Олон улсын эрүүгийн шүүх Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар тус улсын удирдагч Ким Жон Ун болон төрийн бусад өндөр албан тушаалтнуудыг яллагдагчаар татах тухай хохирогчдын ар гэрийнхний гомдлыг хүлээж аваагүй байна.
Гааг дах олон улсын шүүх гомдол гаргасан Хойд Солонгост хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон тэднийг дэмжигчдэд энэ сарын эхээр хариуг өгсөн гэнэ.
Олон улсын эрүүгийн шүүх гомдлыг хүлээж аваагүй шалтгаанаа 2007 оны долдугаар сараас өмнө Японд болсон энэ хэрэг явдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй хэмээн тайлбарлажээ.
Олон улсын эрүүгийн шүүхэд гаргасан гомдолдоо хохирогчдын ар гэрийнхэн Хойд Солонгост Японы 100 орчим хүн хулгайлагдсан энэ хэргийг хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн гэмт хэрэг хэмээн эрүүгийн хэрэг үүсгэхийг хүссэн ажээ.
Хохирогчдын ар гэрийнхэн япон иргэдийг хулгайлсан энэ хэргийг Хойд Солонгосын удирдагч асан Ким Ил Суны тушаалаар зохион байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд одоогийн удирдагч Ким Жон Ун тэдгээр иргэд одоо хаана амьдарч байгаа болон амьд сэрүүн эсэх талаар мэдээлэл өгөхгүй, тэднийг эх орон руу нь явуулахгүй байгаад буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: AP, Kyodo