Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Энэ амралтын өдрүүдэд юу үзэхээр төлөвлөсөн бэ? Үзвэрийн хуваарийг хүргэе.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Эцсийн зогсоол зөвхөн чи”, “Би эндээс явахгүй” жүжгийг толилуулах гэж байна.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРТ:

Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэлмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн найруулагч Н.Наранбаатарын найруулга “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг өнөөдөр тоглох гэж байна. Харин маргааш театрын тайзнаа Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг тоглох юм.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР:

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр, маргааш “Чингис хаан” дуурийг тоглох гэж байна. Тус театрын уран бүтээлчид 2003 оны тавдугаар сарын 3-д “Чингис хаан” дуурийг анх тайзнаа тавьж байжээ. Тус дуурьт зөвхөн Их хаан Чингис хааны тухай биш монголчуудын аж байдал, XIII зуунд яаж амьдарч байсан, ямар зөрчил, тэмцэл тэнд явагдаж байсан бэ гэдгийг үзүүлэхийг зорьсон байдаг.

“Чингис хаан” дуурь нь 2003 оноос хойш УДБЭТ-ын урын сангийн байнгын бүтээл болж тайзнаа тасралтгүй тоглогдож байсан бөгөөд 2016 онд буюу 13 жилийн дараа тайзны шинэчилсэн найруулга хийж үзэгчдэд хүргэж байсан юм. Тэгвэл энэхүү дуурийг энэ амралтын өдрүүдэд үзэх боломжтой бөгөөд дуурь 17:00 цагаас эхэлнэ.

УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР.:

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид амралтын өдрүүдэд “Том хамарт тоорой” жүжгийг хүүхэд багачуудад хүргэх гэж байна. Энэхүү жүжиг нь ид шидийн учрыг тайлах сайхан сэтгэлт Яков хүүг үзэшгүй муухай том хамартай бөгтөр нуруутай болгон хувиргана. Мөн уг улсын Мими гүнжийг ч галуу болгон хувиргасан байдаг. Тиймээс энэ хоёр нэгдэж, хар хүчний хүчээр дэлхийг захирах гэсэн шулмасны санааг зогсоодог. Тодруулбал, хааны ордны номын сан дахь шидэт номыг хайж олон бүх зүйлийг хэвэнд нь оруулж, амар сайхандаа жаргана.

БУСАД:

  • Улсын филармоны гоцлол дуучин Т.Солонго “Маршал таун” хотхонд байрлах “On’n Off production house”-д Wine and Jazz тоглолтоо толилуулах гэж байна. Түүний тоглолтод төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх оролцоно. Тоглолтод өөрийн уран бүтээлээс гадна гадаад жазз дуунуудыг дуулах юм байна.
  • Гэр бүл, сэтгэл судлалын доктор, сэтгэл зүйч, зохиолч Г.Наранбаатарын “500 дахь тайзны” баярт зориулсан “Үнэхээр …” лекц Улаанбаатар чуулгын тайзнаа болох аж. Тэрбээр “Бусдад сэтгэлийн дэм өгөх хүүхэд насны мөрөөдлөөр жигүүрлэн явсаар нэг л мэдэхэд 500 удаа тайзан дээр гарчээ. Өнөөдрийг хүртэл илтгэж байсан хамгийн шилдэг гэсэн илтгэлүүдээ түүвэрлэн нэг үдшийг та болон таны хайртай хүний хамт өнгөрүүлэх гэж байгаадаа баяртай байна.” Гэсэн байна. “Үнэхээр …” лекцийн үеэр урлагийн тоглолт болох бөгөөд тэрбээр олон олон гэнэтийн бэлэг бэлджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж