Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё

Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё

Хурд их байх тусам осолд өртөж байгаа хүний гэмтэх, нас барах эрсдэл өндөр байдаг. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 36591 зам тээврийн осол гарч, 507 хүн нас барж, 1258 хүн бэртжээ. Зам тээврийн ослын 89.3 хувь нь Улаанбаатар хотод гарсан байна. Нийт зам тээврийн ослын 97.5 хувь нь хурд хэтрүүлсэн, хоорондын зайгаа буруу тооцоолсон зэрэг жолоочийн буруугаас үүсдэг ажээ.

Суурин газар суудлын автомашин явах боломжтой хамгийн дээд хурд нь 60 км/цаг. Энэ хурдыг 50 хувь хэтрүүлэхэд л явган зорчигчийн амь насанд хүрэх эрсдэлтэйг судалгаагаар баталжээ. Гэтэл хуулийн дагуу ийм зөрчил гаргасан жолоочийг 48 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолооч явах ёстой хурдны дээд хэмжээг 50 хүртэл хувиар хэтрүүлэн,  60-90 хүртэлх км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцсон бол хариуцлага ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол 48 мянган төгрөгөөр торгуулж, зургаан сар авто машин жолоодох эрхээ хасуулдаг юм. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (НЭМҮТ) гаргасан судалгаагаар дундаж хурдыг таван хувиар бууруулахад зам тээврийн ослын нас баралтыг 30 хувиар бууруулах боломжтой гэнэ.  Түүнчлэн 50 км/цаг хурдтай явахад амь алдах эрсдэл 20 хувь, 80 км/цаг хурдтай явахад амь алдах эрсдэл 60 хувь байдаг ажээ. Тодруулбал, Тээврийн хэрэгсэл 50 км/цаг хурдтай яваад ямар нэгэн аюул тохион тоормослоход тухайн цэгээс 27 метр яваад зогсдог байна. Энэ үед явган зорчигч осолд өртөхгүй байх боломжтой. Харин 60 км/цаг хуртай яваад тоормослоход тээврийн хэрэгсэл 36 метр яваад зогсдог гэнэ. Энэ үед явган зорчигчийг шүргэж гэмтээх эрсдэлтэй аж. Түүнчлэн 80 км/цаг  хурдтай яваа тээрийн хэрэгсэлд ямар нэгэн саад учирч тоормослоход 62 метрийн зайд зогсдог байна. Ингэснээр явган зорчигчийг мөргөж, амь насанд нь хүрэх эрсдэлтэй ажээ.

Хэрэв жолоочид хурд хэтрүүлээгүй бол өнгөрсөн жил 507 хүн авто ослоор нас барахгүй, 50 км/цаг хурдтай явсан бол 1117 хүүхэд авто ослоос гэмтэл авахгүй байх боломжтой байлаа. Суурин газарт авто машин зорчих дээд хурдыг 50 км/цаг болгосноор нэг ч хүн авто ослоор нас барахгүй, хүнд, хөнгөн гэмтэж, бэртэхгүй байх боломжтой.

Р.Ренчиндулам  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж