Байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж гардууллаа

Байгаль хамгаалагчдад тоног төхөөрөмж гардууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвөлгөөний үеэр Герман-Монголын Хөгжлийн хамтын ажиллагааны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль хамгаалагчдад компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгсэл гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Штефан Дуппел болон албаны бусад хүн байлаа.

Хан хэнтийн, Дорнод, Орхоны хөндийн, Хангайн нурууны, Зэд хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Увс нуур орчмын ай сав газар,  Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад энэхүү тоног, төхөөрөмжийг гардуулсан юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжихэд эдгээр компьютер, тоног төхөөрөмж, хээрийн судалгааны хэрэгслүүд нь чухал ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд хээрийн судалгааны багаж хэрэгсэл болон Орчны бүсийн сургалт мэдээллийн төвийн компьютер тоног төхөөрөмж олгохын сацуу хамгаалалтын захиргаадыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, вебсайтуудыг шинэчлэн боловсруулсан байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэж өгч буй энэхүү техник, тоног төхөөрөмж нь ТХГН-ийн менежментэд Орчны бүсийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн иргэдийг байгаль орчны мэдээллээр хангах, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн хээрийн судалгаа, хяналт мониторингийн  ажлыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм. Тус төслийг санаачилж, санхүүжүүлсэн, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй ХБНГУ-ын Засгийн газар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Германы Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь Төлөөлөгчийн газар, Сангийн яам болон дэмжин ажиллаж буй бусад албаны хүмүүст БОАЖЯ-ны өмнөөс болон хувиасаа гүн  талархал илэрхийлье” гэлээ.

Элчин сайд ноён Штефан Дуппел үг хэлэхдээ: “Монгол орны хосгүй байгальд аюул нүүрлээд байна. Монгол Улс, Монголын ард түмэн болон дэлхийн нийтийн сайн сайхны төлөө бид хамтын хүчин зүтгэл гарган, байгаль орчноо хадгалан хамгаалах шаардлага тулгарч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Германы Засгийн газраас 4 дэх удаагаа Монгол орны тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад өндөр чанартай тоног төхөөрөмж олгон дэмжлэг үзүүлсэн. Энэ нь бидний хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн үйл ажиллагаа өргөн уудам газар нутгийг хамгаалдаг байгаль хамгаалагчдын ажилд дэмжлэг үзүүлж, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихийн зэрэгцээ биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад газар дээр нь ихээхэн хувь нэмэр оруулан, эерэг үр дүнтэй хэрэгжиж байгааг илтгэж байна. Ийнхүү бодит эерэг үр дүнтэй байгаа тул Германы талаас тус төсөлд нийт 31 сая евро олгоод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, түүний баг болон төслийн хэрэгжилтэнд оролцож байгаа бусад бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье” гэв. 

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл нь ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжиж, Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Монгол-Германы Хөгжлийн хамтын ажиллагаа эдүгээ 25 гаруй жилийн турш нягт хөгжиж ирсний нэгэн тод жишээ юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж