Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байрлах нэгэн гудамжийг нутгийнхан “Мангасын ам” гэж нэрлэдэг. Учир нь, энэ гудамжинд архины хамааралтай хүмүүс тогтмол цуглаж, архидан согтуурдаг гэнэ. Мөн аймгийн төв хэсэгт байрладаг болохоор олны хөл хөдөлгөөн тасардаггүй юм байна. Аймгийн Цагдаагийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар дээрх газрын гудамжийг гэрэлт гудамж болгох санаачилга гаргажээ. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд бага ч гэсэн нэмэр болно гэж үзэж байгаа юм байна.
Энэ талаар аймгийн цагдаагийн газрын Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Ариунтуяа “Мангасын аманд томчууд архидаж, хоорондоо зодолдох тохиолдол цөөнгүй гардаг. Хэдийгээр тус гудамжинд бага насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөөгүй ч өртөх эрсдэл өндөр. Хамгийн олон хүн зорчдог гудамж хэрнээ ямар ч гэрэлтүүлэггүй. Тиймээс хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж дээрх санаачилгыг гаргасан. Одоогоор зураг төсөл гаргах, хамтран ажиллах багаа бүрдүүлэх ажлаа эхлүүлээд байна” гэлээ.
Р.Ренчиндулам