Монгол улсын шайбтай хоккейн шигшээ баг Филиппин улсад зохион байгуулагдсан Азийн холбооны Челленж Кап тэмцээнд анх удаагаа түрүүлж аваргын алтан медаль хүртлээ. Энэхүү амжилт нь Монголын шайбтай хоккейн түүхэнд хилийн чанадад үзүүлж буй анхны хамгийн том амжилт болж байна.
Н.Мишигсүрэн ахлагчтай Монголын шигшээ баг 4 тоглолт хийснээс 3 хожил байгуулж 1 хожигдсон амжилтаар Челленж Кап тэмцээний 2018 оны аваргын болзол хангасан юм. Тэрээр Сингапурын багийг 5-3, Кувейтийн багийг 11-2, Тайландын багийг 5-1 харьцаатай хожсон бол тэмцээнийг зохион байгуулагч орон Филиппинд 6-5 харьцаатай хожигдсон байна. Монгол улсын баг тэмцээнийг 9 оноотой тэргүүлсэн бөгөөд 26 гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан бол 12 гоолыг өөрсдийн хаалгандаа алдсан.
Азийн хоккейн холбооны Челленж Кап тэмцээнд Монгол улсын шигшээ баг 8 удаа оролцож анх удаагаа аваргын алтан медаль хүртэж байна. Анх 2009 онд оролцож эхэлсэн бол 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл, 2017 онд мөнгөн медаль хүртэж байсан. Манай улсын шайбтай хоккейн хөгжил нэг шатаар ахиж байгаа нь энэ бөгөөд цаашид амжилтаа ахиулж зэрэглэл ахих бүрэн боломжтой гэдгээ харуулаад байна.
Б.БЯМБАБАЯР