ОХУ-ын долоон олигарх болон засгийн газрын өндөр албан тушаалтай 17 хүнд АНУ хориг тавьжээ. Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллийн хүмүүс болох тэдгээр олигархуудын эзэмшдэг 12 компани болон зэвсэг нийлүүлэгч компани, мөн нэг банкны хөрөнгийг царцаасан байна.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өчигдөр мэдэгдэл гаргахдаа “ОХУ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоны хариуд авч буй энэ хориг арга хэмжээ ОХУ-ын авлигын сүлжээнээс олдог ашгийн эх үүсвэрийг хаах зорилготой” гэжээ. Тэрбээр мөн АНУ-ын энэ хориг бол ОХУ Крымийг өөртөө нэгтгэж, Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж буйд авч буй хариу хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин ОХУ-ын Засгийн газрыг кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна хэмээн буруутгасан байна.
Өнгөрсөн сард АНУ ОХУ-ыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, өргөн хүрээтэй кибер ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Оросын 19 иргэнд хориг тавьсан юм.
Мөн ИХ Британид болсон химийн халдлагатай холбогдуулан АНУ ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөн гаргасан билээ.
АНУ-аас хориг тавьсан Оросын олигархуудын дунд тэрбумтан, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска багтжээ. Түүнийг Трампын сонгуулийн кампанит ажлыг хариуцан ажиллаж байсан Пол Манафорттой холбоотой гэж сэжиглэж байгаа юм.
Мөн Оросын тэргүүн баян гэгддэг Сулейман Керимов багтжээ. Түүний гэр бүлийнхэн Оросын алтны хамгийн том ордыг эзэмшдэг бөгөөд түүний нийт хөрөнгө нь 6.3 тэрбум ам.доллар ажээ.
Мөн Путины хүргэн Кирилл Шамалов, ОХУ-ын Ерөнхий сайд асан Виктор Зубков, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Путины зөвлөх Евгений Школов нарын хөрөнгийн царцаасан байна.
Эх сурвалж:BBC