Албаны эх сурвалжуудын мэдээлснээр тэдгээр сургуулиуд аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хаагдсан байна. Энэ үйл явдлын мөрөөр улсын сургуульд хамрагдах боломжгүй цагаач ажилчдын хүүхдүүдийг ялгаварлаж байна гэх үзэл Хятад даяар дэлгэрч эхэлжээ. Хятадын хүн амын бүртгэлийн системийн дагуу цагаач ажилчид орон нутгаасаа хот руу шилжиж ажиллахаар болбол бүртгэл нь орон нутагтаа хэвээр үлддэг байна. Тэдгээр хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэдэд хотын бүртгэл байхгүй тул төрөөс эрүүл мэнд, боловсролын тал дээр үйлчилгээ авах боломжгүй болдог аж. Тиймээс цагаач ажилчдын хүүхдүүд ихэнх тохиолдолд хямд, хувийн сургуулиудад суралцдаг бөгөөд эдгээр сургуулиудын зарим нь улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй гэнэ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр эрх баригчид Бээжин хотын Хайдиан, Чаоян, Дашин зэрэг дүүрэгт орших 24 сургуулийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Харин сургуульгүй болсон хүүхдүүд, ажилгүй болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн асуудлыг улсаас хэрхэх нь тодорхойгүй үлджээ.