Ерөнхий сайд Хятад улсыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Хятад улсыг зорилоо

Ерөнхий сайд Хятад улсыг зорилоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордсон нь энэ юм. Түүний хувьд энэ удаагийн айлчлал нь Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших гадаад орнуудад хийж байгаа хоёр дахь айлчлал болж байна. Анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн.

Өмнөд хөршид хийх хйлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, Хятадын бизнес форум”-д оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх юм.

                     

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж