Туркийн тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртээд байна

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Туркийн тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртээд байна

Туркийн тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртээд байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн өнгөрөгч баасан гаригт /2018.04.06/ Туркийн Анталья хотод эхэлсэн. Тэмцээнд 52 орны эрэгтэй, эмэгтэй 344 жүдоч оролцож байгаагаас манай улсаас “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдочид өрсөлдөж байна.

Тэмцээний хоёр өдрийн дараа манай жүдочдоос 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ.

60 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд нар шөвгийн наймд оноолт таарсан. Энэ барилдаанд Ж.Амарболд ялалт авсан ч хагас шигшээд Гүржийн Папинашивилид ялагдан хүрэл медалий төлөө барилдах эрхтэй болсон юм. Манай бөх Тайваны бөх Юн Вейг хоёр минут 33 секундэд цэвэр ялж, гранпри тэмцээнээс анхны медалиа хүртлээ. Ж.Амарболд залуучуудын ДАШТ-ийн хүрэл медальт жүдоч юм.

66 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж, Монтенегро, Бразил, Францын жүдочдыг цэвэр ялан хагас шигшээд Молдавын Денис Виеруд дийлдсэн. Манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Зумакановыг вазари үнэлгээгээр ялж, медалийн тавцанд зогссон юм.

73 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нар хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр барилдана.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд Туркийн гранпри тэмцээнээс эхлэлээ тавилаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж