Улаан асрын зүүд (103-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (103-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э

Зуун гуравдугаар бүлэг

ХОРТ АРГЫГ ХЭРЭГЛЭН ЖИНЬ ГҮЙ БИЕЭ ХӨНӨӨЖ,

ХУВРАГИЙН ЁСЫГ ОМТГОЙЛОН ЮЙ ЦҮНЬ НАЙЗТАЙГАА ЗОЛГОВ

Өгүүлэх нь: эцгийнхээ хэлсэн ёсоор Жя Лянь, Ван Фүрэньтэй уулзаж бүдийг ярив. Маргааш нь Зурганд орж арга замыг засаад, тэр учраа бас Ван Фүрэньд бас мэдүүлэв. Ван Фүрэнь:

-Баттай сураг олж мэдсэн биз. Үнэн тийм бол Лаое ч дуртай, гэр хотлоороо сэтгэл амарна. Тэр гадаа хөдөөгийн тушаал гэгчийг яаж гүйцэтгэх вэ. Шалавхан эргэж ирэхгүй бол тэр буруу санаатнууд Лаоегийн амийг ч авч мэднэ… гэсэнд Жя Лянь:

-Тайтай яаж мэдэв гэж асуув. Ван Фүрэнь:

-Хоёрдугаар авга чинь гадаах тушаалд явснаас хойш нэг ч зоос авсангүй мөртөө гэрээсээ багагүй мөнгө авлаа. Лаоег дагаж явсан хүмүүсийн гэрийг харахгүй юү? Тэдний гэр нь гадагш яваад дэмий удсангүйгээр, бага эхнэрүүд нь цөм алт мөнгөн засал зүйдлээр чимсэн байна. Энэ нь даруй Лаоегаас далдуур мөнгө зоос олж байсан хэрэг бишүү. Авга чинь, тэднийг дураар нь тавьжээ. Хэрэг гарвал өөрийн ноён зэргээ алдахаар барахгүй, өвгөд дээдсийнхээ зэргийг ч хусуулж мэднэ гэсэнд Жя Лянь:

-Таны хэлж байгаа үнэн. Би бол буруушаагдсаныг сонсоод их айсан. Хэзээнээс сураглаж байж мэдээд сая л сэтгэл амарлаа. Лаое нийслэлд ноён суувал харин сайн. Хэдэн жил амар жимэр суувал нэг насны нэр төрөө хамгаалж чадна. Тайтай аажмаар хэлж сонсговол Луо тайтайгийн сэтгэл ч амарна гэсэнд Ван Фүрэнь:

-Тэгэлгүй дээ. Чи бас очиж сураглаж л бай гэв. Жя Лянийг гарах гэж байтал Шюэ Имагийн гэрийн эмгэн ирээд Ван Фүрэний дотор өрөөнд орж амар мэндийг ч асуулгүй: “Манай гэрт болохгүй боллоо. Бас хэрэг гарчээ” гэж тайтайд хэлүүллээ гэхэд нь: “Ямар хэрэг гарав” гэж Ван Фүрэнь асуув. Эмгэн сандчиж: “Болохгүй боллоо. Болохгүй боллоо” гэв. Ван Фүрэнь: “Зөнөг минь ээ чи, хэлэх юм байвал хэл, үгүй бол яв” гэсэнд цаадах нь: “Манай гэрийн Эр Еэ гэртээ байхгүй. Бүстэй хүн нэг ч үгүй. Энэ гарсан хэргийг яах вэ. Тайтайгаас хүсэх нь, хэдэн бүстэй хүн гаргаж төвхнүүлж өгөөч” гэв. Ван Фүрэнь, учрыг нь ололгүй:

-Бүстэйчүүлээр яах гэсэн юм бэ? гэсэнд сандарсан эмгэн:

-Манай их найнай үхжээ… гэсэнд Ван Фүрэнь, түй гээд:

-Тэр мэтийн эм үхвэл үхтүгэй! Энэ мэтийг шуугиулах учир юү байна вэ гэсэнд эмгэн:

-Эгэл ердөөр үхсэн бишээ. Эсбусаар үхжээ. Хурдхан хүн явуулж гүйцэтгэхийг тайтайгаас гуйж байна гээд гарахыг завдтал Ван Фүрэний уур, инээд хоёр зэрэгцэн:

-Энэ эмгэн хэдий бусхи амьтан бэ. Алив Лянь Эр чи очоод үз. Тэр эргүү амьтныг ойшоох хэрэггүй гэсэнд Жя Лянь ундууцан гарч одов.

Шюэ Има хүн ирэхгүй болохоор сандарч байтал өнөө эмгэн буцаж ирэв.

-Тайтай хэнийг илгээв?

-Хүнд яршиг төвөг тохиохгүй бол сайн. Ямар сайн садан төрөл байлаа ч цөм хэрэггүй. Тайтай намайг тоогоогүйгээр барахгүй эргүү амьтан гэж уурлаж байна.

-Тайтайд хамаагүй бол аниа чинь юу гэж байна вэ

-Тайтай хамаарахгүй байхад, аниа хамаарахгүй. Би очсон ч үгүй.

-Тайтайг яахав хамаагүй хүн гэж бодъё. Тэр авхайг би төрүүлж өсгөсөн шүү дээ. Яагаад хамаагүй гэж байгаа юм бэ?

-Тийм шүү дээ. Би дахиж очъё.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал Жя Лянь ирж Имагийн амрыг эрээд:

-Авга бэргэн, дүү бэргэний үхсэнийг мэдээд хөгшин эмгэнээс асуусан боловч тодорхой хэлээгүй тул намайг илгээн асуулгав. Бас эндхийн явдалд оролц гэлээ. Тайтайгийн захисан ёсоор гүйцэтгэе гэв.

Сандраад уйлахаас өөр юмгүй байсан Има, Жя Ляний үгийг сонсоод,

-Харин Эр Еэг зүдээв үү. Тайтай надад сайн шүү дээ. Энэ хөгшин зөнөг тодорхой хэлээгүй байна шүү дээ. Үүнээс болж хамаг юм саатахад хүрсэн байна. Эр Еэ суугтун. Би чамд тайван болоод хэлж өгье. Бэр муугаар үхсэний учирт л юм гэв. Жя Лянь:

-Бодвол дүүгийн хэрэгт орсны учирт, муу заяандаа гомдоод үхсэн байх даа… гэсэнд Шюэ Има:

-Харин тийм бол сайн. Хэдэн сарын өмнөөс тэр өдөр бүр үсээ сэгсийлгэн, борвио улалзуулж агсамнан аашилж байв. Сүүлдээ дүүд чинь алах ял тулгав гэснийг сонсоод уйлсан боловч төдөлгүй оо энгэсэг түрхэх боллоо. Би түүнийг нь хэлэхээр учиргүй их хэрүүл болох тул тоосонгүй. Нэг өдөр яасан юм бэ, Шян Линг дэргэдээ байлгаж хань болгоно гэв. Би: “Бао Чань дэргэд чинь байхад, Шян Линг аваачиж юү хийнэ вэ. Чи түүнд дургүй тул хэрэггүй биеэ зовоож яана” гэсэн юм. Тэр ер хүлээсэнгүй. Тэгэхээр нь Шян Линг очууллаа. Хөөрхий тэр Шян Лин, миний үгнээс зөрөлгүй, өвчтэй мөртөө хүрч очлоо. Тэр бэр Шян Линд сайн болсон шиг болохоор нь баярласан боловч их охин дүү чинь сонсоод: “Сайн санаа биш байж мэднэ” гэснийг нь ч би тоосонгүй. Түрүүнд хэдэн өдөр Шян Линг өвчилсөнд тэр бас шөл хийж уулгах гэв. Шян Лингийн буян мөхөсдсөн тул шөлөө өмнө нь авчиртал гар нь халаад аягатайгаа алдаад хагалчихжээ. Би түүнийг Шян Линд л уураа гаргалаа гэж бодов. Тэгсэн уурлаагүй байна. Шүүр аваад шүүрдэн, ус цацаж тэр хавийг угааж байна. Зан ааш ч овоо аятайхан байна. Өчигдөр орой бас Бао Чаниар хоёр аяга шөл буцалгуулаад Шян Линтэй хоёулаа ууж гэнээ. Төдий удалгүй түүний гэрт үймээн болж Бао Чань сандран дэмий л хашгиртал Шян Лин бас бархирсаар хэрэм түшин гарч ирээд хүн дуудав. Би бас сандран очиж үзвэл, бэрийн нүд, хамраас цус урсан газар өнхрөн хоёр гараар өвчүүгээ маажин хөлөө тийчилж байсанд би үхэтлээ айлаа. Үг асуухад дуугарч чадахгүй баахан аашилж байгаад үхлээ. Байдлыг нь харвал хор идсэн маягтай. Гэтэл Бао Чань: “Найнайд хор өглөө” гэж уйлан Шян Линтэй зууралдав. Шян Лин арай тийм хүн биш. Тэр өөрөө ч босож чадахгүй өвчтэй хэвтэж байж, яаж хүнд хор идүүлж чадах вэ. Бао Чань тавихгүй тас зуураад байхыг нь яана. Эр Еэ минь, үүнийг би яавал зохих вэ. Арга буюу сэтгэлээ чангалж, эмгэдээр Шян Линг хүлүүлээд Бао Чаньд тушааж үүдийг нь гаднаас түгжлээ. Тэгээд би хоёрдугаар охин дүүтэй чинь нэг шөнө сахиад ордны үүдийг нээсэн хойно сая хэлүүлэхээр очууллаа. Эр Еэ чи бол ухаантай хүн. Энэ учрыг яавал зохих вэ гэж асуув.

-Төрхөм нь мэдсэн үү гэж Жя Лянь асуув. Шюэ Има:

-Төлөвийг нь гаргасан хойно мэдүүлбэл зүгээр байхаа гэв.

-Миний бодохоор албан яаманд хүрэхээс нааш тасалж чадахгүй. Бид бол яриангүй Бао Чанийг сэжиглэнэ. Гэтэл хүмүүс Бао Чань өөрийнхөө хүнийг яалаа гэж хорлох вэ гэнэ. Шян Линд бол харин тулгаж болно гэж Жя Лянь хэлэв.

Тэднийг ийн ярилцаж байтал Рүн фүгийн хүүхнүүд орж ирээд: “Манай хоёрдугаар найнай ирэв” гэсэнд Жя Лянь хэдий хадам ах нь боловч багаасаа уулзсаар ирсэн тул зайлж явсангүй. Бао Чай орж ирээд эхтэйгээ золгож Жя Ляньтай мэндлээд дотор өрөөнд орж Бао Чиньтай хамт суув. Шюэ Има орж ирээд болсон явдлыг хэлэв. Бао Чай:

-Шян Линг хүлбэл бид бас түүнийг хорлосон гэсэнтэй адил юм бишүү. Ээжийн хэлэхээр бол тэр шөлийг Бао Чань хийсэн юм бол түүнийг л хүлж асуух хэрэгтэй юм бишүү. Одоо хүн илгээж Шя овогтонд мэдүүлэхийн хамт албаны газар мэдүүлбэл зохино гэв. Шюэ Има зөв гэж бодоод Жя Лянигаас асуув. Жя Лянь:

-Хоёрдугаар охин дүүгийн хэлж байгаа зөв. Албаны газарт мэдүүлэхийн учирт би очиж цаазын зурганы хүнд гуйвал шарилыг шалгах, үзүүлэхэд сая харгалзах хүнтэй болно. Ганцхан Бао Чанийг хүлээд Шян Линг зүгээр байлгах ч хэцүү гэв. Шюэ Има:

-Би Шян Линг хүлэх ч гэсэн юм биш, тэр өвчтэй учир хилсдэж бачимдахдаа гэнэт биеэ хорловол бас нэг амины хэрэг гаруузай гэж бодоод хүлж Бао Чаньд тушаасан юм. Энэ бол миний арга… гэсэнд Жя Лянь:

-Хэдий тийм боловч бид харин Бао Чаньд тусхийлээ. Тэд гурвуулаа хамт байсан тул тавивал бүгдийг тавьж, хүлбэл бүгдийг хүлэх нь зүй юм. Хүнээр Шян Линг тайтгаруулбал болох юм гэв. Шюэ Има үүдийг нээлгэн орж Бао Чайгийн дагуулж ирсэн хэдэн хүүхнээр Бао Чанийг хүлүүлэх гэв. Харвал, Шян Лин манарч мууртлаа уйлаад, харин Бао Чань нь тайван байв. Хүн түүнийг хүлэх гэвэл дэмий л орилон чарлав. Гэвч хүүхнүүд юү гэж түүний аяар болох вэ. Түүнийг хүлээд үүдийг нь нээж, хүнээр харуулав.

Энэ үед Шя овогтонд мэдээ хүргэх хүн явав. Тэр хиа овогтон анхнаасаа нийслэлд сууж байсангүй. Ойрын жилд хүрэлцээ муутай болсны дээр бас охиноо санах тул саявтар нийслэлд нүүж иржээ. Эцэг нь нэгэнт үгүй болж эх нь ганцаар үлдээд, нэг хүү тэжээснээр амьдарлагаа цөмийг бүрэлгээд үргэлж Шюэ овогтныхоор ирдэг болжээ. Энэ Жинь Гүй бол угаас танхил хүн тул яаж хоосон гэр сахиж суух вэ. Өдөр Шюэ Көг санасаар байгаад өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн гэх мэт болжээ. Түүний тэр хуурай дүү бол маанаг амьтан тул санааг хэдий баахан ухсан боловч арай бас замд ороогүй байсан учир Жинь Гүй үргэлж гэртээ харьж түүнийг бага сага мөнгөөр дэмждэг байжээ. Энэ үед Жинь Гуйг гэртээ ирэх болов уу гэж бодож байтал Шюэ овогтны гэрээс хүн ирэхийг хараад дотроо: “Бас юу авчирсан бол” гэж бодов. Тэрбээр, эдний охин хор идэж үхэв гэснийг сонсоод, их дуугаар орилон чарлав. Жинь Гүйн эх сонсоод: “Охин минь, зүв зүгээр тэднийд байж байгаад яагаад хор идэж үхдэг юм” гэж бархирсаар хөвгүүнээ дагуулан одоохон очлоо гэв. Энэ Шя овогтон бол наймааны хүн. Одоо мөнгө зоосгүй болсон тул юуны нэр нүүрийг бодох ажээ. Тэд гудамжаар уйлан унжин явсаар нэг тэрэг хөлслөөд Шюэ овогтныд хүрч ирэв. Үүдээр ормогц “Зүрх минь”, “Амь гол минь” гэж хашгиран үймүүлж эхлэв. Энэ үед Жя Лянь, цаазын зурганд хүн гуйхаар яваад гэрт Шюэ Има, Бао Чай, Бао Чинь хэд л байв. Тэд айгаад үг дуугарч чадахгүй, түүнтэй ёс хэлэлцэх гэвэл цаадах нь үл сонсоно. Тэрбээр:

-Миний охин танайд ирээд юү олж эдлэв? Эр эм хоёр хэрэлдэж цуугилдсаар удсан боловч хоёулыг хамт байлгахгүй яасан юм бэ. Та нар ярьж байгаад хүргэнийг минь шоронд оруулаад үүрд уулзуулахгүй болгосон. Танай эх, хөвгүүд сайн садантайдаа эрэмшиж жаргасан ч яамай. Юунд түүнийг ад үзэж хүнээр хорлуулаад бас өөрөө хор идлээ гэнэ вэ! Тэр яалаа гэж хор идэх юм бэ гэсээр Шюэ Има руу дайран оров. Шюэ Има хойш ухарч

-Худгуй минь, чи урьдаар охиноо үзээд Бао Чаниас асуусны дараа булхайцах үгээ хэлсэн ч хождохгүй гэв. Гадаа Шя овогтын хөвгүүн байсан тул Бао Чай, Бао Чинь хоёр хашиж хамгаалж чадахгүй бачимдана. Энэ хэр Ван Фүрэний харгалзуулахаар илгээсэн Жөү Рүйн эхнэр орж ирмэгч нэг эмгэн, Шюэ Имаг хуруугаар чичин харааж байхыг харав. Тэрбээр Жинь Гүйгийн ээж болохыг мэдээд дөхөн очиж:

-Энэ худгуй дайдай мөн үү? Их найнай өөрөө хор идэж үхсэн тул манай И тайтайд ямар хамаа байна. Хүнийг энэ мэтээр гутаан доромжилж болохгүй гэсэнд Жинь Гүйгийн эх:

-Чи хэн бэ гэж асуув. Шюэ Има хүнтэй болсондоо жаахан зоригжоод:

-Энэ бол манай садан Рүн Нин ордны хүн болой гэсэнд Жинь Гүйн эх:

-Өмөг түшиг бологч өнөр олон садантайдаа сая хүргэнийг минь шоронд суулгасныг чинь хэн мэдэхгүй вэ? Одоо охин минь ийнхүү талаар үхэж болох уу… гээд Шюэ Имаг татаж”, Чи охиныг минь чухам яаж алав. Над үзүүлээтэх” гэж зуурав. Жоу Жүйн эхнэр:

-Очоод л үзээч, татаж чангаах ямар хэрэг байна гээд хориглон түлхсэнд хүү нь гүйж ирээд:

-Чи харин ордны сүрд эрдэж ээжийг минь зодно уу гээд сандал авч шидсэн боловч оносонгүй.

Энэ дуу чимээгээр Бао Чайгийн бараа бологчид орж ирж Жөү Рүйн эхнэрийг зодуулуузай гэж болгоомжлон зэргээр хориглон зандрав. Эх хүү хоёр улангасан “Танай Рүн фү ордны сүр хүчийг мэднэ. Манай охин нэгэнт үхсэн тул одоо бид энэ амиар юу хийнэ” гээд Шюэ Имаг дахин дайрав. Эртний үгэнд “Нэг хүн амь цөлбөл түмэн эр тэнцэхгүй” гэдэгчлэн доорх хүмүүс хэдий олон боловч яаж хамгаалж чадах вэ!

Хэрүүл тэмцлийн яг ирэн дээр Жя Лянь, долоо найман хүн дагуулан ирж энэ байдлыг үзээд, эхлээд Шя овогтны хүүг чирэн гаргаж “Та нар түйвээж болохгүй. Үгээ сайхан хэлэх хэрэгтэй. Цаазын зурганы Лаое одоо ирж шарилыг шалгана” гэв. Жинь Гүйн эх улам улайрч байтал нэг Лаое хүрч ирэв. Түүний урд хэдэн хүн зандран орж ирсэнд бүгд гараа унжуулан зогсов. Жинь Гүйн эх энэ байдлыг үзээд Рүн Нин ордны ямар хүн ирснийг мэдсэнгүй. Анхандаа охиныхоо шарилыг үзээд урвуулж хөрвүүлж түйвээгээд явж гомдлоо мэдүүлнэ гэж бодож байжээ. Тэгтэл хүү нь хүмүүст чирэгдэн явснаас гадна эд нар амжаад албаны газар мэдүүлж, цаазын зурган ирж байцаана гэснийг сонсоод баахан суларчээ. Шюэ Има айсаар хэдийн гөлөрчээ. Тэгж байтал Жөү Рүйн эхнэр: “Тэд ирээд охиноо ч үзэлгүйгээр И тайтайд халдав. Бид аятайхан хориглож байтал гэнэт нэг залуу гүйж ирээд найнай нарын дунд ороод занчсан нь үнэхээр хууль дүрмийг эвджээ” хэмээн мэдүүлсэнд Жя Лянь: “Одоо түүнтэй ёс хэлэлцэх хэрэггүй. Мөд түүнээс асууна. Эр хүнд эр хүний газар байна. Дотор бол охид найнай нар цөм байна. Тэрчлэн эх нь охиноо үзэж чадахгүй юү? Тэр даруй булаан дээрэмдэхээр гүйж ирсэн биш, өөр юу байна вэ” гэж гэрийн ард бас айлгаж аргадсаар дарж авав. Жөү Рүйн эхнэр хүн олон болсон тул “Шя тайтай чи учир мэдэхгүй байна. Нэгэнт ирсэн бол учир шалтгааныг асууж тодорхойлох нь зүй болно. Охин чинь өөрөө хор идэж үхэв. Эсвэл Бао Чань эзэндээ хор идүүлсэн. Юуны учирт асууж лавлах ч үгүй, шарилыг ч үзээгүй байж яагаад хүн гүжирдэж байна вэ? Бид бэрээ зүв зүгээр үхүүлнэ үү. Одоо Бао Чанийг хүлж байна. Охин чинь, бага сага өвчтэй Шян Лингээр хань хийж нэг гэрт сууж байсан тул хоёулыг цөм тэнд сахиж байна. Та нарыг ирүүлж, цаазын зурганы шалгахыг нүдээр чинь үзүүлж байгаад учир тухайг олсугай гэсэн санаа болой” гэв.

Энэ үед Жинь Гүйн эх ганцаар болсон тул арга буюу Жөү Рүйн эхнэрийг дагаж охиныхоо гэрт оров. Нүүр дүүрэн хар цус бялтсан охиныхоо ханзан дээр тэрийн хөшсөн шарилыг үзээд гашуудан уйлав. Бао Чань гэрээсээ хүн ирснийг үзээд уйлж: “Манай эзэн сайхан сэтгэлээр Шян Линг дэргэдээ авч суусанд тэр харин зав олж хор идүүлжээ” гэж хашгирсанд, Шюэ овогтныхон баргаараа байсан тул “Чи битгий дэмий чалч. Найнай өчигдөр шөл уугаад үхжээ. Тэр шөлийг чи хийсэн биш үү” гэж зандрав. Бао Чань “Би шөлөө тавиад гарсан. Шян Лин босож ирээд юу хийж хоролсныг мэдэхгүй” гэсэнд Жинь Гүйн эх Шян Лингийн зүг зүтгэтэл бүгд хориглон зогсоов. Шюэ Има:

-Хүнцэлд хордсон бололтой. Энэ юм манайд байхгүй. Шян Лин, Бао Чань хоёрын нэг нь юм уу, хэн нэгэн хүн худалдан авчирсан нь лав. Цаазын зурганаас асуухаар үнэнээ хэлэх биз. Одоо бэрийг эвтэйхэн засаж тавиад албаны хүмүүс шалгахад бэлтгэ… гэсэнд түүнийг засаж тавив. Бао Чай:

-Бүстэйчүүл ирэх учраас бүсгүй хүний хэрэглэдэг юмыг далд тавь гэсэнд ханзны олбог дороос нухчихсан цаас гарч ирэв. Жинь Гүйн эх авч дэлгэн үзээд юу ч үгүй тул тэнд нь орхив. Тэгтэл Бао Чань хараад:

-Гэрч олдож байна. Энэ цаасыг би танина. Тэр өдөр найнай хариад дүүгээсээ авчран оо энгэсгийнхээ хайрцагт хийж тавьжээ. Түүнийг Шян Лин үзээд найнайд өгч уулган алжээ. Итгэхгүй бол та нар оо энгэсгийн хайрцагт үзэцгээ гэв. Жинь Гүйн эх, түүний хэлснээр хайрцгийг нээн үзвэл, хэдхэн мөнгөн хатгуур байв. Шюэ Има:

-Тэр их толгойн засал нь яасан юм бэ? гэсэнд Бао Чай, бусад авдар суулгыг нээлгэж үзэв. Цөм хоосон байв.

-Бэргэний юмыг хэн авсан бэ? Үүнийг Бао Чань л мэднэ гэсэнд Жинь Гүйн ээж, дотроо гэмтэй учир:

-Манай охины юмыг энэ яаж мэддэг юм бэ? гэв. Жөү Рүйн эхнэр:

-Худгуй та битгий ингэж яриач. Энэ Бао охин чинь өдөр болгон найнайтайгаа хамт байдаг байж, яагаад мэдэхгүй вэ… гэж тулган асуусанд Бао Чань булзааруулж болохгүй тул

-Найнай дандаа гэртээ аваачдагийг би харсан гэв. Тэнд байсан хүмүүс “Худгуй та үнэхээр чадаж байна. Охиноо мэхэлж хамаг юмыг нь авч барсан хойно үхүүлээд ирж бас манийг гүжирдэнэ. Мөд хүмүүс ирж байцаахаар та энэ бүхнээ хэлээрэй” гэцгээв. Бао Чай хүн дуудаж:

-Гадаа очоод Жя Ляньд, Шя овогтын хүнийг битгий тавиарай гэж хэл” гэв. Жинь Гүйн эх сандарч Бао Чаньд:

-Муу өлөгчин чи хэлээ билүүдэх хэрэггүй. Миний охин хэзээ гэр рүүгээ юм зөөж байсан юм бэ? гэсэнд цаадах нь:

-Одоо энд юмны учир бол бага. Охиныхоо амийг төлөх нь чухал гэв. Бао Чинь:

-Юмаа олбол амь төлөх хүнийг олж болно. Лянь ах тэр Шя овогтын хөвгүүний хүнцэл худалдаж авсан учрыг асууж хурдан тодорхойлбол, цаазын зурганд мэдүүлэхэд сайн болно гэсэнд Жинь Гүйн эх сандарч:

-Энэ Бао Чаньд чөтгөр лав оршсон байх. Дураараа чалчаад байна. Манай охин хэзээ хүнцэл худалдан авсан юм бэ. Тийм бол энэ Бао Чань л хор идүүлсэн байх гэв. Цаадах нь бачимдаж:

-Бусад хүн намайг гүжирдэх ч яамай. Та нар яаж намайг гүжирдэх нь юү вэ. Та нар охиндоо дандаа л эл хал үзэж болохгүй. Голомтыг нь харлатал түйвээж хаяад юмаа аваад ир. Дахиад нэг сайн хүнд очигтун гэж байсан биз дээ. Үгүй гэх нүү… гэтэл Жөү Рүйн эхнэр өлгөж аваад:

-Энэ бол танай гэрийн хүний хэлж байгаа үг шүү. Бас булхайлах уу гэж асуув. Жинь Гүйн эх араа шүдээ тас зууж, Бао Чанийг зүхээд:

-Би чамайг муу авч яваагүй. Чи яагаад намайг үгүйсгээд байгаа юм бэ. Мөд би чамайг ирсэн ноёнд хорлосон гэж мэдүүлнэ дээ гэв. Бао Чань уурлаж нүдээ бүлтэгнүүлээд:

-Тайтай Шян Линийг тавигтун. Хүнийг хилсдүүлэх хэрэггүй. Ноёнтой учирвал над хэлэх үг бий… гэсэнд Бао Чай, энэ үгний дотор учиртайг мэдээд харин Бао Чанийг тавиулж:

-Чи өдий ухаантай хүн байтлаа хэрэг хийлгүй хилсдэх учир юү билээ. Үгээ шууд хэлээд, учир тухайгаа олбол зүйл дуусах бишүү гэж асуув. Бао Чань ноёнтой учирч үйл тамаа эдлэхээс айж байсан тул,

-Манай найнай өдөр болгон “Миний мэтийн ийм хүн ямар үйлийн үрээр ийм нэг балай эхэд заяагаад намайг Эр Еэд өгөхгүй, харин ийм нэг эргүү амьтанд өгсөн байна. Эр Еэтэй нэг өдөр амьдарч чадвал үхсэн ч гомдолгүй” гэж хэлэх бүрдээ Шян Линд хорсдог юм. Эхэндээ би, овойлсонгүй, хожим нь Шян Линтэй эедсэнийг үзээд, тэр яаж яаж хуурсан юм бол гэж бодсоон. Өчигдрийн тэр шөлөнд учир байсныг мэдээгүй… гэтэл Жинь Гүйн эх өлгөн авч:

-Бүр ч дэмий чалчаад уналаа. Шян Линг хорлох гэсэн бол яалаа гэж биеэ хорлох юм бэ гэв. Бао Чай:

-Шян Лин чи өчигдөр шөл уусан уу? гэсэнд цаадах нь:

-Түрүү хэдэн өдөр өвдөөд өндийж чадахгүй байхад найнай намайг шөл уу гэхэд нь би үгүй гэж чадаагүй. Би хичээж оролдож байгаад бостол тэр аягатай шөлөө алдаад өөрөө тэр хавийг цэвэрлэсэнд миний дотор төвдөхгүй байсан. Өчигдөр бас шөл уу гэхийг сонсоод би ууж чадахгүй боловч арга буюу уух гэтэл толгой эргэлээ. Бао Чань эгч аваад явахыг хараад би баярлан нүдээ аньтал найнай өөрөө уугаад намайг амтал гэхэд нь би арай гэж хоёр оочсон… гэхэд нь Бао Чань:

-Тийм шүү. Би үнэнийг хэлье. Найнай Шян Линтэй ууна гэж надаар хоёр аяга шөл хийлгэсэн юм. Би дотроо Шян Лин яаж надаар шөл хийлгэж уухад хүрэх вэ гэж уурлаад, түүнд өгөх шөлөнд баахан давс хийж нүдлээд ортол найнай намайг хашиж өнөөдөр гэртээ харих тул гадаа гарч хөвгүүдээр тэрэг хөлслүүлээрэй гэсэн юм. Би явж тэдэнд хэлээд буцаж ирвэл давс ихтэй тэр шөл найнайгийн өмнө байв. Найнай уугаад шорвог байвал надад уурлана гээд би аргаа барж байтал тэр гарах таарсан тул би завдан Шян Лингийн аяга шөлийг солиод тавьчихсан. Хувь зохиол гэгч ийм л байдаг юм байна. Найнай эргэж ирээд шөлийг авч Шян Лингийн орны дэргэд очоод өөрөө уусаар “Чи амталж үз дээ” гэж шалсанд, Шян Лин шорвогийг ч анзааралгүй уучихсан. Энэ үхсэн чөтгөр найнай, Шян Линг хорлох гээд намайг гарах хооронд хүнцэл цацаад, миний аяга сольсныг ч мэдэлгүйгээр аваад уусныг би яаж мэдэх вэ. Харин Шян Линг амт мэдэхгүй гэж дооглож байлаа. Энэ үнэхээр “Эргэх шийдэм эзэндээ” гэгч болжээ. Бүгд л хойно өмнийг эргэцүүлэн бодвол яв цав таарсан тул Шян Линг оронд нь түшин аваачиж хэвтүүлэв.

Жинь Гүйн эх үнэн явдлаас айхдаа бас маргалдаж гүжирдье гэсэн боловч Шюэ Има нар ам амандаа дуугарсаар сүүлдээ түүний хүүгээр хүүхний амийг төлүүлнэ гэв. Ийн ярилцаж байтал гаднаас Жя Лянь “Олон үг хэрэггүй ээ. Хурдхан базааж зүглүүлэгтүн. Цаазын зурганы Лаое нар удахгүй ирнээ” гэж хэлэв.

Энэ үед Шя овогтны эх хүү хоёр бодвол эрхгүй юм дуулах тул айн сандарч арга буюу Шюэ Имагаас “Түмэн буруу, мянган буруу болсон ч цөм л миний үхсэн охины өөдгүйгээс болжээ. Даруй өөрийн хороон өөрөө амссан явдал болжээ. Цаазын зурганаас ирж шалгавал, ордны нэр нүүрт бас муухай болох тул худгуй тайтай энэ учрыг буцаж өнгөрүүлэх болов уу гэв. Бао Чай:

-Тэр харин горьгүй ээ. Нэгэнт мэдүүлсэн тул яаж буцаж болох вэ гэв. Жөү Рүйн эхнэр мэтийн хүмүүс бүгдээр аргадахтай, айлгахтай хориглож “Хэргийг буцна гэвэл, хиа худгай та өөрөө гарч байцаахыг хоригловол болно. Бид ийм тийм гэхгүй байж байвал барав” гэж хэлэв. Гадаа Жя Лянь, түүний хөвгүүнийг айлгасан тул тэрбээр дуртайяа цаазын зурганы өмнө баталбар өргөж, байцаахыг хориглох1 болсонд бүгдийг дагав. Шюэ Има авс худалдаж авчирч бэрээ оршуулсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Юйцүнь нийслэлийн Фү-гийн эрхэлсэн түшмэлд2 дэвшиж бас гааль гувчуурыг хамтран захирав. Нэг өдөр хагалсан тарианы газрыг шалгах гэж нийслэлээс гарч явсаар түргэн урсгалт голын оломд хүрээд гол гатлах гэж улаа нэхэх хүнийг хүлээх тул сүйхээ зогсоож түр амсхийв. Харж байвал тосгоны дэргэдэх хашаа хэрэм нураад хэдэн бүдүүн нарс нь ил гарсан нэг жижиг сүм байв. Юй Цүнь сүйхнээсээ бууж сэлгүүцэн явсаар сүмд орж үзвэл, сүмийн бурхдын алт нь холцорч дуганы суурь хазайгаад, хажуугийн хугархай хөшөөний үсэг нь балраад юү гэж байгаа нь танигдахгүй болжээ. Ар талын дуганд очъё гээд алхтал нэг суурь ногоон арцны сүүдэрт нэг тасалгаа өвсөн гэрийн бүрх харагдаж байв. Дотор нь нэг бумба нүдээ анин наманчилж сууна. Юй Цүнь дэргэд нь очвол зүс царай нь их танил, хаа нэг газар үзсэн мэт санагдсан ч бодоод бодоод олсонгүй. Бараа бологсод нь дуугаргая гэтэл Юй Цүнь хориглож зөөлхөн явж өмнө нь очоод: “Их бумба” гэж дуудав. Бумба нүдээ нээгээд инээмсэглэн: “Эрхэм ноён ямар учиртай вэ” гэсэнд Юй Цүнь:

-Би нийслэлээс гараад ажил шалган явах зуураа энүүгээр өнгөрвөл их бумба та сул сэлүүнээр бясалган сууж байна. Бодвол бумбын ёсонд гүн нэвтэрсэн тул аймшиггүй сургаалыг хүртсүгэй гэнэ гэв. Тэр Бумба: “Ирсэн газар бий. Очих зүг бий” гэжээ. Юй Цүнь энэ үгийг учиртай гэж бодоод мэхийн ёсолж:

-Их бумба аль орноос бясалгалд ороод энэ газарт шигдэн сууна вэ? Энэ сүмийн нэр юү вэ? Сүмд хэдэн хүн байна вэ? Үнэнхүү бясалгасугай гэвэл нэрт уул үл олдох буюу. Бодь мөрийг олсугай гэвэл юунд үл бадарчлан хэснэ вэ гэсэнд өнөөх бумба:

-Хултад хоргодож болох байтал нэрт ууланд нутаглах юу байна вэ? Сүмийн нэр хэдийн балраад, хугархай хөшөө хэвээр байна. Бие сүүдэр харилцан дагалдах тул бадарлан бясалгах учир юу байна вэ? Яахин тэр “Хаш эрдэнэ авдар дотор их үнийг хүсэж, хатгуур чимэг хайрцаг дотор нисэх цагийг хүлээх” гэгчидтэй адил байж болно вэ” гэжээ. Юй Цүнь бол ухаантай хүн тул эхлээд “Хулт” гэх нэрийг сонсож, дараагаар нь “Хаш, хатгуур” гэгч нэг уянгыг сонсмогц даруй Жэнь Шыиний учрыг санаж, дахиад тэр бумбыг нарийвчлан ажиглавал, өнгө зүс уг хэвээр байсан тул даруй дагалдагсдаа холдуулаад “Эрхэм та Жэнь их абугай мөн үү” гэж асуув. Бумба инээмсэглэж:

-Юуны Жэнь /үнэн/ юуны Жя /худал/ гэнэ вэ? Үнэн гэгч даруй худал, худал гэгч даруй үнэнийг мэдэх хэрэгтэй гэжээ. Юй Цүнь, Жя гэх үгийг сонсоод ердөө сэжиггүй болж, дахин ёслоод “Шавь би, эрхэм таны харамгүй туслалаар нийслэл ороод, хишгээр албаны тэрэг унаж3 эрхмийн нутагт тушаалыг хүлээн очоод сая их абугай таныг ертөнцийн өнгийг мэдэж, эгэл орчлонгоос зайлаад, аршийн оронд заларсныг олж мэдсэн. Шавь би хэдийгээр чин сэтгэлээр санан мөрөөдсөн боловч өөрийн бие бол бор тоосны эгэл тушаалтан тул хувилгаан нүүрийг дахиж олж харахыг огт санасангүй болой. Өнөөдөр энэ газарт золгосон нь яасан их завшаан бэ? Их хувилгаан та, миний балар мунхгийг тайлах болов уу. Хэрэв өршөөл хайрлаж, жигшихгүй бол нийслэл дэх гэр хорго холгүй тул шавь би дуртайяа залан аваачиж, өглөө үдэш сургаалыг хүртмээр байна гэсэнд тэр бумба бас босон зогсож хариу ёслоод:

-Би бол зэгсэн дэвсгэрээс4 өөр юм тэнгэр газрын хооронд байхыг мэдэхгүй. Сая эрхэм ноёны хэлсэн зүйлийг ядуу бумба нэг ч ухаарсангүй гээд суудалдаа суув. Юй Цүнь дахин бас сэжиг төрж “Шыинь биш гэвэл, өнгө зүс, үг яриа нь яасан адилхан бэ. Салж ангижраад арван есөн жил болсон боловч зүс царай угийн хэвээр байх нь бодвол лав бүтээлийг олж урьдын учраа илрүүлэх санаагүй болжээ. Гэтэл би нэгэнт ачит абугайтай золгосон тул яахин харсаар хараагүй мэт өнгөрч болох вэ. Үзвэл, баян эрхмээр түүнийг хөдөлгөж чадахгүй тул эхнэр хүүхдийг нь нэн хэлэх газаргүй болой гэж бодоод, хувилгаан багш та, хэдий урьдын явдлыг илрүүлэх дургүй боловч шавь миний сэтгэлд яахин төвдөж болно вэ? гэсээр мөргөхийг завдтал гаднаас дагагсад нь орж ирээд орой болсон тул түргэн гол гаталъя гэж мэдүүлэв. Юй Цүнь арга ядаж байтал өнөөх бумба: “Эрхэм ноён түргэн гол гатлагтун! Эргэж уулзах цаг байна. Оройтвол агшин зуур салхи, давалгаа дэгдэнэ. Голохгүй бол ядуу бумба би хожим олмын тэнд хүлээсүгэй” гээд нүдээ аньж наманчлан суув. Юй Цүнь арга буюу бумбаос салж сүмээс гараад гол гатлах гэж байтал гэнэт нэг хүн нисэх мэт харайн хүрч ирэв. Ямар хүнийг мэдье гэвэл дараах бүлэгт үзэгтүн!

Тайлбар:

1.Баталбар өргөж байцаахыг хориглох-Хуучин үед хэвийн бусаар үхсэн хүнийг албанаас шалгахаар ирэхэд, үхсэн хүний төрлийнхнөөс үхсэн явдалд сэжиггүй гэж хэрэг зарга болгохгүй гэж баталбар өргөж, шарилыг шалгахаас хэлтрүүлэхийг хэлнэ.

2.Нийслэлд фүгийн эрхэлсэн түшмэл-Хань улсын үед байсан нийслэлийн засгийн хэргийг хамаарах түшмэлийн тушаал, Чин улсын үед байгаагүй боловч зохиогч зээлж хэрэглэжээ.

3.Албаны тэрэг унаж-Орогсод болохыг хэлнэ. Хань улсын үед ордны шалгалтад орох хүнийг албаны тэрэг унаагаар угтаж авдаг байсан тул “Албаны тэрэг” гэдэг үг хожим орогсод бологчдыг хэлэх болжээ.

4.Зэгсэн дэвсгэр-Бумба хүн даяанд суух ба ном бясалгахад дэвсдэг зэгсээр сүлжсэн дэвсгэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж