Улаан асрын зүүд (104-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (104-р бүлэг)

Улаан асрын зүүд (104-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч ЦаоШюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. ЦаоШюэчиний өвөө нь Манж Чин улсын КанСи Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цаоовогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа ЦаоШюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа ЦаоШюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. ЦаоШюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн ЦаоШюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАОШЮЭЧИНЬ ГАО Э

Зуун дөрөвдүгээр бүлэг

СОГТУУ ЧОЙЖИН ӨЧҮҮХЭН ХҮН ИХ ҮЙМЭЭН ДЭГДЭЭЖ, ШУНАЛТ АГЬ ХАРАМСЛЫН ЭРХЭЭР УРЬДЫН НАЙРЫГ СЭТГЭВ

Өгүүлэх нь: тэднийг гол гатлах гэж байтал нэг хүн нисэх мэт гүйсээр ирээд “Лаое саяын очсон тэр сүмд гал гарав” гэж мэдүүлэв. Юй Цүнь эргэж харвал, дүрэлзсэн гал тэнгэр тулж бутарсан үнс нар халхалжээ. Юй Цүнь дотроо: “Энэ бас сониноо! Тэндээс гарч ирээд төдий л хол яваагүй байхад яагаад гал гарав? ШыИнь энд аюулд учраагүй байгаа” гэж бодоод буцаж очъё гэтэл гол гаталж чадахгүй болохоос болгоомжлон очихыг байя гэхээр сэтгэл зовж, бодон бодсоор: “Чи тэр хөгшин бумба гарч ирэхийг үзэв үү” гэж асуув. Өнөөх хүн:

-Өчүүхэн би, Лаоетай хамт гарч ирээд гэдэс өвдсөн тул баахан хоцорч явсан юм. Эргэж харвал, тэр сүм дүрэлзэн шатажбайсан тул Лаоед мэдүүллээ. Хүн гарч ирэхийг үзээгүй гэж хэлэв.

Юй Цүний дотор дэн дун байсан боловч нэр ашигт шунахай хүн тул яалаа гэж очиж үзэх вэ. Тэр дороо нөгөө хүнд: “Чи энд хоцорч гал унтарсан хойно очоод, тэр бумбын байх, байхгүйг үзээд над мэдүүлэгтүн” гэсэнд мөнөөх хүн арга буюу хоцров. Юй Цүнь гол гатлаад цааш явж зохих шалгалтаа хийгээд албаны буудалд очиж амрав. Дараах өдөр нь бас баахан яваад буцаж нийслэлийн хаалгаар ортол олон зарц тосож аваад хүрээлэн дагаж явав. Юй Цүнийг сүйхэнд суугаад явж байтал өмнө нь шуугилдах чимээ гарав. Юу болов гэж сонирхвол, зам удирдагч, нэг хүнийг сүйхний өмнө чирч авчраад сөгдөн мэдүүлсэн нь “Энэ хүн согтоод, зам тавихыг мэдэхгүй, харин дайрч түрж ирж байна. Би үүнийг зандарсанд энэ хүн ёс бус зан гаргаж зам дээр хэвтээд, намайг зодлоо гэж байна” гэв. Юй Цүнь:

-Би бол энэ газрыг захирагч хүн юм. Та нар цөм миний иргэд. Намайг үүгээр явааг мэдсээр байж архи ууж зам тавихгүй, бас тэгээд ёс бус юм ярина гэсэнд согтуу:

-Архийг би өөрийнхөө мөнгөөр ууж, согтоод эзэн хааны газар дээр хэвтэж байна. Лаое та их хүн боловч үүнийг хамаарч болохгүй гэв. Юй Цүнь хилэгнэж:

-Энэ хүн, хууль цаазыг тэрсэлж байна, нэрийг нь асуу гэсэнд мөнөөх хүн:

-Би бол согтуу чойжин Ни Эр гэгч байна гэв. Юй Цүнь уурлан

-Энэ амьтныг занчигтүн. Чойжин мөн бишийг нь үзье гэсэнд хүмүүс түүнийг дарж унагаад хэд ташуурдав. Ни Эр өвдөөд архи нь гарч, гуйсанд Юй Цүнь хадганатал хөхөрч

-Ийм Чойжин байдаг юм уу. Би чамайг одоо занчуулахгүй яаманд аваачиж аажмаар асуулгана гэв. Тэгээд түүнийг зарц нараар хүлүүлээд авч явав. Ни Эр хичнээн гуйв. Юй Цүнь ордонд орж эзэнд айлтгаад, ажилдаа явсан тул тэр явдлыг таг мартжээ. Гудамжаар дэмий сэлгүүцэгчид хоёр гурваар нийлж “Ни Эр бага сага ид хүчиндээ эрдээд архи ууж хүн айлгасаар байгаад, өнөөдөр ЖяЦүнь их хүнтэй таарсан тул бодвол амар тавихгүй байхаа” гэж ярилцана. Энэ үг, түүний эхнэр, охины чихэнд хүрээд байтал үдэш нь үнэхээр ирсэнгүй тул охин нь мөнгө зоосны тоглоомын газар очив. Тэр зоос наадагчид бас л тийм юм ярьсанд охин нь уйлав. Хүмүүс “Чи зовох хэрэггүй. Тэр ЖяЦүнь их хүн бол Рунфү ордныхны төрөл болно. Тэр ордны ямар нэгэн Эр Еэ гэгч эцэгтэй чинь сайн тул чи эхтэйгээ хамт очоод түүгээр гуйлгавал дор нь гаргана” гэсэнд мөнөөх охин дотроо “Нээрэн манай эцэг зэргэлдээх айлын Жя Эр Еэтэй сайн гэж үргэлж хэлдэг шүү. Очиж түүнээс гуйя” гэж бодоод яаран харьж ээждээ хэлээд, хоёул ЖяЮнийг гуйхаар явав. ЖяЮнь ч гэртээ байв. Тэднийг суулгаад цай өгөв. Ни овогт эх охин хоёр Ни Эр, ЖяЦүнь их хүнд баригдсан учрыг хэлээд “Эр Еэ гуйгаад тавиулж өгнө үү” гэж гуйв. ЖяЮнь бардам зөвшөөрч: “Энэ юу байхав. Би баруун ордонд очиж нэг үг хэлээд л тавиулчихна. Тэр ЖяЦүнь их хүн бол, баруун ордны хүчээр ийм их ноён болсон тул нэг хүн явуулж хэлүүлэхэд л боллоо” гэв. Эх охин хоёр баярлаад гэртээ ирмэгц нэг хүн явуулж Ни Эрд “Сандрах хэрэггүй. Нэгэнт Жя Эр Еэг гуйсанд тэрбардам зөвшөөрсөн. Гуйгаад л тавиулчихна гэсэн” гэж хэл хүргэв. Цаадах нь ч баярлав. ЖяЮнь тэр удаад ФөнЖед бэлэг өгөөд аваагүй тул дотор орж чадахгүй болоод Рунфүд төдий л очихгүй болсон байв. Энэ Рунфү ордны үүд харагч бол эзнийхээ царайг харж үйлчилдэг тул эзэн нь хэнтэй байнга харилцдаг бол сая нэр нүүртэй үзэгдэж хэзээ ирэвч даруй орж мэдүүлнэ. Эзэн нь дэмий тоохгүй бол гэр төрлийн ойр садныг ч болов орж хэлэхгүй, элдвээр аргалаад буцаана. Тэр өдөр ЖяЮнь ордонд очиж: “Лянь Эр Еэгийн амрыг эрнэ” гэсэнд үүд харагч: “Эр Еэ гэртээ байхгүй. Ирсэний дараа мэдүүлнэ” гэв. ЖяЮнь: “Эр найнайгийн амрыг эрье” гэж хэлэн завдсанаа, үүд харагчийг улиглуузай гэж болгоомжлоод аргагүй буцав. Ни овогт эх, охин хоёр дахин ирж “Аль яам боловч ордноос нэг үг хэлбэл сонсохгүй хүн үгүй гэж Эр Еэ та үргэлж хэлдэг бишүү. Одоо бүр ордны гэр төрлөөр дайрсан бөгөөд бас төдий их хэрэг ч биш байтал ийм бага юмыг ч гуйж чадахгүй чинь маньд тааруухан л санагдаж байна” гэж шахсанд ЖяЮнь:

-Өчигдөр манайд баахан ажил гараад хүн илгээж хэлүүлж чадсангүй. Өнөөдөр хэлүүлж тавиулая. Тэр юу байхав гэж их үг хэлж орхив. Ни овогт эх охин хоёр дахиад л чимээ чагнаж суув. Энэ үед ЖяЮнь ойрын өдрүүдэд их хаалгаар орж чадахгүй болоод араар очиж хүрээлэнд ороод Бао Юйг олж уулзъя гэвэл хаалга нь хаалттай тул гонсойсоор эргэж ирэв. Тэрбээр дотроо: “Ни Эр тэр жил зоос зээлүүлж түүгээр нь үнэрт эд худалдаж аваад бэлэг өгсний дараа надаар мод тариулсан билээ. Одоо би тал засах зоосгүй болсон тул намайг хавьтуулахаа больжээ. Тэр мөн түүний чадал ч биш, элэнц аавын үлдээсэн өмчийн мөнгийг гадагш хүүтэй тавиад харин манай мэтийн ядуу өрх нэг лан зээлье гэхэд өгөхгүй. Тэр насаараа ядуурахгүй гэж бодож байна. Гадуурх цуу яриа тун муу байхыг тэр яаж мэднэ вэ! Би хэлэхгүй. Хэлбэл амины хэрэг хүртэл хэдий их байхыг мэдэхгүй гэж бодсоор гэртээ ирвэл Ни овогт эх охин хоёр мөн л хүлээж байв. ЖяЮнь хэлэх үггүй болж ‘Баруун ордоноос хүн явуулж хэлүүлсэн боловч Жя их ноён зөвшөөрөхгүй байна гэнээ. Чи манай гэрийн боол ЖөүРүйн садан ЛөнЗышинтэй уулзаад гуйвал сая бүтнээ” гэсэнд цаад хоёр нь сонсоод: “Эр Еэ мэтийн ийм нэр нүүртэй агь чадахгүй байхад тэр боол яаж чадна вэ” гэв. ЖяЮнь эвгүйрхэж:

-Чи мэдэхгүй байна. Одоо чинь боол нь эзнээсээ дээр болсон шүү гэв. Арга тасарсан эх охин хоёр хүйтнээр инээж:

-Тийм болсон юм бол Эр Еэг дэмий хэдэн өдөр гүйлгэж ядраачихлаа. Манай хүн гарч ирээд таны ядаргааг тайлна гэсээр гарч өөр хүн гуйж Ни Эрийг гаргаж авав. Тэр хэд банздуулаад өөр ял авсангүй. Ни Эрийг гэртээ ирсэн хойно ЖяЮнийг гуйгаад бүтээгүйг ярив. Тэрбээр архи уугаад түүнийг эрж очно гэв. Тэгээд тэр муу хүний үнэргүй амьтан, урьд нь идэх хоолгүй, ажилгүй байхад нь би тусалж ордонд орж ажил хийдэг болгосон юм. Одоо надад хэрэг болоход харж үзэхгүй байна гэнээ. Муу хувхайг хуухай! Би түйвээхэд хүрвэл тэр хоёр ордон цэвэр үлдэхгүй гэж занасанд эхнэр нь, “Хэ чи шар усаа залгилаад бас л дэмий аашлаад унав уу. Тэр өдөр чи согтоод л хэрэгт орж занчуулаа биз дээ. Түүнийг түйвээж юугаа хийнэ” гэв. Ни Эр:

-Би занчуулаад айна уу. Би нэг сайн өө сэв олохгүй байсан юм. Шоронд байхдаа итгэл журамтай хэдэн нөхөртэй боллоо. Тэд хэлэхдээ Жя овогтон зөвхөн хотод байх биш гадна мужуудад ч олон бий гэнэ. Тэр өдөр Жя овогтноос хэдэн хүн барьж шоронд хийв. Би харин эндэх Жя овогтны доор нэгэн үе ба боолууд нь хэдий муу боловч тэдний дээрх нэгэн үе нь сайн байтал бас яагаад хэрэгт орчихов гэж бодсон. Сураглавал цөм эндхийн Жя овогтны хөдөөх мужид сууж байгаа төрөл нь болох бөгөөднэгэнт өчгийг нь аваад ял тогтоохоор аваачив гэснийг сонсоод сая санаа амрав. Хэрэв энэ Жя Эр зулзага ач журмыг мартсан бол би даруй хэдэн нөхдийн хамт түүний гэрийнхний хүнийг яаж дарлаж доромжилсон, яаж их хүүтэй мөнгө тавьсан, яаж амьд хүний эхнэрийг булаасныг нь сэдэж гаргана.Шуугиан дэгдээгээд бүгдийг захирагч Лаоегийн1 чихэнд мэдээ хүргэвэл тэд сая Ни Эр Чойжинг танина даа гэсэнд эхнэр нь:

-Чи архиа уучихаад явж унт. Тэр хэний эхнэрийг булаачихав? Худал юм битгий дураараа чалчаарай гэв. Ни Эр:

-Та нар гэрээс гарахгүй юм чинь, гадуурх юмыг яаж мэдэх вэ. Уржнан би, наадмын газар бяцхан Зан лугаа уулзсанд түүний эхнэрийг Жя овогтны хүн эзэрхэлж авав гэж байсан. Тэр бас надтай зөвлөсөнд, би харин хориглосон юм. Түүнээс хойш түүнтэй хоёр жил уулзсангүй. Хаа яваа юм бол. Түүнтэй уулзаад Ни Эр эцэг нэг арга сүвэгчилж өгвөл Жя Эр зулзага ёстой үхэхээ мэдтүгэй! Энэ Ни Эр эцгээ сайхан ачилж явбал үйлс бүтнээ… гэсээр хэвтээд амандаа ямар нэг юм дүдэгнэсээр унтжээ. Эхнэр, охин хоёр нь түүний яриаг согтуугийн үг төдийгөөр үзээд тоосонгүй. Маргааш нь Ни Эр тоглоомын газар очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

-Юй Цүнь гэртээ харьж амрахдаа, ЖэньШыинтэй уулзсанаа гэргийдээ ярьж өгөв. Гэргий нь: “Юунд буцаж очоод үзсэн гүйв. Шатаад үхчихсэн бол бид хүний сайныг мартсан болох бишүү” гэж зэмлээд нулимс унагав. Юй Цүнь:

-Тэр бол гэрээс гарсан хүн тул мантай хамт байх дургүй гэхчилэн ярилцаж байтал гаднаас хүн ирж: “Тэр өдөр сүмд гал гарсныг үзэхээр Лаоегийн даалгавраар хоцорсон хүн буцаж ирэв” гэж мэдүүлэв. Юй Цүнь жаахан байж байгаад түүнийг угтан гарч очсонд зарц амрыг эрээд:

-Өчүүхэн би Лаоегийн тушаалаар буцаж очоод, гал унтрахыг хүлээлгүй дайран орж бумбыг эрвэл, түүний сууж байсан суудал муудал нь хүртэл шатжээ. Өчүүхэн би, тэр бумба лав шатаад үхжээ гэж бодов. Шатсан хэрэм цөм ар тийшээ нураад түүний бараа сүүдэр ч харагдсангүй. Нэг зэгсэн дэвсгэр, нэг том шанага сайхнаараа үлдсэн байна. Өчүүхэн би, түүний шарилыг энүүгээр тэнүүгээр мохтол эрээд олсонгүй. Ядаж нэг хэсэг яс ч байдаггүй. Би Лаоег итгэхгүй гэж бодоод зэгсэн дэвсгэр, шанага хоёрыг нь авчирч үзүүлье гээд авах гэтэл цөм үнс болсон байна гэв. Юй Цүнь сонсоод, Шыинийгувьдаслан явсныг мэдээд, тэр зарцыг явуулж гэртээ ороод бүсгүй хүн учир мэдэхгүй тул гашуудан зовуузай гэж бодоод бумбыг галд шатаж гэж хэлсэнгүй, зөвхөн ор мөргүй арилжээ. Лав амжиж зайлсан байх гэв. Тэгээд бичгийнхээ гэрт ганцаар суугаад Шыиний хэлсэн үгийг нарийн ойлгох санаатай бодолхийлж байтал гэрийн зарц ирж: “Дотоод ордоноос хэрэг учир тушааж шалгуулна гэж дууджээ” гэв. Юй Цүнь яаран сүйхэндээ суугаад явав. Хүний ярихыг сонсвол: “Өнөөдөр Жяншийн зөөх амуугийн дооли түшмэл2ЖяЦүньЖөү буруушаагдаж буцаж ирээд бараалхаан дээр ял хүлээж байна” гэнэ. Юй Цүнь яаран дотоод яаманд орж их сайд нартай уулзаад хил хязгаарыг зохимжгүй хамаарсан тухай хааны зарлигийг үзэж гарч ирээд яаран ЖяЖөнг эрж түүний төлөө үл төвдөх үгийг баахан хэлээд бас аяны замд амар сайн явж ирсэн тухайд баяр хүргэв. ЖяЖөн бас салснаас хойших явдлыг нарийвчлан тоочив. Юй Цүнь: “Шийтгэл тайлах өргөдлөө дээш дэвшүүлсэн үү’ гэж асуусанд ЖяЖөн ‘Нэгэнт дэвшүүлэв. Зөвлөн тогтсон хойно эзний санааг үзсүгэй” гэж байтал дотроос эзний зарлигаар ЖяЖөнг дуудсанд тэрбээр сандран оров. Түүнтэй найрсаг харилцаатай их сайдууд цөм хүлээж байв. Нилээд удсаны дараа ЖяЖөн толгой дүүрэн хөлстэй гарч ирэхийг хараад бүгд угтан авч: “Ямар зарлиг хайрлав” гэж асуусанд ЖяЖөн хэлээ гаргаж: “Үнэхээр аюултай. Золтой их хүмүүсийн харгалзлалаар учир болсонгүй” гэв. Бүгд л “Эзэн хаан юү асуув” гэсэнд ЖяЖөн:

-Эзэн хаан, Юньнаньд нууцаар хурдан буу авч гарсан учрыг асуув. Өргөдөлд угийн тайш түшмэл Жя Хуагийн гэрийн хүн гэж айлтгажээ. Эзэн хаан манай өвгийн нэрийг санаж олоод асуужээ. Би яаран мөргөж, миний өвгийн нэр бол Дай Хуа гэсэнд эзэн хаан даруй мушийгаад “Урьд цэрэг зурганд байгаад хожим буурч Фүгийн түшмэл болсон нь мөн Жя Хуа хэмээгч бус буюу” гэж асуув гэж ярив. Дэргэд нь байсан Юй Цүнь ихэд сандарч: “Эрхэм абугай яаж айлтгав” хэмээн асуусанд ЖяЖөн:

-Би тайвнаар “Угийн тайш түшмэл Жя Хуа бол Юньнань газрын хүн. Одоогийн фүгийн түшмэл Жя гэгч бол Жөжян газрын хүн” гэж айлтгав. Эзэн бас Сүжөүгийн мэдэгч түшмэлийн айлтгасан ЖяФань гэгч чиний төрөл үү гэж асуусанд би “мөн” гэж айлтгав. Эзэн хааны царай хувьсхийж: “Гэрийн боолоо дураар тавьж сайн иргэний эмс охидыг булаалгаж яаж болно” гэсэнд би айгаад юм хэлж чадсангүй. Эзэн бас “ЖяФань, чиний юу болох вэ” гэж асуусанд би яаран “Миний холын төрөл” гэж айлтгалаа. Эзэн хаан тааламж муутай зарлиг гаргав. Харин ч сонин учир болой” гэжээ. Бүгдээр “Үнэхээр сонин болой. Энэ хоёр хэрэг яагаад ийнхүү давхарласан юм бол” гэсэнд ЖяЖөн “Хачин ч биш юмаа. Харин цөм Жя овогтон таарсан нь муу болжээ. Манай ядуу угсаа хүн олонтой. Он жилийн удаанд олон газар таржээ. Одоо хэдий учир болсонгүй боловч эзэн ганцхан “Жя” гэдэг үгийг цээжилж авбал муу болно” гэв. Цаадуул нь: “Үнэн бол үнэн. Худал бол худал. Айх юу байх вэ” гэцгээв. ЖяЖөн: “Би ноён суух дургүй боловч албанаасаа чөлөөлөгдөж чадахгүй байна. Одоо манай гэрт үе залгамжилсан түшмэл хоёр байна. Энэ ч мөн аргагүй юм” гэсэнд ЖяЦүнь, “Одоо эрхэм абугай үйлдвэрийн зурганд байх тул бодвол нийслэлийн тушаалыг алдахгүй юм” гэв. ЖяЖөн:

-Нийслэлийн тушаал гайгүй боловч би хоёр удаа хөдөөгийн тушаалд явсан тул хэлж мэдэхгүй… гэсэнд бүгдээр:

-Эр Лаоегийн явдал хийдлийг бид цөм биширнэ. Эрхмийн ах их Лаое боловч мөн сайн хүн. Гагцхүү ач нарыг баахан чандалбал зохино гэцгээв. ЖяЖөн:

-Би гэртээ төдий л байхгүй юм. Тэгээд ач нарын явдлыг тэр бүр анхаарч чадаагүй тул санаа зовоож байна. Бид цөм дотно найз нар учраас л эрхмүүд өнөөдөр дурсаж байна. Зүүн гэрийн ач хөвгүүн ёс дүрэм зөрчсөн явдал үйлдсэнийг сонссон уу? гэсэнд цаадуул нь:

-Юм сонсоогүй. Харин хэдэн жигүүрийн түшмэл тэр бүр тааралдахгүй байна гэнэ. Дотор ордонд бас иймэрхүү төлөвтэй. Тэндхийн ачийг алив явдалд болгоомжлон явтугай гэж захивал зовох явдалгүй гэцгээв.

Ийнхүү ярилцаад ёслон салсны дараа ЖяЖөн харив. Хөвгүүд ач нар нь угтан гарч ирэв. ЖяЖөн эхлээд Жя Мүгийн гэрийн зүг хандан мөргөсний дараа хөвгүүд ач нар нь түүний амрыг эрж хамтаар ордонд оров. Ван Фүрэнь нар бас буян бадрах танхимд ирж угтав. ЖяЖөн урьдаар эхдээ бараалхаад яваад удсан тухайгаа ярив. Жя Мү, Тань Чүнийг асуувал, ЖяЖөн охиноо нөхөрт гаргаснаа тодорхой ярив. Тэрбээр:

-Хөвгүүн би, түргэн гарч ирээд, есөн сарын еснийг өнгөрөөж биеэр уулзаж чадаагүй боловч хотын тэндээс хүн ирж маш сайн гэсээн. Худ, худгай нар цөм Лаотайтайгийн амрыг айлтгасаан. Бас энэ өвөл буюу ирэх хавар нийслэлд шилжиж ирэх магадгүй гэсээн. Тийм бол сайн хэрэг. Одоо хязгаарын газар ажил ихтэй тул тийм үеэр шилжиж чадахгүй болж мэднэ гэлээ.

Жя Мү хүүгээ зэрэг тушаал бууран шилжиж ирээд, Тань Чүнь ганцаараа хол харь нутагт, төрөл садангүй хоцорлоо гэж бодоод зовж байсан боловч хүүгийнхээ ярианаас Тань Чүнь мэнд сайн байгааг мэдээд баярлав. Тэгээд маргааш өглөө дээдсийн сүмд мөргөхөөр тогтов.

ЖяЖөнийг харьсны дараа Бао Юй, ЖяЛянь хоёр зориуд очиж золгов. Эцэг нь хүүгийнхээ царай явахын нь үеэс нэн өнгөлөг болсныг хараад, дотроо алмайрсныг мэдэхгүй тул санаа амарч тушаалаас буурч ирсэндээ зовохгүй, Луао тайтай хөвгүүний явдлыг сайхан үйлджээ гэж баярлав. Ялангуяа БаоЧай улам лавдуу найрамдуу болж Лань Эр ч ганган хээнцэр болсныг үзээд машид баярлав. Харин Хуань Эр яг хэвээр байсан тул төдий л энхрийлэн хайрласангүй. Хагас өдөр амраад гэнэт: “Яагаад нэг хүн дутуу байна вэ” гэж асуусанд Ван Фүрэнь, Дай Юйг асууж байгааг мэдэв. Тэгээд урьд нь захидлаар хэлээгүй учир өнөөдөр гэртээ ирээд их баяр хөөртэй байхад нь шууд хэлэхэд эвгүй гэж бодоод: “Өвчтэй” гэчихэв. Гэтэл БаоЮйгийн зүрхийг хутгаар огтлох мэт зовоосон боловч аав нь дөнгөж ирж байгаа тул сэтгэлээ чангалан өнгөрөөв. Ван Фүрэнь найрын ширээ засаж, аяны тоосыг нь гүвж, үр ач нар нь ерөөлийн хундага өргөв. ФөнЖе хэдий ач бэр болох боловч айл гэргийн учрыг мэдэж байх тул БаоЧай нарыг дагаж архи сөгнөв. Хүн бүр нэжгээд хундага барьсны дараа ЖяЖөн: “Цөм явж амартугай” гээд гэрийн зарц нарыг явуулж, маргааш дээдсийн сүмд мөргөсний дараа ирцгээ гэв. Хүмүүсийг явуулаад, тэр хоёр гэрийн эзэн эзгүй байх үеийн явдлыг хэлэлцсэнээс бусдыг Ван Фүрэнь ер ярьж чадсангүй. ЖяЖөн харин урьтаад Ван Зытөнгийн учрыг дурдсанд цаадах нь бас зовон гуниглаж чадсангүй. ЖяЖөн бас ШюэПаний учрыг хэлсэнд эхнэр нь “Үйлээ өөрөө эржээ” гээд энэ далимаар Дай Юйгийн үгүй болсныг дуулгав. ЖяЖөн ихэд цочиж, нулимс унаган дахин дахин санаа алдав. Ван Фүрэнь ч тэсэлгүй уйлав. Харин Цай Юнь яаран хормойноос нь татсанд уйлахаа болиод, баяр хөөртэй юм жаахан ярьж байгаад унтав.

Маргааш өглөө нь ЖяЖөнг дээдсийн сүмд очиж мөргөхөд хөвгүүд ач нар цөм дагалдан явав. ЖяЖөн Сүмийн хажуугийн жигүүрийн өрөөнд суугаад ЖяЖөнь, ЖяЛянь хоёрыг дуудаж, айл гэрийн ажил явдлыг сонирхон асуув. ЖяЖөнь, хэлж болох зүйлээс хэдийг нь хэлэв. ЖяЖөн:

-Би сая ирж байгаа болохоор нарийвчлан асуухад эвгүй байна. Гадны яриаг сонсвол танай гэрийн явдал урьдахдаа хүрэхгүй болсон гэнэ. Алив юманд болгоомжтой байх хэрэгтэй. Чиний нас бага биш болсон тул хүүхдээ гаднын хүнтэй өшөө зангидаж болохгүй гэж чандлан сургах хэрэгтэй. Лянь Эр бас сонсож мэдэх хэрэгтэй. Гэртээ ирүүт та нарыг зэмлэх нь биш, би юм олж сонссон тул ийнхүү хэлж байна. Та нар ер нь их хичээх хэрэгтэй шүү. ЖяЖөнь нарын царай улайж “За мэдлээ” гэхээс өөр үг дуугарч чадахгүй болохоор нь ЖяЖөнтэгсгээд болив. Баруун ордондоо эргэж ирэхэд нь ард олон мөргөв. Дотор ороход нь шивэгчид инж нар ёслов.

Өчигдөр ЖяЖөн, Дай Юйг асуусанд гэргий нь өвчтэй гэж хэлсэнд Бао Юй баахан уяраад харих замдаа баахан уйлав. Гэртээ ороол БаоЧай, ШиРэнь хоёр шимтэн ярилцаж байхыг хараад үүдний өрөөнд мэлрэн суув. БаоЧай, ШиРэньгээр цай хүргүүлж, Лаое хичээл сурлагыг нь асуухаас зовж дээ гэж бодоод гарч ирж аргадав. Бао Юй энэ далимд

-Энэ орой чи, урьдаар унтаж амар. Би сэтгэлээ баахан амаржуулъя. Одоо гурван охины хоёрыг мартаад, урьдахаа нэн хүрэхгүй болсон тул Лаое мэдвэл муу болно. Чи урьдаар унтаад ШиРэнийг надад хань болгон суулга гэсэнд БаоЧай түүнийг хүчилж чадсангүй толгой дохин зөвшөөрөв. Бао Юй гарч ирээд ШиРэньд сэмхнээр “Яваад ЗыЖюанийг дуудаад ир, асуух үг байна. Тэрбээр надад цай өгөхгүй байгаа тул чи очиж аргадаад авчирвал сайн” гэж гуйсанд ШиРэнь,

-Чи сэтгэлээ амаржуулна гэсэнд чинь би баяртай байна. Бас яахин ийнхүү амаржуулах болов? Асуух юмаа маргааш асууж болохгүй юү гэсэнд Бао Юй:

-Би яг энэ орой л чөлөөтэй байна. Маргааш Лаое энэ тэрийг хийлгэвэл чөлөөгүй болно. Эгч минь, хурдан яваад түүнийг аваад ир… гэсэнд ШиРэнь:

-Түүнийг Эр найнай дуудахгүй бол ирэхгүй дээ гэв. Бао Юй:

-Тийм учраас л чи очоод сайхан хэлбэл болох юм гэв. ШиРэнь:

-Надаар юу хэлүүлэх юм бэ гэсэнд Бао Юй:

-Чи бид хоёрын сэтгэлийг мэдэхгүй юү? Цөм Линь авхайн учирт шүү. Одоо би та нарын уршигаар итгэлээ алдсан хүн болжээ. Чи очиж намайг итгэл алдсан биш гэж хэлэгтүн гэсээр дотор өрөө рүү хяламхийснээ гараар зааж, түүнд би ер дургүй юм. Лао тайтай нар элдэв арга сүвэгчилсээр зүв зүгээр байсан Линь охин дүүг үхүүлсэн юм. Тэр үхэхэд хүрсэн ч намайг нэг уулзуулж, шалтгаан учрыг хэлж тодорхойлуулсан бол надад гомдохгүй үхэх бишүү. Гэтэл тэр үхэхдээ надад гомдож хорсож байсан гэж гуравдугаар охин дүүгийн хэлснийг чи сонссон. Тэр ЗыЖюань авхайнхаа учирт намайг үзэн ядна. Чи бодож үзэгтүн. Би тийм сэтгэлгүй хүн мөн үү? Чин Вэнь бол нэг шивэгчин төдий бөгөөд бас онцын сайн газар ч үгүй байтал би чамд үнэнээ хэлье. Түүнийг үхсэн хойно би бас тайлгын шүлэг бичиж тахисан. Үүнийг Линь авхай нүдээрээ үзсэн. Одоо би Линь авхай үхсэнээс хойш тахиж чадахгүй болжээ. Тэр Чин Вэньгээс дутуу байж болох уу? Линь авхай үхээд бас хувилгаан дүр үзүүлж байсан тул бодох тусам над гомдох биш үү? гэв. ШиРэнь:

-Чи тахия гэвэл явж тахитугай. Хэн чамайг хориод байгаа юм бэ гэв. Бао Юй:

-Би биеэ сайн болохоор нэг тайх дуулал бичье гэсэн боловч одоо ой ухаан маань таг битүүрчээ. Өөр хүнийг тахивал бас эвлүүлж болох боловч түүнийг тахихад харин үсний төдий ч осолдож үл болно. Тийнхүү би ЗыЖюанийг авчирч түүний авхайн сэтгэлийг асууя. Тэр яаж олж мэдсэнийг сонсъё гэсэн юм. Би өвдөхөөсөө өмнөхийг бол бас санаж олно. Өвдсөнөөс хойшихыг цөм мартжээ. Чи харин Линь авхайг сайн болжээ гэж байтал гэнэт бас яагаад үхчихсэн юм бэ. Түүнийг сайн байхад би очоогүй. Тэр юү хэлж байсан бэ? Намайг өвчтэй байхад тэр ирээгүй. Бас юү ярьж байсан бэ? Би түүнээс элдэвчлэн авчирсан алив юмыг, эл найнай чинь хөдөлгөхгүй байгаа нь ямар санаа вэ? гэв. ШиРэнь:

-Чамайг зовуузай гэсэн байх. Өөр юү байх юм бэ… гэсэнд Бао Юй:

-Би итгэхгүй. Линь авхай намайг санаж байсан мөртлөө үхэхдээ юунд шүлгийн нооргоо надад дурсгал болгон үлдээхгүй шатаасан бэ? Бас огторгуйд хөгжмийн эгшиг гарав гэнэ. Бодвол тэр хувилгаан болон арш болж заларчээ. Би хэдий авсыг нь олж үзсэн боловч тэр дотор нь байсан, үгүйг мэдэхгүй… гэсэнд ШиРэнь:

-Чиний яриа улам ч зүг чиггүй болоод байна. Амьд хүнийг яалаа гэж үхсэн болгож авсанд тавих юм бэ! гэв. Бао Юй:

-Тийм биш. Сахиулсан болох хүн бодь биеэрээ явахгүй бол сүг сүнс нь явах төлөвтэй. Сайн эгч минь, чи яваад ЗыЖюанийг дуудаад ир… гэсэнд ШиРэнь:

-Би одоо очоод чиний үгийг нарийн хэлэх ч яамай. Тэр ирж өгвөл бас болно. Ирэхээр бодсон ч, чамд нарийн ярихгүй байж мэднэ. Тэгэхээр маргааш Эр найнайг дотор орсон хойно би очиж түүнээс аятайхан асуувал харин тодорхой ярьж мэднэ.Зав таарвал би чамд аажмаар хэлж өгье… гэтэл Бао Юй:

-Чи ч зөв юм хэлээд л байна. Гэхдээ миний дотор яаж зовж байхыг чи мэдэхгүй байна гэв.

Тэр хоёрын ийн ярилцаж байтал ШөЮэ гарч ирээд: “Нэгэнт дөрвөн жин болжээ. Эр найнай, Эр Еэг орж унт гэж байна. ШиРэнь эгч яриандаа ам нь халаад цаг мөчийг ч мартсан байхаа… гэсэнд ШиРэнь:

-Тиймгүй ээ. Унтах цаг болжээ. Маргааш дахиад хэлэлцье гэв. Бао Юй арга буюу дотогш орохдоо ШиРэний чихэнд:

-Маргааш яасан ч мартаж болохгүй гэсэнд цаадах нь инээж: “Мэдлээ” гэв. ШөЮэ хуруугаараа хацраа зурж аальгүйтсээр:

-Та хоёр бас гэм хийжээ. Юунд Эр найнайд хэлээд, ШиРэний тэнд очиж унтахгүй байгаа юм. Тийм бол шөнө турш ярьсан ч бид тоохгүй… гэсэнд Бао Юй: “Дуугүй бай” гэж гараар сэжив. ШиРэнь:

-Өлөгчин чи бас хэлээ билүүдээ юү. Би маргааш уруулыг чинь хайръя гээд эргэж Бао Юйд, дөрвөн жин болтол ярилаа. Энэ цөм чиний л уршиг бишүү гээд түүнийг өрөөнд нь оруулаад эргэв.

Энэ шөнө Бао Юй унтсангүй. Өглөө босоод өчигдрийн хэлснээ санаж л байв. Гаднаас хүн орж ирээд: “Ах дүү төрөл садан бүгдээр Лаоегийн буцаж ирсэнд ший наадам бэлэглэж замын алжаалыг тайлъя гэсэнд ший дуулуулж хэрэггүй гэж цааргалаад, гэртээ найр хийх болов. Нөгөөдөр найранд гийчин залахаар болсныг урьдчилан мэдэгдэж байна” гэв. Ямар хүн залахыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Бүгдийг захирагч Лаое-Энд эзэн хааныг ёгтлон хэлжээ.

2.Зөөх амуугийн дооли түшмэл-Мин, Чин улсын үед байсан тушаал. Тусгай мужийн албаны амууг хурааж зөөх ажлыг удирдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж