар  мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Ардчилсан нам гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой мэдээлэл хийх ёстой гэж үзсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, жендерийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй. Ардчилсан намын бүлэгт ирж буй мэдээллээр Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд орлоо гэсэн. Хуулийн мухардалд орно гэж байхгүй. Гишүүн хэрэв хэрэгт холбогдсон бол УИХ-аар заавал хэлэлцэх Үндсэн хуулийн заалт бий. Тиймээс гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргасан бол УИХ-аар хэлэлцэх ёстой гэж харж байна. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-“Эрдэнэс-Таван толгой” ХК-ын 1072 хувьцааг иргэн бүр эзэмшээд удаж байгаа ч үр ашгийг нь хүртэж чадахгүй байна. Нийтийн өмчлөлийн “Эрдэнэс-Таван толгой” компанийн баялаг хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах вэ гэдэг зохицуулалт байхгүй. Өнөөдөр иргэд энэ компанийн 14 хувийг эзэмшиж байгаа ч үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй байна. Тиймээс нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийг шинэчилж батлахаар төлөвлөж байна. Хуулийн төслийн гол үзэл санаа нь төрийн өмчид байгаа 86 хувийг иргэдэд эзэмшүүлэх, компанийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хуулийн төслөөр бол төр алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь ногдол ашиг авахгүй ТУЗ болон удирдлагууд хууль зөрчсөн шийдвэр гаргасан төр хориг тавих эрхтэй байна гэсэн үг юм. Хуулийн төслийг дагалдаж хэд хэдэн хууль гарна. 

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-“Эрдэнэс-Таван толгой” компанийн 86 хувийг иргэдэд хэрхэн эзэмшүүлэх вэ?

-Хуулийн төсөл дээр нарийн зүйл тусгасан. Хууль батлагдсаны дараа УИХ-ын тогтоол гарна. Тэр тогтоол дээр иргэдэд эзэмшүүлэх хувьцааны асуудлыг зохицуулахаар төлөвлөж байгаа. 

-Компанийг нээлттэй хувьцаат компани болгохын тулд юунд анхаарах ёстой вэ?

-“Эрдэнэс-Таван толгой” ХК-ын хувьцааны нэрлэсэн дүн 933 байгаа. Энэ үнийг доош болгохгүйн тулд компанийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэлийг сайтар хангах ёстой. 

-Компани өнгөрсөн жил хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ?

-Компани 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс энэ хуулийн гол зорилго нь иргэдэд олгох ногдол ашгийг хуваарилахад оршиж байгаа юм. 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж