Монгол Улсад жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, дээрх насныхан ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл болох зэрэг нийгмийн харилцаанд оролцох үедээ сүрьеэгээр өвдөж байна. Халдварын эх уурхай нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн, оношлогдсон боловч эмчилгээ хийлгэхгүй татгалзах, эмчилгээгээ таслах зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байна. Өвчлөл нэг талаас ихэсч байгаа боловч нөгөө талаас оношлогоо сайжирч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Монгол сүрьеэг илрүүлэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг молекул биологийн аргаар хоёр цагийн дотор оношилдог болжээ. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнийг халдварлуулдаг. Ийм хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн өвчтөнтэй хамт амьдарч буй хүмүүс 100 хувь, хамт ажиллагсад, найз нөхөд нь 10 хувь, харин хааяа нэг уулзалддаг найз нөхөд нь нэг хувийн халдвар авах магадлалтай.2015 оноос манай улс “Глобал” сангийн санхүүжилтээр маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлж байна. Ер нь сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмчилгээгээ таслах, татгалзах зэргээр нийгэмд сүрьеэгийн халдварыг тарааж,эрүүл мэндийн байгуулагын үйл ажиллагаанд саад учруулж буй эдгээр өвчтнийг албадан эмчлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэдэг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг ч эмч нар анхааруулдаг. Жишээ нь ОХУ–д гэхэд л сүрьеэг эмчлэх албадан эмчилгээний хуультай учир манай улс шиг эмчлүүлэхгүй гэсэн асуудал байдаггүй. Сүрьеэгийн салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байдаг аж. 2012 онд эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарын дундах сүрьеэгийн халдвар, өвчлөл, эрсдлийг судалсан томоохон судалгаа хийгдсэн байдаг. Судалгааны үр дүнг харахад судалгаанд оролцогчдын дундах сүрьеэгийн тархалт 52.1 хувь, эмч нарын дунд 53.1 хувь, сувилагч нарын дунд 51.4 хувь байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ