Томуугийн дэгдэлт идэвхжсэн тул хүч нэмж ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Томуугийн дэгдэлт идэвхжсэн тул хүч нэмж ажиллаж байна

Томуугийн дэгдэлт идэвхжсэн тул хүч нэмж ажиллаж байна

Эрүүл мэндийн дэд сайдын баталсан удирдамжийн дагуу амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яам  болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал, томуу, төст өвчний байдалтай танилцлаа.

  1. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Нийт 458 ортой, үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээний 5 ор, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 180 ортой үйл ажиллагаа явуулдаг. Өчигдөр 172 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд 5 хүүхэд эмчлүүлж байгаа юм. Насанд хүрэгчдийн тасгаас 2 палат суллаж, нэмэлт ор дэлгэн орны зохицуулалт хийсэн.

Өдөрт хүлээн авахаар үйлчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 80 хувь нь амьсгалын замын ямар нэг үрэвсэлт өвчтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өвчлөл нэмэгдсэн боловч, жил бүр энэ үед нийтлэг өвчлөл нэмэгддэг тэр хэмжээндээ байна. Коридори болон зориулалтын бус газарт хүүхэд хэвтүүлээгүй байв. Орны хүлээгдэл байхгүй. 

  1. СҮХБААТАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Нийт хүүхдийн 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээ 3 ортой, 3 хүүхэд эмчлүүлж байна. Нэмэлтээр 35 ор дэлгэн ажиллаж байна. Коридори болон зориулалтын бус газарт хүүхэд хэвтүүлээгүй байв.

Тус эмнэлгийн статистик мэдээгээр хүүхдийн өвчлөл энэ сард нэмэгдсэн, өмнөх оны мөн үед ч нэмэгдэж байсан байна.  Амьсгалын замын өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа ба амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй ходоод гэдэсний хямралтай хүүхдийн тоо нэмэгдэж байна.

Хүлээн авах тасгаар өчигдөр 12 цагийн байдлаар 45 хүүхэд ирж үйлчлүүлснээс 3 нь хэвтэж, бусад хүүхдэд зөвлөгөө өгч гэрт нь буцаажээ.   

  1. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Тус эмнэлэг хүүхдийн 75 ортой, хүүхдийн 6 их эмч ажилладаг. Өнөөдөр тус эмнэлгийн хүүхдийн тасагт 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 хувийг 6 сартайгаас 3 насны хүүхэд эзэлж буй юм. Мэдрэлийн тасаг, хөнгөвчлөх эмчилгээний өрөөнүүдэд 58 орыг нэмж дэлгэсэн байна.

Өчигдөр 13 цагийн үед 56 хүүхэд ирсэнээс 8 хүүхдийг хэвтүүлсэн, 48 хүүхдэд зөвлөгөө өгч буцаажээ. Орны ачааллыг бууруулах зорилгоор нэмэлт ор дэлгэн ажиллуулж байна. Хүлээн авах дээр 2 эмч, 2 сувилагч ажиллаж байв.

  1. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг:

Өчигдөр 12 цагийн байдлаар хүлээн авахаар нийт 36 хүүхэд ирж үзүүлснээс 2 хүүхэд хэвтсэн, 34 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байв. Амьсгалын замын өвчлөл зонхилж байна. Мөн тууралтат халдварууд ирж байгааг эмч нар хэллээ. Ажилчдын амралтын өрөө,  тоглоомын өрөө, хувцас солих,  уулзалтын өрөө, физик эмчилгээний өрөө, задгай вестибюльд 23 дэлгэж, дотрын тасгийн 17 орыг  хүүхдийн оронд шилжүүлсэн байна. 

  1. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг:

Өчигдөр тус дүүргийн нэгдсэн эмнэлэг 11 цагийн байдлаар нийт 177 хүүхэдтэй, үүнээс 157 нь амьсгалын замын өвчтэй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байв. Хүлээн авахаар 116 хүүхэд ирснээс 40 хүүхэд хэвтсэн байна.  Хүүхдийн 1-р тасаг буюу 2 давхар зүүн жигүүрийн задгай палат 8 хүүхэдтэй баруун жигүүрийн задгай палат 2 хүүхэдтэй, 6 ор сул байна. Задгай палат буюу вестибюльд 17, эмчилгээний өрөөнд 6, ажилчдын өрөө 3, физик эмчилгээний өрөөнд 6 ор дэлгэсэн байна.

  1. Баянгол Дүүргийн нэгдсэн эмнэлэг:

Өчигдрийн байдлаар 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авахаар үзүүлсэн 79, хэвтсэн 30, буцсан 49, хүнд хүүхэд 6 байв. Өглөөний 8 цагаас 12 цаг хүртэл 42 хүүхэд ирж үзүүлжээ. Үүнээс 7 хүүхэд хэвтэж, 35 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Амьсгалын замын өвчлөл зонхилж байна. Хүүхдүүд өндөр халуурч бөөлжиж, гүйлгэсэн гэсэн зовиуртай ирж байгааг эмч нар хэллээ.

Бэлэн байдлыг хангаж, хүүхдийн тоглоомын өрөөнд 16, хуучин эрчимтийн өрөөнд 14 ор тус физик эмчилгээний өрөөнд 6, сувилагчийн өрөөнд 4 эмч нарын өрөөнд 5 тус нэмэлтээр байрлуулсан байна.

Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

  • Хүүхдийн өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэссэнтэй холбоотой дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг дотоод зохион байгуулалтын өөрчлөлт хийж ажиллаж байна. Тухайлбал өрөө, тасалгааны хүртээмж, боломжоос шалтгаалан уламжлалтын тасаг, насанд хүрэгсдийн палатыг суллаж нэмэлтээр ор дэлгэн ажиллуулж байна.
  • Амралтын өдрүүдэд эмч нар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг эрэмбэлэн ангилж, зөвлөгөө өгч эмнэлгээс гаргаж байна.
  • Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулж байна.
  • ЧД-ийн ЭМТ-д ажлын 5 өдөр болон хагас, бүтэн сайн өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу жижүүр эмчийг нэмэлтээр ажиллуулж байна.

БГД-ийн хувьд ажлын ачаалал ихэссэнтэй холбоотой нэмэлтээр эмч ажиллуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж