Бахрейны гранприд С.Феттел түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Бахрейны гранприд С.Феттел түрүүллээ

Бахрейны гранприд С.Феттел түрүүллээ

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны 2018 оны ДАШТ-ний 2 дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Персийн буланд орших Бахрейны вант улсын Сахир дахь ОУ-ын авто тойрууллагад болж өндөрлөлөө. Урьдчилсан гараануудаас л гол өрсөлдөөн Феррари болон Мерседес багийн нисгэгч нарын дунд өрнөж байсан бөгөөд байрлал тогтоох уралдаанд С.Феттел тэргүүлснээр ням гариг болох гараанд уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх эрхтэй болсон. Байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн Феррари багийн Герман нисгэгч С.Феттел ням гаригт болсон гараанд тэргүүллээ хадгалснаар энэ улирлын 2 дахь гараандаа ялагч болж байна. Ингэснээр С.Феттел энэ улирал эхэлснээс хойш эхний 2 гараанд хоёуланд нь тэргүүлж байна.

Бахрейны гранпригийн онооны бүсэд багтсан нисгэгчид:

  1. С.Феттел (Феррари) – 1 цаг 32 мин 01.940 сек
  2. В.Боттас (Мерседес) – 1 цаг 32 мин 02.639 сек
  3. Л.Хэмилтон (Мерседес) – 1 цаг 32 мин 08.452 сек
  4. П.Гасли (Торо Россо) – 1 цаг 33 мин 04.174 сек
  5. К.Магнуссен (ХААС) – 1 цаг 33 мин 16.986 сек
  6. Н.Хюлкенберг (Рено) – 1 цаг 33 мин 40.964 сек
  7. Ф.Алонсо (МкЛарен) – 1 тойрог
  8. С.Вандурме (МкЛарен) – 1 тойрог
  9. М.Эрикссон (Заубер) – 1 тойрог
  10. Е.Окон (Форс Индиа) – 1 тойрог

Энэ өдөр Ред Булл багийн хувьд амжилтгүй өдөр байлаа. Учир нь Д.Риккиардо болон М.Верстаппен нар 10 тойрог ч уралдаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Феррари багийн нисгэгч К.Райкконен дугуйгаа солин пит-стопоос хөдлөх үедээ техникийн албаны нэгэн ажилтан мөргөсөн. Үүний улмаас тэр пит-стопоос гарч уралдаанаа үргэлжлүүлж чадалгүй тэмцээнийг орхисон. Тэрээр золгүй явдлын талаар хэлэхдээ “би ногоон гэрэл асахад хөдөлсөн. Ард юу болсныг хараагүй, харамсалтай нь тэр гэмтсэн байна. Миний ажил бол ногоон гэрэл асах үед явах. Би түүнийг зүгээр гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ. К.Райкконенд дайруулсан багийн арын албаны ажилтан тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ өдөр зарим нэг нисгэгч нарт азгүй байсан бол зарим нисгэгч нарт гайхалтай өдөр байлаа. Тухайлбал, Торо Россо багийн төлөө анхны бүтэн улирлаа эхлүүлж буй Франц нисгэгч П.Гасли анх удаагаа ТОП-10-т багтаж 4-р байранд шалгарсан бол Заубер багийн М.Эрикссон 3 жилийн дараа ТОП-10-т багтаж 9-р байранд орсон байна. Үүнээс гадна МкЛарен баг болон түүний нисгэгчид болох Ф.Алонсо, С.Вандурме нар хоюула амжилттай уралдаж онооны бүсэд 2 гараанд дарааллан багтаж чадлаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж