Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой АТГ-аас дуулианm баривчилгаа явуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, ‘Эрдэнэс Монгол’-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Н.Ариунсан нарыг саатуулан хориод байгаа. Шүүхээс тэднийг яллагдагчаар татаж, нэг сар хорих шийдвэр гаргасан билээ. Тэдний баривчлах үндэс болсон Оюутолгой, Дубайн гэрээ Монголд үнэхээр ашигггүй болсон уу. Энэ талаар Шведэд суугаа Монгол Улсын Элчин сайд М.Энхсайханы бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Улс төр нь хаана яваа, хууль эрх зүй нь хаана яваа нь улам бүр мэдэгдэхгүй бантагнаж байгаа энэ цаг үед цочирдмоор нэг үйл явдлын гэрч бид бүгд болчих юм. Төв талбай дээр нэг хэсэг хүмүүс “Оюутолгойн гэрээгээр сор залав”. Уламжлалаа хадгалья гэвэл энэ явдлын дараачийн алхам нь хүн, малын амиар тахил өргөх явдал юм.
Тахил өргөх ажлыг хууль хяналтын байгууллагаар гүйцэлдүүлэх гэсэн мэт үйл явдал ар араасаа өрнөх шинжтэй. Ялангуяа “Дубайн гэрээ” гэгчээр баривчилгаа хийж, мэдүүлэг авч байгаагаа зарлах нь Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж байгаа бодлогод яавч сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой юм. Оюутолгой төсөл Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш хэрэгжсэн анхны цор ганц мегатөсөл юм. Буруу зөв ойлгох зүйл зөндөө бий. Энэ талаар миний бие мөн ч олон бичиж, ярьж, олон ч хариуцлагатай хүмүүст захидал бичиж байж билээ. Ойрмогхон болж байгаа үйл явдлаас санаа зовинож Оюутолгойн төсөлтэй холбоотой зарим нэг зүйлийг зориуд хэлэх нь зүйтэй санагдаж байна. Нуулгүй хэлэхэд ойлголтоо нэг мөр болговол дээр дооргүй буруу улс төржих нь татрах боловуу гэж горьдсных. Болгооно уу.
Оюутолгойн төсөл дээр ТЭЗҮ хэдэн удаа боловсрогдох вэ?
Манайхны нэлээд нийтлэг алдаатай бодол бол Оюутолгой төсөл дээр ТЭЗҮ нэг л удаа боловсрогдох ёстой хэмээн боддог. Гэтэл Оюутолгойн төслийн хувьд тийм биш юм. Учир нь нээлттэй мэдээллээр бол Оюутолгойн орд геологийн тогтоцын хувьд зургаан биетээс бүрдэж байгаа. Оюутолгой төсөл ил уурхайгаас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд энэ хугацаанд далд байгаа биетүүд дээр үе шаттайгаар геологийн нарийвчилсан судалгаа хийгдэж таараа. Геологийн судалгааны үр дүн үр ашигтай үйлдвэрлэл явуулах бололцоотой гэвэл тэдгээрийг бэлэн болох хэмжээгээр нь ашиглах юм. Ингэхээр тодорхой хугацааны дараа ТЭЗҮ дахин дахин боловсрогдож байх ёстой болно. Наад зах нь 5-6 удаа ТЭЗҮ гарах юм байна гэвэл гайхах зүйл байхгүй.
Оюутолгой төсөл хэдэн удаа санхүүжилт босгох ёстой вэ?
Манайхны бас нэг нийтлэг алдаатай бодол бол Оюутолгойн төсөл нэг удаа хөрөнгө мөнгө босгоод амар сайхандаа жаргах юм шиг боддог. Ингэж сэтгээд байгаа нь орд газрын тогтоцыг ойлгоогүй, ТЭЗҮ нэг л удаа байх ёстой гэж буруу ойлгосонтой холбоотой бөгөөд дээр нь Оюутолгойн төсөл үр ашгаа өгөхийн тулд асар их зардал гаргадаг гэдгийг ойлгоогүй буюу ойлгосон ч санаатай улс төржүүлдэгээс болж байгаа юм.
Орд газруудын биетээс хамаараад Оюутолгойн төсөл 100 жилийн төсөл хэмээвээс дэлхийн зах зээл дээрээс санхүү босгох үйл ажиллагаа мөн л 5-6 дахин хийгдэх болно. Энэ талаар Lazard компанийн хөрөнгө оруулагчдад хийж өгсөн слайдыг харуулья.
Оюутолгой мэт Уул уурхайн мегатөслийг ойлгохгүйгээсээ бөөн хэрүүл уруул байгаа шигээ өнөөдрийнхөөрөө байвал дээрх слайдыг хараад монголчуудын хувьд 21 дүгээр зуун тэр чигээрээ хэрүүлийн зуун болчих нь гэж бодогдохгүй байна уу. Үгүй биз дээ. Би хувьдаа өөдрөг байгаа.
“Дубайн гэрээ” гэгчийн тухай!
Оюутолгой төсөл ажиллаж эхлэхийн тулд хөрөнгө оруулалтын болон хувьцаа эзэмшигчдийн гэсэн 2 төрлийн том гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээнүүд өөрчлөгдөөгүй. Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан эдгээр гэрээг өөрчлөөгүй. Засгийн газар дээр ийм асуудал яригдаагүй.
Оюутолгой төсөл дараачийн шатны хөрөнгөө босгож, зардал гаргаж, үр ашигтай ажиллахын тулд Санхүүжилтийн төлөвлөгөөгөө Дубайд гарын үсэг зурсан байдаг. Оюутолгой төсөлд Монгол Улс 34 хувийн оролцоотой бөгөөд тэрхүү оролцоог Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хэрэгжүүлэгч байгууллага нь ‘Эрдэнэс МЖЛ’ юм. Тэр нь санхүүжилтийн төлөвлөгөөгөө батлахын өмнө Засгийн газраас зөвшөөрөл авсан хэрэг. Бүх зүйл Засгийн газрын эрх зүйн чадамжтай орчинд хийгдсэн бөгөөд Үүнийг нь “Дубайн гэрээ” хэмээн цоллож төслийн анхны хөрөнгө оруулалтын гэрээг үндсээр нь өөрчлөөд хаясан мэт хоосон улс төржүүлэх нь популист улс төрчдөд л хэрэгтэй зүйл байх. Үнэн гэж байдаг бол тогтоогдоно бизээ.
Засгийн газар хийж байсан ажлаа нууж хааж байсан зүйл байхгүй. Нотолгоо нь тухайн үедээ ил болгож байсан Дубайд үзэглэсэн “ОТ-н далд уурхайн бүтээн байгуулалт,санхүүжилтийн төлөвлөгөө”-г zasag.mn сайтаас татаж та бүгдийн хүртээл болгож байна. Дараахь холбоосоор үзнэ үү. https://paxmongolicadotorg.files.wordpress.com/2018/04/ot2-business-plan.pdf
Далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хэрэгтэй вэ?
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь төслийн нийт үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үр ашиг яагаад нэмэгдэх вэ гэхээр боловсруулалтад орж байгаа хүдэрт агуулагдах металлын агууламж нэмэгдэж байгаатай холбоотой юм.Нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасах хэмжээгээр үр ашиг нь нэмэгдэхэд Оюутолгойн өгөөж нэмэгдэж манай төсөвт өгөх татвар хураамж хүртэл өснө. Түүнээс илүүтэйгээр далд уурхайн бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцсоноор манай эдийн засагт эерэг нөлөөтэй юм.
Дубайд үзэглэгдсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд далд уурхайн долоон жилийн бүтээн байгуулалтаас Монголчуудад ямар үр өгөөж ирэх вэ гэдгийг он оноор нь ингэж үзүүлжээ.
Монголын эдийн засаг уналтаас гарахад Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал чухал байсан бөгөөд өнөөдөр үр шимийг нь амсаж байгаа. Гэсэн хэдий ч амжилт маань эмзэгхэн байгаа гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.
Холбоотой мэдээ