Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийх урилга хүлээн авсан тухай АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Дэн Коатс мэдэгджээ.
Коатс мөн мэдэгдэлдээ “Дөрөвдүгээр сарын 27-нд болох Хойд, Өмнөд Солонгосын засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Ким Жон Унд дипломат дэмжлэг үзүүлэхээр уулзаж магадгүй” гэдгийг дурджээ.
Гуравдугаар сарын сүүлээр Бээжинд гэнэтийн айлчлал хийж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзсан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Гадаад харилцааны сайд Ри Ён-хог ирэх долоо хоногт ОХУ руу явуулах гэж байгаа ажээ. Харин ОХУ-ын албаны хүмүүс Путин, Ким Жон Ун нар уулзаж магадгүй гэдэг таамаглалыг няцаасан байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ “ОХУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт хараахан төлөвлөгдөөгүй байгаа. Энэ талаар хэлэлцсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ён-хо дөрөвдүгээр сарын 9-нд Москвад гурван өдрийн айлчлалаа эхлүүлэх ажээ.
Эх сурвалж: Koreatimes