Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудтай уулзав

Боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудтай уулзав

УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудтай нь уулзаж, ярилцлаа.

Төлөөлөгчид БНСУ-ын Дээд боловсролын асуудал хариуцсан дэд сайд И Жин Сөг-тэй уулзах үеэрээ монгол оюутан, залуусыг БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах боломж олгож буйд талархал илэрхийлээд цаашид Солонгос Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад судалгааны их сургууль байгуулахад солонгосын туршлагаас судлах, монголын их дээд сургуулиудын салбарыг БНСУ-д нээх зэрэг асуудлыг хөндөн ярилаа.

И Жин Сөг дэд сайд “Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсаас БНСУ-д суралцах оюутны тоо өсч байгаагаас харагдаж байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дэлхийн 155 орны оюутан солонгост суралцаж байна. Монгол Улсад оногдож буй квотын хэмжээ 3 дугаарт орж байна. БНСУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх өөр боломжууд бий. МУИС, Сөүлийн Үндэсний Их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд СҮИС-ийн тэтгэлгээр оюутан сургах боломжтой. Судалгааны их сургууль байгуулах тухайд бид Та бүхэнтэй хамтран ажиллах боломжтой. Солонгост улсын 40, хувийн 160 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн СҮИС гэлтгүй бусад сургуулиудтай хамтран ажиллах санал тавьбал бид дуртайяа хүлээн авах болно” гэв. 

УИХ-ын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Сөүлийн Үндэсний Их сургуулийн ерөнхийлөгч Сөн Наг Ин-тэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, БНСУ-ын дээд боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, Азийн шилдэг сургууль СҮИС-тай МУИС хамтын ажиллагааны гэрээ байгуулан идэвхтэй хамтран ажиллаж, СҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгээр монгол оюутнууд тус сургуульд амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсаас СҮИС-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Төлөөлөгчид СҮИС-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. СҮИС нь БНСУ-ын шилдэг сургуулиудын нэг бөгөөд энэ сургуульд суралцаж буй монгол оюутнуудын ихэнх нь солонгосын Засгийн газрын тэтгэлгээр агаарын бохирдол, нийгмийн эрүүл мэнд, олон улсын спортын менежмент, хувцас дизайн, барилгын инженер, газар хөдлөлт, математик, мэдээллийн технологи, эдийн засаг, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр, магистер, докторын зэрэг хамгаалахаар суралцдаг байна. Сургуулиа төгсөөд нутаг буцахад ажлын байраар хангах, гадаадад сургууль төгссөн монгол оюутнуудыг буцаад эх оронд нь татах чиглэлээр бодлогын түвшинд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг оюутнууд УИХ-ын гишүүдээс хүсч байв. УИХ-ын гишүүд оюутан залуусын хэлсэн санал бодлыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлэв. 

Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Ханян их сургуулийн “Эрика” инновацын цогцолбор хотхон, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж