Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Баривчилгаа ба гацаа

Баривчилгаа ба гацаа

Улирч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өнгөрч байна. “Эрдэнэт”-ийн хэргээр баривчлагдсан “Жаст”-ын Ш.Батхүү шоронгоос захидал илгээсэн, УИХ хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч чадаагүй. Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын баривчилгаа үргэлжилсэн, Турк улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан гээд олон үйл явдлыг нэрлэж болохоор байна. Энэ тухай тоймлон хүргэе.

Баривчилгаа ба захидал

АТГ-ын баривчилгаа өнгөрсөн мягмар гаригт “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг саатуулснаар үргэлжлэв. Түүнийг “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг баталгаа болгон “Стандарт” банкнаас авсан зээлийн хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн чуулганд хийсэн тайлбараар бол “Жаст”-ын Ш.Батхүүгийн хуурамчаар үйлдсэн гэрээ нь 42 хуудас аж. “Эрдэнэт”-ийн үндсэн гэрээ нь 28 хуудас байсан. Гэвч Ш.Батхүү үндсэн гэрээний эхний болоод сүүлийн хуудас дунд  хуурамч гэрээгээ хавсаргасан. Ингэхдээ тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалын гарын үсгийг мөн хуурамчаар дуурайлгаж бичжээ. Мөн Арбитрын шүүхэд үндсэн гэрээг гаргаж өгөөгүй АТГ-т дарагдуулсан нь хуурамч гэрээгээр асуудлыг шийдэхэд хүргэсэн тухай асуудал ч хөндөгдлөө.

Хорих ангид саатуулагдсан “Жаст” –ын Ш.Батхүү ч захидал илгээв. Тэрбээр захидалдаа “Ш.Батхүү миний бие гэрээний өөрт үлдсэн хувиуд дээрээ “Эрдэнэт “үйлдвэрийн дууриамал тамгыг дарсан. Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг “Стандарт” банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банкинд өгч зээлээ авсан” гэж бичжээ. 

Мөн энэ хэрэг явдалтай холбогдуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар ажиллаж байсан А.П.Фоменко байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Миний бие үйлдвэрт ажиллах хугацаандаа “Стандарт” банкны төлөөлөлтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, албан бичгээр ч харилцаж байсан зүйлийг хараагүй бөгөөд тэр тусмаа санхүүгийн баталгаа гаргаагүй. Гэтэл “Стандарт” банк хуурамч гарын үсэгтэй, хуурамч гэрээн дээр үндэслэн үйлдвэрээс мөнгө нэхэмжилж байгаа нь хамгийн үл ойлгогдох хачирхалтай явдал болоод байна. Энэ өрийг хуурамч бичиг баримт үйлдэх замаар луйвар хийсэн этгээдүүд төлөх ёстой” гэсэн юм.

Д.Гантулгын Асуудал гацаанд оров 

Хаврын чуулган нээлтээ хийсэн өдөртэй зэрэгцэж УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэх мэдээлэл цацагдаж, мөн өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, энэ асуудлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргаж чадсангүй. Учир нь Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн өвөл УИХ-ын тухай хуульд заасан “УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдаагүй л бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгахыг хориглоно” гэсэн агуулга бүхий заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор УИХ холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой байсан ч энэ ажил хийгдээгүй нь эцсийн дүндээ Улсын ерөнхий прокурорын газраас Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй болгов. УИХ энэ асуудлыг нэг тийш болгохын тулд дээр дурдсанчлан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Иймээс шинэ долоо хоногт эрх баригчид хууль эрх зүйн орчноо тодорхой болгох ажилтай ноцолдох боллоо.

Энэ үйл явдлыг улс төрийн хүрээнийхэн “Гацаа” гэж тодотгоод байна.

АНУ-аас Ч.Сайханбилэг, УИХ-аас Х.Нямбаатар захидал илгээв

АТГ Оюутолгойн гэрээтэй холбогдуулж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мэдүүлэг өгөхийг хүссэн зарлан дуудах хуудас хүргүүлсэнд захидлаар хариу барив.

Тэрбээр захидлаа АТГ-ын дарга Х.Энхжаргал, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хаягласан бөгөөд шинэ долоо хоногт Монголд очно гэдгээ тодотгосон байв. АНУ-аас илгээсэн захидалдаа “ Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга” хэмээн тодотгожээ.

Зарим шүүгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал тавиад буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндоржид хандан захидал илгээв.

Уг захидалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг шалгуулахыг хүссэн байв. Энэ тухай “Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!” хэмээн бичжээ.

Турк улсын Ерөнхий сайд айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар өнгөрсөн баасан гаригт Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв.

Айлчлалын хүрээнд Засгийн тэргүүн нар хоёр талын харилцаа, түүний дотор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, зам, тээвэр зэрэг харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр хоёр орны худалдааны эргэлтийг 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив.

Мөн Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохиролцлоо.  

Монголд албан ёсны айлчлал хийсэн Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-sy дарга М.Энхболдод тус тус бараалхсан. Хоёр өдөр үргэлжилсэн айлчлал өндөрлөөд байна.

Г.ХОРОЛ 

 

                                           

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж