Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлалыг дөрөвдүгээр сарын 6-7-ын өдрүүдэд хийлээ.
Хоёр хоногийн айлчлалын төгсгөлд Ерөнхий сайд Бинали Йылдырым хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Тэрбээр “Энэ удаагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал богино хугацаанд боллоо. Хөтөлбөр маш шахуу байсан. Албан ёсны уулзалтаа дуусгаад ням гаригт /2018.04.08/ Афганистанд очино. Уулзалтын төгсгөлд сэтгүүлч та бүхэнтэй уулзах завшаан гарсанд баярлалаа. Бид Орхоны хөндийд байх дурсгалт газар очоод ирлээ. Цаг оройтсон учраас та бүхний асуултанд хариулья” гэсэн юм. Ингээд урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
ОРХОНЫ ХӨНДИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
-Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Турк рүү нислэгийн тоог нэмэх боломжтой юу? Шууд нислэгийн талаар ямар гарц байна вэ?
-Бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ энэ талаар ярилцаж, хууль эрх зүйн тодорхой зүйл хийх хэрэгтэй юм байна гэж харсан. Шууд нислэг ойрын үед биелэлээ олох байх гэж бодож байна. Та бүхэн мэдэж байгаа. Туркийн олон улсын ТИКА байгууллага хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байдаг. Үр дүнтэй болсныг мэднэ. Бид энэ төслөөр дамжуулан олон зүйл хийнэ.
-Турк улсын эдийн засаг, худалдаа сайн хөгжиж байна. 2017 оны гадаад худалдааны эргэлт хоёр улсын хооронд 25 сая ам.доллар байсан байна. Эдийн засгийн худалдааг өргөжүүлэх ямар ажил байна вэ?
-Худалдааны эргэлт хангалтгүй байгааг харсан. Худалдааг хөгжүүлэхийн тулд харилцаа холбоо сайн байх ёстой. Олон тооны Турк талын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх ёстой. Мөн олон хөрөнгө оруулагч монголчууд Туркид очоосой гэж найдаж байна.
2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Илүү их амжилтаар угтахыг чармайн ажиллана. Зөвхөн албан ёсны харилцаа төдийгүй иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх ажлыг хийх болно. Энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хөдөө аж, ахуй, боловсрол, жижиг дунд үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа. Энэ нь үр дүнгээ өгнө гэж бодож байна.
-Албан ёсны айлчлалын үеэр 300 сая ам.долларын зээлийн асуудал гарсан. Энэ зээлийг хэзээ олгох боломжтой вэ? Үүнийг аль салбарт олгох вэ? Зээлийг гэр хорооллын салбарт олгоно гэсэн хүлээлт байна?
-300 сая ам.долларыг EXIM банкаар дамуулан олгоно. Энэ зээлийг хоёр нөхцлөөр олгоно. Эхний ээлжинд Орхоны хөндийд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор онгоцны буудал барих ажил бий. Үүнд 120 сая ам.долларыг зарцуулна. Хоёрт Туркийг Монголын компаниудыг санхүүжүүлэх төлөвтэй байгаа. Хөдөө аж ахуй, барилгын салбар болон мах боловсруулах үйлдвэрт зарцуулна. Дээрх 350 сая ам.долларын зээлийг эдгээр үйл ажиллагаанд хийхээр төлөвлөж байна.
ТУРК СУРГУУЛИУДЫГ ХААХ ШААРДЛАГА ТАВИАГҮЙ
-Турк улс 2002 онд Олон улсын валютын сангаас зээл авч түүнийгээ 2010 онд төлсөн гэж байна. Европын зах зээлд энэ их амжилтыг олоход юу нөлөөлсөн бэ?
-Тиймээ. 2002 оны сүүлээр нэг нам улс төрийн эрхийг бүрдүүлж байсан. Энэ нам одоог хүртэл төрийн эрх барьж байна. Бидний хийж байгаа ажил ард иргэдийн сэтгэлд нийцэж байгаа гэж бодож байна. Одоо 16 жил болсон Засгийн газар ажлаа хийж байна. Анх Засгийн газрын ажлыг авч байхад туршлага байгаагүй учраас хүндрэл их байсан. Жил ирэх тусам туршлагажиж, ард иргэдийн хүлээлтийг хариуцлагатайгаар биелүүлсэн. Үүнд эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, экспортыг нэмэгдүүлж чадсан. Тухайн үед Засгийн газар Олон улсын валютын сангаас 23 сая их наядын зээлийг авсан ч зээлээ хугацаандаа төлсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэн. Энэ нь Засгийн газрын хүчин чармайлтын үр дүнд хүрч чадсан юм. Ажилгүйдлийн түвшин өндөр байсныг бууруулж бид өмнөө тавьсан бүгдийг хийсэн. Бид тухайн үед хямралыг яаж даван туулсан бэ гэхээр богино хугацаанд зөв шийдлийг олж амжилтанд хүрсэн. Зарим үед амаргүй шийдвэр гаргах үе байсан. Манайд нэг тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум ам.долларыг шууд бус хөрөнгө оруулагч орж ирсэн. Олон улсын валютын сангаас авсан зээлээ хугацаандаа төлж дуусгасан энэ туршлагаа Монголын ард түмэнтэй хуваалцахад бэлэн байна.
-Монгол, Туркийн сургуулийн талаар асуух гэсэн юм. Ямар үндэслэлээр Монгод байгаа турк сургуулийг хаах болсон бэ?
-Монгол дахь турк сургуулиуд буруу номлолыг дагуулж байсан гэж үзэж байна. 2000 гаруй хүн хохирсон. Бид сургуулиудыг хаана гэдэг шаардлага тавиагүй. Харин төрийн эргэлт хийхийг завдсан гэмт бүлэглэлийн төлөөлөл хүн байсан учраас удирдлага, менежмент буруу гэж бодсон. Эдгээр сургуульд сурч байсан хүүхэд, багш нар хохирох ёсгүй. Бид энэ асуудалд маш анхааралтай хандаж байгаа. Герман сангийн байгууллага бий. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ гэж бодож байна.
-Монголд байгаа турк сургуулиуд Германы байгууллагад шилжиж, германчуудад зарагдсан хувийн өмч гэж зарим эцэг, эх үзэж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Засгийн газартай тохиролцоонд хүрч чадав уу?
-Германд үргэлжлүүлэн сурч болно гэдэг нь худал. 2016 онд Туркэд төрийн эргэлт хийхийг завдсан үйл явдал болсон. Үүний дараа хичээлийн шинэ жил эхлэхэд “Эмпати” дипломтой хүүхдүүдийг аваагүй. Тухайн үед хүүхдүүд хэлмэгдсэн. Бид ямар шийдвэр гаргах гэж байна вэ гэхээр олон тооны монгол оюутнуудыг хөхүүлэн дэмжинэ. Тэтгэлэгийн хөтөлбөрийг нэмсэн.
БИД ӨӨРСДИЙГӨӨ ЧИНГИСИЙН ҮР УДАМ ГЭЖ ҮЗДЭГ
-Туркийн бизнесийн төлөөлөл Монголд ажиллана гэвэл ямар нэгэн хөнгөлөлт байдаг уу?
-Би энэ айлчлалын өмнө Турк, Монголын бизнесменүүдтэй уулзсан. 20 гаруй хүмүүс байсан. Тэдний бэрхшээл, санаа бодлыг сонссон. Турк, Монголын зөвлөл гэж бий. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай адил үйл ажиллагаа явуулдаг. Харилцаа холбоо байхгүй бол бид яаж хөгжих билээ. Чингис хаан хэдэн мянган бээр явж холбоо харилцааг хөгжүүлж байсан. Харилцааг улам хөгжүүлэхэд EXIM банкаар дамжуулан олон тооны бизнесийн компаниудад хэрэгтэй болно гэж бодож байна. Харамсалтай нь Монголын бизнесменүүд үүнийг сайн мэдэхгүй байна. Бизнесийн эхлэлүүдийг тавилаа гэж бодож байна. Шууд нислэгийг нэн тэргүүнд нэвтрүүлэх юм бол бизнесийн харилцааг 30 хувиар нэмэгдүүлнэ. Мөн худалдааны эргэлт 30 сая ам.долларт хүрэхгүй байна. МИАТ, Туркийн авиа компаний аль нэг нь Туркийн нэг хот руу шууд нислэг хийгээд эхэлбэл зорчигчдод сонголт ирнэ. Бид үүнийг хурдан хийх хэрэгтэй. Цаг хугацаа алдаад байгаа нь хүмүүсийн мөрөөдөл хойшлогдоод байна. Бид Монголын авиа компаний төлөөлөлтэй уулзсан. Цаашид хоёр орны харилцааг амь оруулах алхам болно гэж бодож байна.
-Монголын арьс боловсруулах үйлдвэрийг хэрхэн харж байна вэ?
-Монголд маш их боломж байна. Зөвхөн арьс боловсруулах чиглэлээр турк туршлага өндөр. Харин Монголд арьс шир чанарын өндөр түвшинд хараахан боловсруулагдаж чадахгүй байна. Технологио сайжруулах хэрэгтэй. Аялал, жуулчлалын салбарт үр өгөөж өндөр байна. Орхоны хөндийд нисэх буудал баригдаж, цогцолбор бий болбол олон сая туркчууд ирнэ. Бид Чингисийн үр удам гэж үздэг. Бид туркүүдийг Монголд ирээд энэ түүхтэй танилцаасай гэж бодож байна.
-Ерөнхий сайд та аялал жуулчлалыг илүү онцолж байна. Хичнээн турк жилд Монголд ирэх боломжтой вэ?
-Туркэд Чингис хааныг мэдэхгүй хүн гэж байхгүй. Чингис хаан, Тэмүүжин, Баттөр гэсэн нэртэй хүн олон бий. Түүхэн уламжлалыг бид мэднэ. Бид нийлж байгаад Хятадыг жижигрүүлсэн шүү дээ. Үүний гэрч нь цагаан хэрэм байна. Хэдийгээр энэ эртнийх гэлээ танай орны хувьд ОХУ, БНХАУ гээд том гүрэн хөрш байгаа нь давуу талтай. Турк хүн бүр Монголын нутаг дэвсгэрт байгаа түүхэн газарт ирэхийг хүсдэг. Жилд 11 сая хүн гадаадад аялахаар явдаг. Тэгвэл үүний 10, за багаар бодоход 5 хувь нь Монголд ирлээ гэхэд 550 мянган хүн ирэх боломжтой байна. Туркэд “Монголчууд” гэсэн хөгжмийн хамтлаг байдгийг дурдахад таатай байна.
-Турк улс барилгын архитектур өндөр хөгжсөн байдаг. Үүнийг монголд нутагшуулах ямар боломж байна вэ?
-Туркэд барилгын салбар өндөр хөгжсөн. ТОКI (Нийтийн орон сууцны байгууллага) 830 мянган орон сууц барьсан туршлагатай байгууллага байна. Тиймээс хоёр орны холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой. Бид их хуримтлуулсан туршлагатай юм чинь үүнийг Монголд хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнтэй уулзах завшаан олдсонд баярлалаа. Та бүхэнд баярлалаа.