Хотын хөгжил ярихаас өмнө хогны асуудлаа шийдье

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Хотын хөгжил ярихаас өмнө хогны асуудлаа шийдье

Хотын хөгжил ярихаас өмнө хогны асуудлаа шийдье

Нийслэлд суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед хотын хог хаягдлын хэмжээ дагаад өсч байна. Өнөөдрийн байдлаар нэг сая 300 мянган хүн амтай хотын хэмжээнд хог хаягдлын асуудал тулгамдсан хэвээр байгаа.

Тухайлбал, 2016 онд хог хаягдлын хэмжээ 800 тонн байсан бол өнгөрсөн онд энэ тоо 1.4  мянган тонн болтлоо нэмэгджээ. Энэ бол нийслэлчүүдийн хувьд аюулын харанга дэлдсэн тоо юм. Учир нь хог хаягдлын хэмжээ үлэмж ихээр нэмэгдсэнээр хөрсний бохирдол, цаашлаад ундны цэвэр усыг бохирдуулах хор хөнөөлтэй. 

Нийслэл хотын хэмжээнд гурван том хогийн цэг байдаг. Түүний нэг нь Цагаан давааны хогийн цэг юм. Биднийг 16 цагийн орчимд очиход тус хогийн цэг бараг хүнгүй шахам байв. Холоос харахад асар их хур хог нүүгэлтэн саарал харагдаж байв. Ойр хавийн айл өрхүүд ч хашаан дотроо хогийг ангилан ялгаж, шил, лааз, бусад хуванцар савыг ялган шуудай, шуудайгаар эгнүүлсэн байв.

Цагаан давааны хогийн цэгт өдөрт 100 тонн хог хаягдал ирдэг

Тус хогийн цэгийг ажиглахад хөрсний бохирдол ихтэй, гишгэхийн аргагүй харагдаж байлаа. Хогийн цэгийн ойр орчимд ганц нэг хог ачдаг машин явах агаад ихэнхдээ өглөө хогоо буулгадаг гэнэ. Тэднийг хогоо буулгах үед хог түүдэг хүмүүс бие биеэсээ өрсөн шилний хаягдал, өнгөт металл, хаягдал төмрийг ялган авдаг аж. Энэ нь тэдний орлогын эх үүсвэр болдог гэдгийг хэн хүнгүй хараад мэдэх биз ээ. Нийслэлээс гэхэд жилдээ нэг сая 433 тонн хог хаягдал гардаг.  Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг байна. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Мөн ойр орчмын айлууд нь хувиараа хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт борлуулдаг байна. Тэд хог хаягдлаа өөрийн хашаандаа ангилан ялгадаг бөгөөд энэ нь ойр орчимд амьдарч буй өрхүүдэд хүндрэлтэй байдаг гэдгийг ярьж байлаа.

Нарангийн энгэр, Цагаан даваанд хог хаягдал боловсруулах үйлдвэр барина

Өнгөрсөн жил Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хог боловсруулах үйлдвэртэй танилцжээ. Нэг тонн хог хаягдлыг ландфиллын аргаар устгахад 2080 төгрөг зарцуулахаар 2006 онд баталсан байна. Түүнчлэн хог хаягдал булах тоног төхөөрөмж, эвдэрч, хуучирснаас эхлээд олон асуудал тулгарсан тул судалгаа хийж, санхүүжилтийн хэмжээг нэмэх шаардлагатайг албаныхан онцолсон. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Бидэнд ямар гарц байна вэ.

Энэ асуудлаар 2017 оны тавдугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт “Эко–Парк” байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.

Гэрээ ёсоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн “Эко–Парк” төслийг 2017-2032 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хэрэгжих аж. Харин ‘Эко парк’-ийн хувьд нийслэлийн 1.4 сая тонн хог хаягдлын 25 хувийг дахин боловсруулж байна. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 100 хувь хог боловсруулах боломжтой болно.

Бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ. Нийт 28 аж ахуйн нэгж “Эко парк”-д нэгдэж, ТЭЗҮ-ийг 120 сая төгрөгөөр гаргаад байна. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 9.2 жил гэж үзэж байгаа юм байна. Одоогоор уг төслийн барилгын ажил эхэлсэн ба 28 аж ахуй нэгжийн 13 нэр төрлийн 25 үйлдвэр баригдаж аж. 

Хогоо ангилан ялгахад иргэдийн оролцоо чухал

Манай улсад хогоо ангилан ялгах талаар ямар ч ойлголт байдаггүй. Хогийг ялган зохицуулагчид нь хог цуглуулагчид, ТҮК-ийн ажилтнууд, орцны жижүүрүүд, ААН-үүдийн үйлчилгээний ажилтнууд байдаг. Тэд хогийг ангилан ялгаснаар мөнгөний эх үүсвэрээ бий болгодог. Мөнгө болгох боломжтой хог хаягдлууд нь хөнгөн цагаан лааз, зэс, гууль, хайлш, архины шил гэх мэт боловсруулах, дахин ашиглах боломжтой хаягдлууд багтдаг аж. Тэдгээр хаягдлыг нийслэлийн түүхий эд худалдан авдаг 206 цэгээр дамжуулан мөнгө болгон хувиргадаг юм. Эдгээр цэг нийслэлийн дүүргүүд болон орон нутгаас хог хаягдлыг татан төвлөрүүлээд дахин боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлдэг байна. Нэг үеэ бодвол хогоо хаях хаа хамаагүй хаягдаг байсан үйлдэл буурсан ч хогоо ангилан ялгадаг дадал зуршил үгүйлэгдэж байна. Хогийг эргэлтэд оруулах нь эдийн засгийн үр өгөөжөөс гадна байгаль орчинд ч ээлтэй. Бидний зүгээс хийх хамгийн эхний алхам нь хогийг ангилан ялгах явдал юм.

Хотын хөгжил ярихаас өмнө хог хаягдлын асуудлыг ярих ёстой

Хэрэв дээрх дурдагдсан “Эко Парк” төслийг хэрэгжүүлбэл нийслэл хот орчмын агаар, ус, хөрсний бохирдол эрс буурч, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна. Шинээр 900 гаруй ажлын байр бий болж, хог түүгч иргэдийн амьдрах нөхцөл дээшилнэ. Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах менежментийн цогц бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ахуйн хог хаягдлыг ангилах 4R зарчмаар боловсруулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Ландфилийн аргаар булж устгахыг эрс бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Одоогоор 16 аж ахуй нэгж хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Хятад улс хуванцар сав авахаа больсон

Монгол Улс жилдээ БНХАУ-руу 20 мянган тонн хуванцар хаягдал экспортолдог байжээ. 2000 оноос хойш хуванцар савтай бүтээгдэхүүн импортоор жилдээ 100 сая ширхгээр орж ирдэг байсан бол энэ тоо өнгөрөгч 2016 оны байдлаар 420 сая ширхэг болж өсчээ. Харин төрөөс нийслэлийн хог хаягдлыг тээвэрлэхэд жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Гэтэл Хятадын хуванцар хог хаягдал дахин боловсруулахгүй тухай шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Тухайлбал, ус ундаа, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэдэг хуванцар савууд энэ ангилалд багтаад байна.

Манайд өдөртөө нэг портер хуванцар сав өдөртөө 50 мянган төгрөг хүрдэг байжээ. Харин одоогийн нөхцөлд түүхий эд авдаг цэгүүдэд хуванцар сав их хэмжээгээр хуримтлагдсан байдалтай байгаа.  Өөрөөр хэлбэл хог түүдэг гэх хүмүүсийн орлого нураад буй юм. Цаашид хуванцар савыг хэрхэн боловсруулах нь асуудал хэвээр үлдээд байна. Хогийг бид өдөр тутамдаа “үйлдвэрлэдэг” ч үүн дээр төр засгийн оролцоо, иргэдийн хэрэглээ, ухамсар чухал болоод байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж