Хятадын байгалийн үзэсгэлэнт Хайнань арлын Боао хотноо зохиогддог Азийн чуулга уулзалт ням гаригт /2018.04.08/ эхэллээ. Чуулга уулзалт “Дэлхийн аугаа хөгжил цэцэглэлтийн төлөө нээлттэй, шинийг санаачлагч Ази” сэдэв дор болж байна. Дөрвөн өдрийн чуулга уулзалтад олон орны төр засгийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, шоу бизнесмэнүүд цуглажээ. Хятад улс нь 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэхтэй зэрэгцэн Боао чуулганыг санаачилсан нь Барууны давамгайллын эсрэг алсыг харсан арга хэмжээ байв. Улмаар тус чуулган “Азийн Давос” гэгдэх болж, өдгөө ач холбогдлоороо Дэлхийн эдийн засгийн чуулгантай эн тэнцжээ.
АНУ болон Хятадын хооронд худалдааны дайн эхэлсэн энэ үед санхүүгийн акулууд, хөрөнгө оруулагчид Хятадын дарга Ши Жиньпинээс үг сонсохоор яарч, Барууныхан чих тавин анхаарч байна. Чуулга уулзалтын нээлтэд Хятадын дарга олон улсын анхаарлыг татсан онцгой мэдэгдлийг хийдэг. Тухайлбал, 2015 онд тэрбээр Ази Европыг холбох дэд бүтэц, худалдааны том төсөл Хятадын нэг бүс-нэг зам санаачилгыг танилцуулж байв. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Хятадын 19-р Ардын их хуралд Ши Жиньпин эдийн засгийн шинэчлэлтийг гүнзгийрүүлэх талаар ярьсан билээ. Энэ нь Хятад улс ашиг сонирхлоо хамгаалж, эдийн засгаа гадаад нөлөөллөөс бие даасан болгож, эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах аж. Ши Жиньпиний эдийн засгийн зөвлөх Лиу өнгөрсөн нэгдүгээр сард Давосын чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ эдийн засгийн либеральчлал, глобал худалдааны дүрмийг дагаж мөрдөх, зах зээлд нэвтрэх нөхцөлийг нээх, үйлчилгээний салбарыг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх талаар ярьжээ. Чуулга уулзалтад Хятадын дарга Ши Жиньпин эдийн засгийг илүү нээлттэй болгох төлөвлөгөөг танилцуулах гэнэ. Хятад улс нь чөлөөт худалдааны боомтуудыг олноор дэмжин байгуулах аж. Дональд Трамп АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлого барьж байгаа бол эсэргээрээ Хятад улс глобалчлалыг дэмжиж “ирээдүйгээ холбосон нийгэмлэг” байгуулахыг зорьж байна. Бээжин нь олон улсын харилцаанд тэргүүлэх байр суурийг олж авахыг тулд худалдааны гэрээ хэлцлээс гадна дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээнд Азийн орнуудыг тэргүүлэн оролцож байна.
Дональд Трамп худалдааны алдагдал болон технологийн “хулгай”-д Бээжинг буруутган ган тэргүүтэй Хятадын экспортын 14 тэрбум ам.долларын бараанд гаалийн татварыг нэмэгдүүлсэн юм. Үүний хариуд энэ сарын эхээр Хятад улс АНУ-аас импортоор авдаг 128 төрлийн бараа бүтээгдэхүүнд 15-25 хувийн татвар ноогдуулсан билээ. Гэтэл дараа өдөр нь АНУ-аас дахин Хятадаас авдаг барааны 25 хувьд буюу 1300 орчим нэр төрлийн 50 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд татвар ноогдуулжээ.