Дуутай тэнгэр хургүй л байг уу

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Дуутай тэнгэр хургүй л байг уу

Дуутай тэнгэр хургүй л байг уу

Хоёр хөрш маань дэлхийн хэмжээнд тив дамнасан хэрүүл хийгээд завгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хооронд дэгдсэн худалдааны дайны эцэс сүүлдээ дэлхийн эдийн засгийг чирч унагах хор хөнөөлтэй байж болзошгүйг мэргэжилтнүүд сануулаад эхэллээ. Харин ОХУ, Их Британи хоёрын хооронд эхэлсэн тагнуулч Скрипалийг тойрсон шуугиан яаж төгсөх нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногийн дэлхийн хамгийн халуун сэдвийн эзэд хоёр хөрш байлаа.

Монголд ч халуун сэдэв чамгүй их байлаа. Баривчилгаа, гэм буруутай болоод гэм буруугүйгээ илчилсэн ил захидлууд, шударга ёс нэхсэн видео мэдэгдэл, хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах уу, эсвэл татгалзуулах уу гээд тогоон дотроо ярих сэдэв ихтэй долоо хоног байлаа.

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, стратегийн орд газруудын менежментийг зохицуулах үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, Ардчилсан намын хуучин кадруудын нэг Тагнуулын ерөнхий газрын болон Үндэсний Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг дөрөвдүгээр сарын 1-ний Ням гаригийн орой “Оюутолгой” компанийн гэрээтэй холбогдуулан баривчиллаа. Мөн “Жаст” компанийн захирал Ш.Батхүү ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарыг үсгийг ашигласан хэрэгт холбогдуулан тус үйлдвэрт Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг баривчлан хорилоо. Энэ хэрэгт бас нэг хүний баривчлан саатуулсан нь тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат юм. Г.Амарбатыг дөрөвдүгээр сарын 1-ний Ням гаригт саатуулсан.

АТГ-аас дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хийсэн мэдээллээр “Оюутолгой”-н гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг шалгах шаардлагатай байгаа, гагцхүү эх орондоо ирэхийг нь хүлээж байна гэсэн. Энэ мэдэгдэл түгсэний маргааш өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн илгээсэн захидал хамгийн уншилттай сэдвийн нэг байсан бол удаах өдөр нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн шоронгоос бичсэн захидал түглээ. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг видео мэдэгдлийг хийн олонд цацлаа. Тэрхүү мэдэгдлээр улстөрчид болоод хууль хяналтынхны бий болгосон тогтолцоог нураах зааврыг энэ тогтолцоог бий болгосон гэх УИХ-ын дарга М.Энхболдоос хүслээ.

Мэдээж баримт нотолгоогүйгээр баривчлан өчиггүй бууддаг их хэлмэгдүүлэлтийн үе биш болохоор гэмтэй хүмүүсийг баривчилсан нь лавтай. Гэхдээ эдгээр баривчилгаа, ил захидлын дараа яг юу болоод байгааг хүмүүс ойлгосонгүй, дуулиант мэдээнд цөс нь хөөрөөд л өмнөх дуулианаа мартаж орхив.

Зурагдаад 10 жил болж байгаа “Оюутолгой”-н гэрээ үнэхээр монголчуудад ашиггүй юу, ийм гэрээ байгуулсан хүмүүс юуны учир буруутгагдаад байгаа, цагтаа банк, хүнс, уул уурхай гээд олон салбарт ажиллаж байсан бизнесмэн Ш.Батхүү үнэхээр ийм адгийн залилагч луйварчин уу, “Эрдэнэт” үйлдвэрийн дунд шатныхан нь энэхүү луйварчинтай үгссэн учраас баривчлагдав уу, тэд удирдлагадаа захирагддаггүй том толгойтнууд байв уу, үйлдвэрийн удирдлага, үйлдвэрийг мэддэг Төрийн өмчийн хороо, Төрийн өмчийн хороог мэддэг Засгийн газар нь эдгээр арга зальтнуудын мэхэнд унав уу, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ хоёр ямар ялгаатай юм бол, эдгээр буруутгагдаж байгаа хүмүүс монголчуудыг үнэхээр хорлосон уу гэсэн мэдээллүүд бүрхэг хоцорч байна.

Нэгэн цагт Монголын улс төрийн болоод бизнесийн нүүр царай болж байсан эрхмүүд ийнхүү хуулийн өмнө хариуцлага хүлээх болж байгаа нь Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай гэсэн Ерөнхий сайд Анандын Амарын гаслант үгийн биелэл болох юм биш байгаа гэсэн зовинол олон хүний сэтгэлд тээглэлээ.

Учир шалтгаангүй үр дагавар гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй. Эдгээр дуулиант мэдэгдэл жижиг чулуугаар том чулууг доргиох гэсэн бие халаалт байхыг үгүйсгэхгүй байхаар үйл явдлууд арын фон дээр нь өрнөж байна. Хууль хүчний байгууллагуудад нөлөөллөө тогтоох замаар эрх мэдэлд хүрдэг, хөрөнгөждөг тогтолцоо бий болсон хэмээн тоглоомын талбайгаас шахагдсан улстөрч нь зарлаад эхэллээ. Хэрэв үнэн бол тогтолцоог өөрчлөх дайны эхлэл энэ мөн үү. Аль эсвэл тогтолцоог хэвээр хадгалж, тоглогчийг солих халхавч уу? Дуутай тэнгэр хургүй гэдэг шиг л битгий байгаасай. Өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг тэнгэр дуугарсан бол бороо орж дараа нь цэлмээсэй. Эхлэл биш төгсгөл чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж