Монголын Үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй боллоо. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Үндэсний бөхийн холбооны төлөөлөл болсон Удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Хуралд Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх, Цэцдийн зөвлөлийн гишүүн, улсын начин Б.Ганхуяг болон өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нар оролцсон.
“2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдсан “Их Эе” хурлын дараа олон бөхчүүд бидэнд хандсан. Албан ёсны хуулийн дагуу байгаа тамга, гэрчилгээ нь та бүхэнд байгаа юм байна. Бид төөрөлдөж байжээ гэж улсын аварга, арслан цолтой арав гаруй бөхчүүдийн төлөөлөл байсан. Бөхийн холбооны тэргүүн нь аль нь вэ гэдгийг бид хуулийн дагуу хэлж байна. Үнэн юмыг үнэнээр нь хэлэхгүй бол Б.Бат-Эрдэнэ аварга Бөхийн холбооны тэргүүн боллоо гэсэн төөрөгдөл яваад байгааг албан ёсоор хэлж байгаа юм шүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдсэн энэ асуудал дээр хууль тогтоогчийн хувьд ёс суртахууны болоод хуулийн шийтгэлтэй. Тиймээс Шүүхийн шийдвэрийг Б.Бат-Эрдэнэ аваргыг биелүүлнэ гэж найдаж байна” гэж хуралд оролцогчид хэлж байсан юм.
Энэ үеэр өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очироос дараах тодруулгыг авлаа.
-Монголын Үндэсний бөхийн холбоо хоёр тэргүүнтэй болчихлоо. Үүнд та шүүхийн шийдвэрийн талаар тайлбар өгөхгүй юу?
-Р.Нямдоржийн зүгээс шүүхээс хоёр удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосны үр дүнд 13 жилийн хугацаа өнгөрлөө. 2017 оны тавдугаар сарын 28-ны Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулсан. Энэ нь 2003 онд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх журмаар зохион байгуулсан. Энэхүү ээлжит бус хуралд Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгууллагыг оролцуулаад тэргүүнээр нь Л.Чинбатыг томилсон байдаг. Гэтэл шинэ тэргүүнд Р.Нямдорж тамга, гэрчилгээг өгдөггүй, Бөхийн өргөөнд оруулдаггүй хууль бус үйлдэл гаргаад байсан. Үүнтэй нь холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гарсан. Улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан. Энэ явцад Р.Нямдорж Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ийг хийсэн байгаа.
-Энэхүү хурлаар шинээр Цэцдийн зөвлөл бүрэлдсэн шүү дээ?
-2017 онд хуралдсан ээлжит бус “Их Эе”-ээс Цэцдийн зөвлөл болон шинэ тэргүүн сонгогдсон байдаг. Гэтэл үүнийг эсэргүүцээд давхар наймдугаар “Их Эе”-ийг хийлээ. Энэ хурал хууль бус юм гэдгийг мөн хуралдуулахгүй байх даалгасан шүүгчийн захирамжийг гардуулахтай холбогдуулан Шүүхийн гүйцэтгэх байгууллагаас Бөхийн өргөөнд очиход хүлээж аваагүй асуудал гарсан. Дотогш нэвтрүүлээгүй. Нэгэнт шүүхээс “Их Эе” хурлыг явуулахгүй гэж эрх даалгасан учир анхнаасаа хууль бус хурал гэдэг нь тодорхой.
-Одоо холбооны тэргүүнээр дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгоод ажлаа эхлүүлжээ. Цаашид яах вэ?
-Шүүхийн байгуулага, хуулийн байгууллага, Шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Улсын бүртгэлийн байгууллага хуулийнхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлээд хуулийн дагуу арга хэмжээ авч бусдын хууль бус эзэмшилд байгаа тамга, гэрчилгээг хүчингүй болгосон Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн тогтоолыг биелүүлсэн. Энэ нь Р.Нямдоржийн хууль бус ашиглаад байгаа тамга, тэмдгийг хүчингүй болгосон тогтоол гаргаж, шинэ тэргүүнд шинэ тамга, гэрчилгээг олгосон байгаа. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгэгдсэн шинэ тамга хууль ёсных. Харин Р.Нямдоржийн гар дээр байгаад Б.Бат-Эрдэнэд өгсөн нь хууль бус юм гэдгийг иргэд зөвөөр ойлгох ёстой. Бөхийн холбооноос ирсэн тамга тэмдэгтэй албан бичгийг ‘Өдрийн сонин’-д гаргасан дугаараар нь харах хэрэгтэй. Олон нийтэд ингэж хүргэхгүй бол хүчингүй болсон тамгыг ашиглаад үйлчлээд байх талтай. Тиймээс дараа гарах сөрөг дагавараас урьдчилан сэргийлж, Л.Чинбатын тамга, тэмдэг хууль ёсных гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Журмаараа хууль бус тамга, гэрчилгээг Цагдаагийн байгууллагаас хурааж авах үүрэгтэй.