Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.