Улаан асрын зүүд (105-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (105-р бүлэг)

Улаан асрын зүүд (105-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуун тавдугаар бүлэг

ТОРГОН ЦЭРЭГ НИН ГУОФҮГ НЭГЖИН ЦӨЛМӨЖ, БАЙЦААГЧ ТҮШМЭЛ ПИН АНЬ ЖӨҮГ ГЭРЧЛЭН ЗААЛДАВ

Өгүүлэх нь: найрт бэлтгэж архи дарс оруулж байтал Лай Да гэнэтхэн буян бадрах танхимд ирж Жя Жөнд “Торгон цэргийн яамны Жао шүүгч түшмэл1 хэд хэдэн захиргааны түшмэлийг дагуулан тантай золгохоор ирэв гэнэ. Боол би, нэрийн бичээсийг нь аваачиж мэдүүлье гэвэл, Жао шүүгч түшмэл “Бид цөм дотно найз тул хэрэггүй” гээд тэрэгнээсээ буугаад ороод ирлээ. Лаое болон олон ноёд гарч угтагтун” гэж мэдүүлсэнд Жэ Жэн дотроо: “Тэр Жаотай харилцдаггүй байтал яагаад ирж байгаа юм бол. Одоо зочидтой байх тул оруулах эвгүй, оруулахгүй байх бас болохгүй” гэж бодож байтал Жя Лянь “Авга та түргэн очихтун. Удвал тэд ороод ирнэ” гэж хэлэв.

Ийн хэлэлцэж байтал хоёрдугаар хаалганы хүн бас ирж “Жао Лаое нэгэнт хоёрдох хаалгаар орж ирлээ” гэж мэдүүлсэнд Жя Жөн санд мэнд угтан гарав. Жао шүүгч түшмэл царай дүүрэн инээмсэглэсээр юу ч хэлэлгүй шууд танхимд оров. Түүнийг дагасан тав зургаан түшмэлийн дотор таних ч хүн байв. Танихгүй ч хүн байв. Тэд үг дуугарсангүй. Жя Жөн нар ухаан хөлийг нь олохгүй арга буюу дагаж орж ирээд найр тавин суулгав. Ах дүү төрөл садны дотор Жао түшмэлийг таних хүн байвч тэрбээр хүн тоохгүй дээш хандаж, ганцхан Жя Жөнгийн гараас барьж инээмсэглэн үг ярихыг завдтал үүдний хүн сандран ирж “Барууныг төвшитгэгч Ван абугай морилон ирлээ” гэж мэдүүлэв. Жя Жөн яаран угтахаар гартал Ван ноён ороод ирэв. Жао шүүгч түшмэл угтан очиж амрыг эрээд “Вантан нэгэнт ирсэн тул дагаж ирсэн олон түшмэл, албан зарцын хамт явж ар өмнөх хаалгыг сахитугай” гэсэнд түшмэлүүд “За” гээд гарцгаав. Жя Жөн нар хэрэг эвгүйтсэнийг мэдээд яаран сөгдөж угтав. Барууныг төвшитгэгч Жюнь ван хоёр гараар өргөн босгож инээд алдаад:

-Хэрэггүй бол хөнгөн хуумгай аашилж чадахгүй. Зарлигаар тушаасан учир бий тул Шө Лаоегаар зарлиг хүлээлгэсүгэй. Одоо танхим хуримын ширээ дүүрэн хүнтэй байсаар, ах дүү садны дэргэд эвгүй тул урьдаар ойрын садныг тараагаад гагцхүү тус ордны хүмүүсийг үлдээж хэлэлцсүгэй гэсэнд Жао шүүгч түшмэл:

-Ван та хэдий өршөөл хайрлавч зүүн хүрээний учирт очсон вантан бол хичээмтгий хүн тул бодвол үүдийг хэдийн битүүмжилсэн байх гэж мэдүүлэв. Бүгд сонсож, хоёр ордон цөм холбогдсоныг мэдээд зайлж гарах аргагүй сандрав. Барууныг төвшитгэгч ван инээж:

-Эрхмүүд хамаагүй гарч явтугай. Хүн ирж эднийг хүргээд торгон цэргийн яамны2 ноёнд хэлэхэд эд нар бол цөм ах дүү садан болох тул байцаах хэрэггүй. Түргэн тавьж явуул гэж хэлж өгтүгэй гэсэнд олон зочид нисэх мэт түргэн гарч одов. Жя Жөн, Жя Шө зэрэг хүмүүсийн царай үнс мэт хөхөрч хамаг бие нь дагжин чичрэв. Төдөлгүй тоо томшгүй олон албаны зарлага орж үүд бүрийг харж зогсоод хүрээний доторх их бага хүмүүсийг нэг алхам ч дураар хөдлөхгүй болгов. Жао шүүгч түшмэлийн царай дорхноо хувирч, ван ноёнд: “Ноён, эзний зарлигийг уламжилтугай. Бид даруй хөдөлсүгэй” гэсэнд зарлага нар цөм хормой шууж, ханцуй шамлан зарлигийг хүлээнэ. Барууны төвшитгэгч ван алгуураар

-Өчүүхэн ван би, зарлигийг хүлээж, торгон цэргийн яамны Жао Чюанийг дагуулж, Жя Шөгийн гэрийн хөрөнгийг шалгахаар ирлээ гэсэнд Жя Шө нар сонсоод газар тэврэн сөгдөв. Ван ноён дээр газар зогсож:

-Эзний зарлиг. Жя Шө гадаад түшмэд лүгээ сүлбээлж эрх сүрээр буурайг дарлан эзний хишгийг үтээрч, өвгөдийн суртлыг гутаасан тул үе залгамжилсан тушаалыг нь огцруулав. Үүний тул… гэсэнд Жао шүүгч түшмэл “Жя Шөг баривчилж, бусдыг нь цөм сахигтун” гэж чанга дуугаар хашгирав.

Энэ үед Жя Шө, Жя Жөн, Жя Лянь, Жя Жөнь, Жя Рун, Жя Чян, Жя Жы, Жя Лань цөм байв. Ганцхан Бао Юй өвчтэйгээр шалтаглан Жя Мүгийн тэнд байв. Жя Хуань бараг хүнтэй уулздаггүй болохоор энд байсангүй. Жао шүүгч түшмэл захиргааны тушаалтан, зарлага нараа цуглуулж, айл гэрийг толгой дараалан нэгжиж цөлмөн данслагтүн гэв. Энэ үгийг сонсоод Жя Жөн нарын их бага хүмүүс хэрдхийн цочиж, биенээ харахад зарлага нар баярлаж, ханцуйгаа шамлан гараа шилэмдэн гарч явахыг завдав. Барууныг төвшитгэгч ван:

-Сонсвол, Шө ноён, Жэн ноён хоёр нэгэн айлынх боловч тус тусдаа утаа гаргадаг гэнэ. Зарлиг ёсоор ганцхан Жя Шөгийн хөрөнгийг нэгжих нь зүй болой. Бусдыг нь битүүмжлээд дээш айлтгаж дахин шийдвэрлэхийг хүлээсүгэй гэсэнд Жао шүүгч түшмэл босож зогсоод:

-Ван танд мэдүүлсүгэй. Жя Шө, Жя Жөн хоёр өмчөө хуваасангүй. Түүний ач хөвгүүн Жя Лянь бүх айлыг ерөнхийлөн хамаарч байгаа гэх тул бүгдийг нарийвчлан шалгахгүй бол болохгүй гэв. Барууныг төвшитгэгч ван сонсоод дуугарсангүй. Жао шүүгч түшмэл,

-Жя Лянь, Жя Шө хоёрын гэрийг боол би эрх биш дагуулж нэгжвэл сайн болой гэсэнд барууныг төвшитгэгч ван:

-Яарах хэрэггүй. Урьдаар дотор хүрээнд чимээ өгч эмс хүүхдийг зайлуулаад нэгжсэн ч оройтохгүй… гэтэл шүүгч түшмэлийн гэрийн боол, зарлага нар хэдийн тус хүрээний гэрийн ардаар удирдуулан зүг зүгт явж нэгжив. Ван ноён:

-Битгий дураар аашлагтун. Би шалгаж үзнэ шүү гэж зандран босоод, намайг дагасан хүн нэг ч хөдөлж болохгүй. Цөм энд хүлээн зогсож бай. Намайг буцаж ирсэн хойно хамтаараа үзэж дансална гэж хэлэв.

Ийн ярьж байтал торгон цэргийн захиргааны түшмэл ирж сөгдөөд:

-Дотроос эзний ордонд хэрэглэх хувцас хунар ба олон арван цаазтай эд нэгжин гаргасан тул дураар хөдөлж чадсангүй. Ван ноёноос асуухаар ирлээ гэв. Удалгүй бас нэг хэсэг хүн ирж барууныг төвшитгэгч вангийн замыг хааж:

-Зүүн хажуугийн гэрээс нэгжиж гаргасан хоёр авдар газар тариалангийн гэрээ бичиг ба зээллэгийн гэрч бол цөм дүрэм зөрчиж ашиг эрсэн зүйл болно гэж мэдүүлсэнд Жао ноён:

-Үнэхээр их хүүгээр шулжээ. Цөмийг сайтар нэгжсүгэй. Ван ноён энд суутугай. Боол би очиж бүгдийг нэгжиж авчраад хэрхэн шийдвэрлэхийг хүлээсүгэй гэв.

Ийн ярилцаж байтал Вангийн ордны жагсаалын дарга3 ирж:

-Үүд сахигч цэрэг уламжлуулсан нь, эзэн хаан тусгайлан умарт Жюань ванг энд зарлиг уламжлуулахаар ирүүлжээ. Ноён таныг гарч угтагтун гэлээ гэж мэдүүлсэнд Жао шүүгч түшмэл сонсоод дотроо, энэ уруу царайт вантай учраад миний хийморь хэвтжээ. Одоо тэр ирвэл, би сүрээ бадруулсугай гэж бодоод бас угтахаар гарч ирэв.

Умарт Жюань ван нэгэнт их танхимд ирээд гадагш хандан зогсож:

-Эзний зарлиг. Торгон цэргийн яамны Жао Чюань зарлиг хүлээгтүн гээд, зарлигт, торгон цэргийн түшмэл ганц Жя Шөг авчирч шүүгээд бусдыг цөм барууныг төвшитгэгч ванд тушааж зарлигийн ёсоор байцаан таслагтун. Үүний тул… гэсэнд барууныг төвшитгэгч ван зарлигийг сонсоод ихэд баярлаж, умарт Жюань вантай хамт суугаад: “Жао шүүгч түшмэлд Жя Шөг тушаан өгөв. Дотор орж нэгжин байцааж байсан хүмүүс, умарт Жюань ван ирлээ гэж сонсоод цөмөөр гарч ирж Жао шүүгч түшмэлийг явсныг мэдээд, цөм урам нь харьж арга буюу шийдвэр хүлээн зогсов. Умарт Жюань ван тэр дороо үнэнч шударга хоёр түшмэлийг нас ахисан арваад зарлагатай үлдээгээд бусдыг нь хөөж гаргав. Барууныг төвшитгэгч ван:

-Би Жао түшмэлд уурлаж байтал, ван ноён золоор ирж зарлиг уламжлав. Тэгээгүй бол эднийх лав хор амсана гэв. Умарт Жюань ван:

-Би ордонд, ван таныг зарлигаар, эндэхийг шалгахаар ирлээж гэж сонсоод, хор амсахад хүрэхгүй гэж сэтгэл амар байв. Тэр Жао Чюанийг ийнхүү бусниулна гэж ер санасангүй. Жэн ноён, Бао Юй хоёр одоо хаана байна вэ? Жао түшмэлийнхэн дотор аль хэр түйвээв гэсэнд бүгдээр:

-Жя Жөн нарыг дор гэрт харж байна. Доторх юм нэгэнт улаанаар урважээ гэж мэдүүлэв. Умарт Жюань ван захиргааны түшмэлд: “Хурдан яваад Жя Жөнг авчир. Юм асууя” гэсэнд төдөлгүй Жя Жөнг аваад ирэв. Жя Жөн сөгдөж, нулимс унаган, өршөөл гуйв. Умарт Жюань ван босож гараас нь татан босгоод “Ван ноён санаа амар бай” гээд эзний зарлигийг хэлж өгөв. Жя Жөн эзний өршөөлийг биширч хишигт мөргөөд ирж захиа хүлээв. Вантан:

-Жэн ноён, сая Жао Чюанийг энд байхад зарлага нар, цаазтай эд ба их хүүтэй зээллэгийн гэрч бий хэмээн мэдүүлсэн тул бид ч далдлан өнгөрөөхөд хэцүү. Энэ цаазтай эдийг Гүй Фэй хатанд бэлтгэсэн тулд бид айлтгавал бас хамаагүй. Ганцхан тэр зээллэгийн гэрчийг ямар нэгэн арга гаргавал сайн болой. Одоо Жэн ноён захиргааны тушаалтныг дагуулж Шө Ноёны гэрийн хөрөнгө мэтийг тоо ёсоор гарган баривал болно. Дахин бас нууж далдлан ялаа хүндрүүлж болохгүй гэв. Жя Жөн хүлээн авч:

-Ялт түшмэл би яасан ч тэгж чадахгүй. Гагцхүү ялт түшмэл бид өвгийн үлдээсэн хөрөнгийг ер хуваагаагүй. Зөвхөн өөр өөрийн суусан гэрт байх юмыг л хувьдаа эзэмшдэг гэв. Хоёр ван:

-Энэ хамаагүй ээ. Зарлигийн ёсоор гүйцэтгэх хэрэгтэй. Дураар хөдөлгөж үл болно гэсэнд захиргааны тушаалтан зарлигийг дагаж явав.

Энэ үед Жя Мүгийн тэнд бүсгүйчүүд гэрийн найр хийж байлаа. Ван Фүрэнь: “Бао Юй чамайг тэнд очихгүй бол эцэг чинь уурлана даа” гэсэнд Фөн Же дорой дуугаар эмзэглэнгүй:

-Тэнд зочлон үйлчлүүлэгч их олон байх тул эндээ байлгаж байж болноо. Харин Лаое тэнд нэг зочлох хүн дутлаа гэвэл Тайтай, Бао Юй дүүг явуулж болох бишүү гэв. Жя Мү инээж:

-Энэ Фөн охин өвчтэй байгаа мөртөө хэл хоншоор нь мөн уран байна шүү гэв.

Яг ийнхүү хөхрөлдөн шуугьж байтал гэнэт Шин Фүрэний тэндэх хүн бархирсаар орж ирэв. Тэрбээр: “Луо тайтай, тайтай! Муу… Муухай юм болов, малгай гутал өмссөн маш… маш олон дээрэмчин ирлээ. Авдар савыг уудлан юм авч байна гэж хашгирсанд Жя Мү нар бэгтрэн гөлөрцгөөв. Төдөлгүй Пин Эр үс гэзгээ сэгсийлгэн Чяо Жег хөтөлсөөр уйлан хайлан ирж:

-Маш муухай юм боллоо. Би Чяо Жетэй хоол идэж байтал Лай ван орж ирээд, охион хурдан дотогш орж тайтай нарыг зайл гэж хэл. Мөн вантан ирж гэр нэгжинэ гэлээ. Би үхэтлээ айлаа. Би орж хэрэгтэй юмаа авъя гэтэл олон хүн орж ирээд түлхэн хөөж гаргалаа. Эндэхийн өмсөж зүүх юмыг хурдан автугай гэв. Шин, Ван хоёр Фүрэнь сонсоод сүнс нь зайлж яах учраа олохгүй сандарцгаав. Фөн Же нүдээ бүлтийлгэн сонсож байснаа гэнэт суудлаасаа гулсан унав. Жя Мү нус нулимсандаа хутгалдан дуугарч чадахгүй байв.

Эднийг ийн сандарч, нэгийгээ татаж чирэн, зүг чигээ алдан үймж байтал бас дээрээс: “Доорх бүсгүйчүүд хурдан зайлагтун. Вантан орж ирэв” гэж хашгирч байлаа. Бао Чай, Бао Юй хоёр арга алдарч, доорх шивэгчид, эмгэд эрий хурайгүй чангаацалдаж байтал Жя Лянь гүйн орж ирээд” Больцгоо. Вантан та нарыг аварлаа” гэж хашгирав. Бүгд, юу болсныг асуутал, Жя Лянь тэнд Фөн Же муурч унасныг хараад орилж чарлаж байтал энд Жя Мү айхдаа амьсгал нь бөглөрснийг үзээд сандралдав. Пин Эр арай гэж Фөн Жег сэргээв. Лао тайтайд сэхээ орсон ч, уйлан цухалдсаар ухаантай, ухаангүй ханзан дээр байхыг Ли Вань хараад дахин давтан оролдож тайтгаруулав. Энэ хэр Жя Лянь жаахан уужирч хоёр ван өршөөл хайрласныг сонсгосон боловч Жя Мү, Шин Фүрэнь хоёр дуулаад муурч унаж мэднэ гэж болгоомжлоод Жя Шө баригдсаныг хэлж зүрхэлсэнгүй. Гарч гэрээ очиж үзэв. Авдар сав нээгдэн сүйрч эд барааг хамж авсныг хараад гөлрөн нулимс унагаж байтал гадаа хүн дуудсанд арга буюу гарав. Үзвэл, Жя Жөн захиргааны тушаалтны хамт эд барааг дансалж нэг хүн тоолон мэдүүлж байв.

Агаруу зэс бурхан нэг. Агаруу хонсимбодьсадваа нэг. Бурханы түшлэгт суудал нэг. Зандан эрхи хоёр. Алтан бурхан нэг гүнгэрваа.Түрхмэл алтан толь ес. Хаш бурхан гурав. Насан хутгийн найман аршийн хаш хөрөг нэг гүнгэрваа. Агаруу зандан алт, хашийн чандмань тус бүр хоёр. Эртний ваар лонх арван долоо. Эртний тоглоомын хатгамал нийт арван дөрвөн тавсаг. Хаш ган нэг. Хаш сав хоёр. Хаш пял хоёр. Болор пял дөрөв. Хаш пял дөрөв. Мана пял хоёр. Цайвар алтан пял дөрөв. Алтан аяга зургаан хос. Зуушны алтан аяга найм. Алтан халбага дөч. Мөнгөн аяга, мөнгөн пял тус бүр жар. Алтан бийр гурав. Бөгжилсөн зааны ясан савх дөрвөн багц, Булхмал алтан гүц арван хоёр. Самран хөргөх сав гурван хос. Цайны тэвш хоёр. Мөнгөн таваг, мөнгөн хундага зуун жар. Хар үнэг арван найм. Булга тавин зургаа. Шар цагаан үнэг тус бүр дөчин дөрөв. Шилүүс арван хоёр. Бараан үнэгэн дотор хорин таван зах. Янзаган халиу хорин зургаа. Усны ирвэс гурав. Барсын арьс зургаа. Хярс гурав. Тарваганы арьс хорин найм, улаан хурганы арьс дөч. Хар хурганы арьс жаран гурав. Хүжлэг хулганы арьсан дотор хорин зах, зурамны арьс гучин дөрөв. Ноорс өгдөг дөрвөн хуй. Бараан хэрэм хоёр зуун жаран гурав. Өгөөдөн гучин хоёр алд. Орос цалма гучин алд. Торгон тэрэм гучин гурван алд. Ёнхор хилэн дөчин алд. Торго дурдан зуун гучин толгой, Шаа хив торго зуун наян толгой, даалимба торгомсог гучин хоёр толгой. Ноорс торго, ноорс шаа тус бүр хорин хоёр толгой. Цанма гучин толгой. Магнаг арван найман толгой. Өнгө бүрийн бөс гучин боодол. Нэхий дээл зуун гучин хоёр зах. Хөвөнтэй, давхар, дан, шаа, шоо дээл дөрвөн зуун дөчин зах. Бүсний гархи ес. Зэс, тугалган эд таван зуу гаруй зүйл. Цаг зүг арван найм. Цууж эрхи ес. Сувдан эрхи арван гурав. Шижир алтан толгойн засал зуун хорин гурав. Сувд эрдэнэ цөм бүрэн. Ордонд хэрэглэх шар торгон хөвөөт түшлэг гурав. Ордны дээл хормойвч найман өвч бүрэн. Өөхөн хашийн гархит бүс хоёр. Шар торго арван хоёр толгой. Хольцтой мөнгө долоон мянган лан. Цайвар алт зуун тавин хоёр лан. Зоос долоон мянга таван зуун хэлхээ… Түүнээс гадна алив зардлын сав хэрэгсэл Рүн Гөфү ордны хишиг хүртээлийн зүйлсийг нэгд нэгэнгүй жагсаан дансалж, гэр хүрээ, газар тарианы гэрч тэмдэг, гэрийн ардын бичиг дансыг мөн цөмийг боож битүүмжлэв.

Жя Лянь дэргэд нь зогсож байхдаа, түүний эд хогшлыг битүүмжлээгүйд гайхаж байтал хоёр ван: “Нэгжиж гаргасан эд агуурсны дотор зээллэгийн гэрч байх нь, үнэхээр шулан мөлжсөн явдал болой. Чухам хэн үйлдсэнийг Жэн ноён үнэнээр хэлэх хэрэгтэй” гэсэнд Жя Жөн сөгдөн мөргөж:

-Ялт түшмэл би, гэргийн явдлыг хамаардаггүй нь үнэнтэй тул эдгээр зүйлийг ер мэдэхгүй. Харин ач хөвгүүн Жя Лянь мэдэж магадгүй гэв. Жя Лянь яаран сөгдөж:

-Энэ нэг бичиг дансыг доордын гэрээс нэгжин гаргасан тул мэдэхгүй гэж яаж болох вэ. Ван Таныг өршөөл хайрлахыг хүснэ. Боол миний энэ авга үнэхээр мэдэхгүй болой гэсэнд хоёр ван:

-Чиний эцэг нэгэнт ялд унаад шийтгэгдэхэд хүрчээ. Чи одоо хүлээвэл зүй ёсонд нийцнэ. Тийм бол Жя Лянийг хүнээр сахиулаад бусдыг нь гэр гэрт нь хариул. Жя Жөн ноён чи зарлигийг хичээнгүйлэн хүлээгтүн. Бид дотор орж дээш айлтгасугай. Эндэхийг албаны хүмүүс үлдэж сахина гээд сүйхэндээ суугаад явцгаав. Жя Жөн нар хоёрдугаар хаалганд очиж сөгдөн мордуулсанд умарт Жюань ван гар өргөж: “Санаа амар байгаарай” гэж төвдөж ядан хэлэв.

Энэ хэр Жя Жөнгийн сэтгэл баахан тайвширч мэлрэн гайхаж байтал Жя Лань: “Өвөг аав урьдаар дотогш орж Лао тайтайг үзэгтүн” гэсэнд яаран босоод дотогш оров. Бүх бүсгүйчүүд яах учраа олохгүй тэвдэж байв. Жя Жөн шууд эхийнхээ гэрт орвол бүгд нүүр дүүрэн нулимастай ажээ. Ван Фүрэнь, Бао Юй хоёр Жя Мүгийн дэргэд таг дуугүй, нулимс унаган зогсож байв. Тэнд Шин Фүрэнь хахан цацан уйлна. Жя Жөнг орж ирмэгц бүгд “Сайн боллоо” гээд Жя Мүд: “Лаое угийн ёсоор мэнд сайн хүрч ирлээ” гэсэнд их ахайтан сая л нэг юм амсхийж нүдээ үл мэдэг нээгээд: “Хүү минь, чамайгаа олж уулзана гэж санасангүй” гээд дуу тавин уйлав. Гэр дүүрэн хүн зэрэг зэрэг уйлалдав. Жя Жөн эхийгээ уйлсаар байгаад туйлдуузай гэж болгоомжлоод нулимсаа арчиж: “Лао тайтай тайван бай. Хэрэг хэдий бага биш боловч эзэн тэнгэрийн хишиг, хоёр вангийн ивгээлийг цаглашгүй хүртлээ. Их Лаое хэдий хорионд орсон боловч байцааж тодорхойлсон хойно дээд эзэн мөн хишиг хүртээх байх. Одоо гэрийн юмыг хөдөлгөхгүй болсоон” гэв. Жя Мү, Жя Шөгийн байхгүйд дахин эмгэнэн зовсонд Жя Жөн ятгаж хориглосоор тайвшруулав. Хүмүүс тархан явж чадсангүй. Харин Шин Фүрэнь ганцаар явж өөрийн хүрээндээ орвол хамаг үүдийг нь битүүмжлэн оньслож, инж шивэгчдийг ч гэрт оруулан түгжээд орох газаргүй болсон тул дуу тавин орилов. Тэгээд Жя Лянийд очив. Хоёрдугаар хаалганы хажууд бас битүүмж нааж ганцхан гэрийн үүд нь нээлттэй байв. Гэр дотор цөм л гаслан гангиналдана. Шин Фүрэнийг ороход Фөн Жегийн царай үнс мэт хөхөрч, нүдээ анин хэвтээд Пин Эр дэргэд нь уйлан зогсоно. Шин Фүрэнь Фөн Жег үхэж гэж санаад уйлав. Пин Эр тосож ирээд: “Тайтай битгий уйл. Сая найнайг дамнаж ирэхэд үхсэн мэт байлаа. Баахан амраад сая сэргэж хэдэнтээ уйлаад жаахан тайвшраад байна. Тайтай та бас тайван бай. Харин Лао тайтай ямар байна” гэж асуув. Шин Фүрэнь, жаахан дуугүй сууж байгаад Жя Мүгийнд очив. Түүний дэргэд Жя Жөнгийнхэн дүүрээд байхад, өөрийн гэрийн эцэг хүү хоёр баригдаж, бас бэрийн өвчин хүндэрч, ач охин нь зовсоор, өөрийн бие байх газар гүй болсон тул яаж гаслан зовохгүй байхав. Цөмөөр түүнийг аргадан ятгаж, Ли Вань нар байр цэвэрлээд Шин Фүрэнийг суулгаж, Ван Фүрэнь хүн гаргаж асруулав.

Жя Жөн гадаа элэг нь эмтрэн зүрх нь түгшиж сахлаа имрэн, гараа нухлан зарлиг хүлээн зогсов. Гэнэт гаднах харуулын цэрэг: “Чи аль хүрээний хүн бэ” гэтэл цаана нь хүн, “Энд ирсэн хүнийг эндэхийн дэвтэрт тэмдэглээд, доторх торгон цэргийн яамны ноёдод хүлж тушаадаг юм чинь” гэж хэлэх сонсогдов. Жя Жөн гараад харвал, Жяо Да байсан тул: “Бас яагаад энд гүйж ирэв” гэж асуусанд цаадах нь тэнгэр газрыг заан дэвсэлж:

-Би өдөр бүр энэ өөдгүй агь нарыг ятгасаар өстөн болж байна. Миний даяаг дагаж үйл амссаныг Лаое та мэдэхгүй юү! Өнөөдөр харин энэ хэмжээнд хүрч Жэнь даяа Рун агийг цөмийг нь ямар нэг вантан барьж аваачжээ. Доторх бүсгүй эздийг нэр үл мэдэх ордны зарц нар ирж үс гэзгийг нь сэгсийтэл тоноод нэг хоосон гэрт хорьжээ. Тэр бүтэлгүй муусайн эрс, хүүхнүүдийг нохой гахай мэт барьж түгжсэн гэнэ. Хамаг юмыг нь нэгжиж гаргаад модон эдлэлийг хэмх цохьж, ваар шаазанг хага няц шиджээ. Тэд бас намайг хүлэх гэнэ. Би ная, ер насалтлаа, даяаг дагаж, хүн хүлж явснаас биш хэзээ ч хүнд хүлүүлж явсангүй. Би баруун ордны хүн гээд гүйн гарч ирвэл, тэд хүлэлгүй энд хөөгөөд авчирдаг байна. Одоо би амьд явах ч хэрэггүй болж. Тэгэхээр тэдэнтэй нэгээ үзээд дуусъя гээд мөргөлхийлэв. Албаны зарц нар түүний насажсаныг хараад бас хоёр вангийн захиас бий тул хүчлэн оролдож чадсангүй. Тэр дороо: “Настан, чи нам тайвуу байгаарай. Эзний зарлигаар ийнхүү үйлдэж байна. Чи наанаа сууж амраад чимээ хүлээгтүн” гэв. Жя Жөн сонсоод түүнийг тоосонгүй боловч өр зүрх рүү нь хутгаар дүрсэн мэт болж: “Барагджээ. Одоо бид энэ мэт хоггүй гүйцжээ” гэв.

Ингээд доторх чимээг тэсэж ядан хүлээж байтал Шюэ Кэ гүйн орж ирээд: “Арай дөнгөж ирлээ. Нагац хүргэн ах хаана байна вэ” гэтэл Жя Жөн, “Чи юун сайн хүрч ирэв. Гаднаас яаж оруулав” гэж асуусанд цаадах нь: “Би дахин давтан гуйж бас зоос өгөөд орж гарахтай болов” гэв. Жя Жөн түүнд нэгжин цөлмөснийг хэлээд түүгээр сураг чимээ авахуулъя гэж “Өөр ойр төрөл, яг энэ хөг дээр мэдээ хүргэж болохгүй. Харин чи болно” гэв. Шюэ Кэ: “Эндэхийн учрыг би харин бодож олсонгүй. Зүүн ордны учрыг сонсчээ” гэсэнд Жя Жөн: “Чухам ямар ялд унаж вэ” гэсэнд цаадах нь:

-Өнөөдөр би ахын хэргийг тасалсан учрыг сураглахаар очоод яам доторх хоёр байцаагч түшмэлийг сонсвол Жэнь ах сурвалжит гэрийн хүүхдийг дагуулж, мөрийтэй тоглосон гэнэ. Энэ бас бага хэрэг. Бас нэг том хэрэг бол шударга ардын гэргийг булааж татвар болгоно гэсээр цухалдуулан үхүүлсэн гэнэ. Тэр байцаагч түшмэл худал болуузай хэмээн болгоомжилж, эндэхийн Бао Эрийг авчраад бас нэг Жан овогтой хүнийг гэрч болгон гаргажээ. Бодвол, бүгдийг байцаах яам хүртэл буруудаж мэднэ. Учир нь Жан овогтон бас заргалдаж байгаа гэнэ гэв. Жя Жөн хөлөө дэвсэж:

 

-Хэцүү явдал байна. Дүүрчээ, дүүрч… гэж шүүрс алдсаар нулимс унагав. Шюэ Кэ дор нь тайтгаруулаад, сураглахаар яваад удаж удаж ирэв. Тэрбээр:

-Хэрэг муухай болжээ. Би эрүүгийн яамнаас сураглаад, хоёр вангийн дээш айлтгасныг олсонгүй. Харин Ли байцаагч түшмэл, өнөө өглөө Пин Ань Жөүгийн мэдэгч нийслэлийн түшмэдийг долдойлж, дээд ноёдын аяыг дагаж хар тэргүүтнийг зовоов гэх мэтийн хэд хэдэн том хэргийг гарган мэдүүлэв гэнэ гэж хэлэв. Жя Жөн сандарч:

-Хүний явдал ямар хамаа байна. Манай явдал ямар болж байгааг сонсов уу? гэв. Цаадах нь:

-Пин Ань жөүгийн явдал даруй манай явдал болой. Тэр нийслэлийн түшмэл гэгч манай их Лаое мөн бөгөөд зарга заалхайд гар дүрж ашиг эрэв гэж мэдүүлсэн тул гал дээр тос асгасан явдал болжээ. Төрийн гэмт түшмэд ч цөм зайлаад завдахгүй байх тул хэн ирж мэдээ өгөх вэ! Тэр ч байтугай саяын тархсан ураг садан ч гэр гэртээ харих нь хариад, холоос бараа харах нь харж байна. Хорсолтой нь, эрхмийн гэр төрлүүд цөм замын гудас “Дээдсийн үлдээсэн гавьяа зүтгэл болой. Энэ гарсан хэрэг одоо хэний толгой дээр буухыг мэдэхгүй. Завдаж баахан хүрсүгэй” гэлцэнэ… гэтэл Жя Жөн хөлөө дэвсэж:

-Манай их Лаое даанч эргүүтжээ. Зүүн ордон бас дүрсээ алдлаа. Одоо Луо тайтай, Жя Ляний эхнэр хоёрын үхэж сэхэх шийдэгдээгүй байна. Би Лао тайтайгийн тэнд очъё. Чи дахиад сураглаарай. Юм сонсвол хурдан дуулгаарай гэв. Ийн ярьж байтал дотроос “Луо тайтай болохгүй болжээ” гэж уймартал Жя Жөн сандран оров.

Үхэх, сэхэхийн алин болохыг дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Шүүгч түшмэл-Торгон цэргийн яамны эрхэлсэн түшмэл.

2.Торгон цэргийн яам-Мин улсын үеийн шадар цэргийн байгууллага. Хааныг хамгаалах, жагсаалд явах, шорон гянданг хариуцах, цагдах байцаах ажлыг эрхэлнэ. Зохиогч энд зээлж хэрэглэжээ.

3.Вангийн ордны жагсаалын дарга-Өмнөх төрийн үед буй болсон тушаалын нэр. Голдуу вангийн ордны ёс гүйцэтгэл ба дагаж зарцлагдах үүргийг хариуцна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж