Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 830 гаруй мянган орон сууц барьсан Нийтийн орон сууцны байгууллагатай, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.
Энэхүү айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI” (Нийтийноронсууцныбайгууллага) Ерөнхийлөгч Эргүн Туран, зөвлөх Адил Чалишкан нар Төрийн орон сууцны корпорацид зочлон ирлээ.
Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй зочдод ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд хоёр тал цаашид дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI”-гийн Ерөнхийлөгч Эргүн Туран хэлэхдээ: Ах дүүгийн найрамдалтай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйд баяртай байна. Бидний зүгээс танай байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллахыг хүсэж байгаа бөгөөд Монгол Улсад бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг хамтдаа хийхэд таатай байх болно. Турк улсад хэрэгжүүлж буй барилгын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, барилга угсралтын ажлыг улирлын хамаарлаас гаргах, барилга угсралтын хугацааг багасгах зэрэг олон саналуудыг танилцууллаа.
Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI” нь 1984 онд байгуулагдсан бөгөөд 2003 он хүртэл 19 жилийн хугацаанд 40гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бөгөөд 2003 оноос БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх байгууллага болсноор өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд 830 гаруй мянган орон сууцыг ашиглалтад оруулсан дэлхийд хүн ам орон сууцжуулах ажлаар тэргүүлдэг байгууллага юм.