Монголын баг дөрвөн барилдаанаас нэг л ялалт авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Монголын баг дөрвөн барилдаанаас нэг л ялалт авлаа

Монголын баг дөрвөн барилдаанаас нэг л ялалт авлаа

Зөвхөн шилдэг найман баг өрсөлддөг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Калифорн мужийн Айова хотод боллоо. Энэ тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ баг медалийн төлөө өрсөлдөх эрхийг авч чадалгүй зургадугаар байрт орлоо.

Дэлхийн цомын “А” хэсэгт АНУ, Гүрж, Япон, Энэтхэг, “В” хэсэгт Монгол, Азербайжан, Казахстан, Куба улс багтсан. Манай бөхчүүд эхний барилдаанаа Казахстан улсын тамирчидтай хийж, 6:4 онооны харьцаагаар ялж, гараагаа амжилттай эхлүүлсэн. Хоёр дахь барилдаанаа Кубийн шигшээ багтай хийсэн ч 3:7 онооны харьцаагаар ялагдсан. Энэ барилдаанд 57 кг-д гавъяат тамирчин Э.Бэхбаяр, 79 кг-д Г.Идэрхүү, 125 кг-д Н.Золбоо нар ялалт авсан юм. Кубчууд Дэлхийн цомын тэмцээнээс гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн туршлагатай баг билээ.

Ингээд манай бөхчүүд хэсгийн сүүлийн барилдаанаа Азербайжаны хүчирхэг багтай хийж, 3:7 онооны харьцаагаа ялагдан медалийн төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм. Энэ барилдаанд 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран нар ялалт авсан бол бусад бөхчүүд ялагдсан.

Дэлхийн бөхийн холбооноос богино хугацаанд шийдвэр гарч Энэтхэг, Монголын багт Дэлхийн цомд оролцох эрхийг өгсөн ч манай бөхчүүд нэг л ялалт авлаа

Тэмцээний тавдугаар байрын төлөө Монгол, Гүржийн багууд шалгарсан. Энэ удаа залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн Гүржийн шигшээ баг 6:4 онооны харьцаагаар ялснаар тавдугаар байрт орсон бол манай залуучууд зургадугаар байрыг эзлэв. Энэ барилдаанд 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Т.Түвшинтулга, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар ялалт авлаа.

Дэлхийн цомын алтан медалийг АНУ, мөнгөн медалийг Азербайжаны шигшээ баг хүртэж, Японы баг хүрэл медалийн эзэн болсон. Манай залуусыг хэсэгтээ ялсан Кубын шигшээ баг энэ удаа шагналт IV байр эзлэв. Харин долдугаар байрт Энэтхэг орж, Казахстан ялалт авч чадалгүйгээр сүүлийн байрт орлоо.

Дэлхийн цомд орох ёстой байсан Иран, ОХУ-ын шигшээ баг тодорхой шалтгааны улмаас АНУ-д очоогүй бөгөөд Энэтхэг, Монголын багт эрх олдсон юм. Хэдийгээр богино хугацаанд шийдвэр гарч Монголын баг Дэлхийн цомд оролцсон ч медалийн төлөө өрсөлдөж чадсангүй.

Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, албаны хүнээр П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Б.Баттулга, шүүгчээр Ц.Сэрээтэр нар оролцсон юм.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БАРИЛДААН ДҮН:

МОНГОЛ – КАЗАХСТАН 6:4
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Мухамбет Куатбек 10:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга – Расул Калиев 2:1
65 кг: Батчулууны Батмагнай – Саятбек Окасов 1:13
70 кг: Санжаагийн Ганбаяр – Мейржан Аширов 1:4
74 кг: Ганзоригийн Мандахнаран – Данияр Кайсанов 9:0
79 кг: Гантулгын Идэрхүү – Сакен Айтжанов 1:11
86 кг: Оргодолын Үйтүмэн – Эльхан Асадов 6:4
92 кг: Лувсандоржийн Төртогтох – Илизхан Чилаев 1:2
97 кг: Өлзийсайханы Батзул – Мамед Ибрагимов 7:5
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо – Олег Болтин 12:2

МОНГОЛ – КУБА 3:7
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Рейнери Ортега 4:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга – Йовлес Бонне 4:6 
65 кг: Батчулууны Батмагнай – Алехандро Вальдес Тобьер 0:11
70 кг: Санжаагийн Ганбаяр – Фраклин Марин Кастильо 3:5
74 кг: Ганзоригийн Мандахнаран – Ливан Лопес Азкүй 3:3
79 кг: Гантулгын Идэрхүү – Йоан Зулуета Моралес 10:6
86 кг: Оргодолын Үйтүмэн – Юриески Торребланка 2:3
92 кг: Лувсандоржийн Төртогтох – Лазаро Луис Эрнандес 3:4
97 кг: Өлзийсайханы Батзул – Рейнерис Салас 1:11
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо – Юденни Алапажон Эстевез 2:2

МОНГОЛ – АЗЕРБАЙЖАН 3:7
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Георгий Эдишерашвили 2:1
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга – Ахмеднаби Гварзатилов 7:2 
65 кг: Батчулууны Батмагнай – Гажи Алиев манай бөх бэртлийн улмаас барилдаагүй
70 кг: Санжаагийн Ганбаяр – Муртазали Муслимов 4:9
74 кг: Ганзоригийн Мандахнаран – Гажимурад Омаров 10:6
79 кг: Гантулгын Идэрхүү – Жабраил Хасанов 2:12
86 кг: Оргодолын Үйтүмэн – Александр Гостиев 3:10
92 кг: Лувсандоржийн Төртогтох – Асланбек Алборов 0:11
97 кг: Өлзийсайханы Батзул – Роман Бакиров 1:10
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо – Жамаладдин Магомедов 2:3

МОНГОЛ – ГҮРЖ 4:6
57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Теймураз Ванишвили 4:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга – Лаша Ломтазе 11:0
65 кг: Батчулууны Батмагнай – Магомед Сайдови барилдаагүй
70 кг: Санжаагийн Ганбаяр – Леван Келехашвили 1:2
74 кг: Ганзоригийн Мандахнаран – Тарзан Майсуразе 1:7
79 кг: Гантулгын Идэрхүү – Тариел Гаприндашвили 17:22
86 кг: Оргодолын Үйтүмэн – Давид Хуцишвили 12:5
92 кг: Лувсандоржийн Төртогтох – Дато Марсагашвили 0:5 (бэртсэн)
97 кг: Өлзийсайханы Батзул – Гиви Матчарашвили 0:10 
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо – Звиади Метревели 6:0

Манай эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 10 дахь удаагаа оролцож, 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 20178 2018 онд зургадугаар байрт шалгарч байв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж