УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцээд Ш.Батхүүгийн АТГ-д бичсэн ил захидал хэвлэл мэдээллээр нэг цацагдав. Гуравдугаар сарын 12-нд АТГ-ынханд баривчлагдаж, 461 дүгээр ангид саатуулагдсан Ш.Батхүү дөрөвдүгээр сарын 2-ны орой “С1” телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд бичсэн захидал. Монголын ‘саалийн ганц’ үнээ гэж манай зарим улстөрчид тодотгодог ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан, 51 сая ам.долларын өрөнд оруулсан асуудлаар саатуулагдаж буй Ш.Батхүү телевизийн суваг эргүүлсэн шигээ, ил захидал бичиж суугаа нь энэ хүн яг ‘хаана байгаа юм бэ’ гэсэн эргэлзээ төрүүлж байна. Хэрэвзээ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй бүх хүмүүс буйдан дээр тухлаад телевиз үзэж, нэвтрүүлэг сонирхож суудаг бол Монголын шорон хүүхдийн цэцэрлэгээс ч илүү тансаг юм гээч.
Тэрбээр шоронгоос илгээсэн ил захидалдаа “Стандарт” банкинд төлөх 51 сая ам.долларын хэрэг дээр Лондонгийн арбитрын шүүх дээр “Эрдэнэт” ялагдахад 49 хувийнхныг буруутгажээ. Тодруулбал, ‘Энэ бүх урт хугацааны туршид Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Лондонгийн шүүхэд эдгээр гэрээнүүдийн зөвхөн хуулбарыг (копи) гаргаж өгч байсан ба ‘жинхэнэ гэрээ олдохгүй байна” гэсэн хариу өгсөөр байгаад шүүхэд ялагдаж Эрдэнэт үйлдвэр нь өөрт хамааралгүй асуудлаар их хэмжээний төлбөр төлөх шүүхийн шийдвэр гаргуулсан болно. Энэ тухай Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр (187 дугаар заалт, 55 дугаар хуудас)-т тодорхой заасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээний эх хувийг гаргаж үзүүлээгүй. Тиймээс Стандарт банкинд байгаа санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн сүүлийн хуудаснаас бусад хуудсууд хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анхны гэрээнүүдээр авсан 51.0 сая ам.доллар дээр хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн‘ гэж Ш.Батхүү буруугаа хэн нэгэнд тохохыг оролдож сууна.
Үүний дараа “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал ид дуулиан болж, Ш.Батхүүг баривчилж байхад усанд хаясан чулуу шиг ‘таг алга болсон’ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хаврын чуулганы хуралдаан дээр “Бидэнд нэг буруу ойлголт байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж хоёр жил ярилаа. Барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Жаст-ын Ш.Батхүү гэдэг хүн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан тухай л асуудал яригдаж байгаа. Баталгааг нь хуурамчаар хийчихсэн асуудал цаад талд нь байгаа юм. Эрдэнэт үйлдвэр энэ маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан. Үүнээс гадна бас нэг анхаарах асуудал бий. Ш.Батхүүгийн өмч хөрөнгийг 2013 онд дээрэмдэж авсан асуудал байгаа. Ш.Батхүүг шоронд хийчхээд ямар зорилгоор хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэдгийг нарийн шалгах хэрэгтэй” гэсэн нь Ш.Батхүүд ийм өчиг өгөөд байгаарай гэсэн ахын “захиас” мэт сонсогдож байна. Мэдээж, суваг, суваг эргүүлсэн шиг шоронд суугаа Ш.Батхүү энэ үгийг дор нь сонсоо биз.
Ямар ч байсан Ш.Батхүү “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авсан нь мэлзэхийн аргагүй үнэн. Зээл авах барьцаандаа “Эрдэнэт”-ийг тавьсан, “Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэр 51 сая ам.доллар төлөх болсон нь хөдлөшгүй үнэн.
Овоо босгоогүй бол гэгчээр Ш.Батхүү “Эрдэнэт”-ийг барьцаалж зээл аваахгүй бол ийм асуудал гарахгүй байсан гэдгийг хуулийн салбарт насаараа ажиллаж, хууль тогтоож, хэрэгжүүлж яваа Ц.Нямдорж мэдэхгүй байна гэвэл орчин үеийн хэллэгээр ёстой тэнэгтэнэ биз. Нөгөө Н.Энхбаярыг баривчлагдах үед “Би зурагтгүй” гэсэнтэй нь адилхан шогтож байна гэсэн үг л дээ.
Тэгэхээр “Стандарт” банкинд өр тавьж, “Эрдэнэт”-ийг өрөнд оруулсан Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн хэн дээрэмдэж авсныг шалгахаасаа өмнө “баталгааг нь хуурамчаар хийсэн” асуудлыг, ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан гарын үсгийг яагаад хуурамчаар үйлдсэнийг, хуурамч мөн үү биш үү гэдгийг, биш бол энэ хэрэгт хэн хэн хамаатайг, ‘Стандарт’-ын зээл хаагуур ямар дансанд орж ирсэн, хэрхэн үрсэн, юунд зарцуулсан болохыг эхлээд нарийвчлан шалгасан нь дээр биш үү, Ц.Нямдорж сайд аа. Хэрэв улсын эрх ашиг хувийн эрх ашгаас нэгд эрэмбэлэгддэг юм бол Ш.Батхүүгийн хөрөнгийг биш, ‘Эрдэнэт’-ийг асуудлыг эхлээд шалгаж, буруутанг нь олох ёстой баймаар.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ