Монголын баг Казахстаныг яллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Монголын баг Казахстаныг яллаа

Монголын баг Казахстаныг яллаа

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Айова хотод болж байна. Тэмцээн 15 мянган хүний суудалтай ‘Carver-Hawkeye’ спортын ордонд болж байгаа бөгөөд маргааш өндөрлөнө.

Энэхүү тэмцээнд ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа шилдэг найман баг өрсөлддөг юм. Энэ жилийн Дэлхийн цомд Иран, ОХУ-ын баг оролцох боломжгүй болж Энэтхэг, Монголын баг уригдсан.

Дэлхийн цомын “А” хэсэгт АНУ, Гүрж, Япон, Энэтхэг, “В” хэсэгт Монгол, Азарбайжан, Казахстан, Куба улс багтсан.

Монголын баг өнгөрсөн шөнө хэсгийн эхний барилдаанаа Казахстантай хийж, 6-4 онооны харьцаагаар яллаа.

Манайхнаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Н.Золбоо нар ялалт байгуулж, багтаа эхний чухал оноог авчрав. Харин 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 79 кг-д Г.Идэрхүү, 92 кг-д Л.Төртогтох нар өрсөлдөгч бөхдөө дийлдлээ. 

‘В’ хэсэгт Азарбайжан Кубыг 8-2-оор хожсон байна. Энэ хэсгээс Монгол, Азарбайжан эхний хожлоо авлаа.

Харин ‘А’ хэсэгт АНУ Энэтхэгийн багийг 10-0-оор итгэл төгс ялсан бол Японы Гүржийг 7-3-аар хожжээ.

Гараагаа амжилттай эхлүүлсэн манай бөхчүүд хоёр дахь барилдаанаа Кубын шигшээ багтай хийх гэж байна. Кубчууд Дэлхийн цомын тэмцээнээс гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Үүний дараа гурав дахь барилдаанаа Азарбайжаны багтай хийх бөгөөд барилдаан өнөө шөнө болно. Маргааш өглөө медалийн төлөөх барилдаанууд явагдана.


‘В’ ХЭСЭГ: (2018.04.07)

МОНГОЛ – КАЗАХСТАН 6:4

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Мухамбет Куатбек 10:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга – Расул Калиев 2:1
65 кг: Батчулууны Батмагнай – Саятбек Окасов 1:13
70 кг: Санжаагийн Ганбаяр – Мейржан Аширов 1:4
74 кг: Ганзоригийн Мандахнаран – Данияр Кайсанов 9:0
79 кг: Гантулгын Идэрхүү – Сакен Айтжанов 1:11
86 кг: Оргодолын Үйтүмэн – Эльхан Асадов 6:4
92 кг: Лувсандоржийн Төртогтох – Илизхан Чилаев 1:2
97 кг: Өлзийсайханы Батзул – Мамед Ибрагимов 7:5
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо – Олег Болтин 12:2

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж