Сирид өнгөрсөн бямба гаригт /2018.04.07/ дахин химийн халдлага гарсан тухай мэдээлэл гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Башар Аль-Ассад болон түүнийг дэмжигч ОХУ, Ираны ерөнхийлөгчдийг буруутгаж, “Энэ үйлдлийнхээ хариуг заавал төлөх болно” хэмээн анхааруулсан байна. Ингэхдээ тэрбээр Путиныг анх удаа нэрээр нь дууджээ.
Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт босогчдын хяналтад буй Дума хотод болсон химийн халдлагад хэдэн арван хүн өртжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр /2018.04.09/ энэ асуудлаар ээлжит бус хуралдаан зарлах гэнэ.
Гэвч Сирид химийн халдлага болсон гэдгийг Сири, ОХУ-ын Засгийн газрын аль алин нь үгүйсгэжээ. Европын холбоо Сирид химийн халдлага гарсантай холбоотой асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна.
“White Helmets” буюу “Цагаан дуулгатнууд” байгууллагын нэгэн аврах ажилтан халдлага гарсан байшин дотор олон хүмүүс нас барсан байхыг харуулсан видео бичлэгийг цацсан юм. Амиа алдсан тэдгээр хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд ч байгаа ажээ. Бичлэгт тэдний амнаас нь цагаан хөөс сахарч байжээ. Бас өөр нэгэн видео бичлэгт химийн халдлагад өртсөн жаахан хүүхэд эмнэлэгт эмчлүүлж буйг харуулсан байна.
Гута дахь Эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагуудын холбооны мэдээлснээр ойролцоогоор 70 –аад хүн амиа алдсан гэнэ.
Дума дахь онцгой байдлын газрын иш татсанаар химийн бодист хордсон шинж тэмдэгтэй 500 орчим хүн эмнэлэгт очсон байна.
2017 оны дөрөвдүгээр сард сөрөг хүчний босогчдын байрлаж байсан хотод хорт хийн халдлагад өртсөн 80 гаруй хүн амиа алдсан. Үүний хариуд АНУ Сирийн агаарын баазад цохилт өгсөн билээ.
Эх сурвалж: BBC